top of page

Сурагчид өөрсдөө барилгын хүртээмжийг үнэлжээ


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн форумд оролцсон сурагчид өөрсдөө сургууль болоод дотуур байрныхаа хүртээмжтэй байдлыг үнэлжээ. Ингэхдээ тэд хамгийн түрүүнд ямар асуудал, саад, бэрхшээл байгааг тодорхойлж сурахын тулд чадавхжуулах сургалтад хамрагдсан байна. Улмаар үнэлгээний хуудас боловсруулан, хүүхдүүд өөрсдөө явж, зураг дарж, баримтжуулж судалгаагаа хийсэн байна.


Уг үнэлгээг хийж эхлэхээс дуусах хүртэл нь Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ болон Монголын үндэсний тэргэнцэртэй иргэдийн холбоо ТББ-аас зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллажээ.


Өөр өөр төрлийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 15 хүүхэд гурван багт хуваагдан, сургууль болон дотуур байрны дотоод, гадаад орчныг үнэлсэн байна. Ингэхдээ хүртээмжтэй орчинд тавигдах стандартыг


Сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүртээмжтэй байдал 72 хувьтай байна

Сургуулийн орчныг нийт 53 үзүүлэлтээр үнэлж, эрсдэлийг гурван түвшинд хуваан дүгнэсэн байна. Улмаар сургуулийн орчны хүртээмжтэй байдал 72 хувь хангагдсан бол 7 үзүүлэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шууд аюул учруулахуйц эрсдэлтэй байна гэлээ. Үүнд сургуулийн гадна орчны явган хүний зам, биеийн тамирын заал, заалны хувцас солих өрөөнүүдийн зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөлд тохирохгүй байжээ. Мөн анхны тусламжийн хайрцаг, аюулгүйн  гарц, ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн нөхцөлүүдийг сайжруулах хэрэгтэй гэж хүүхдүүд тайландаа тусгасан байна.


 Сургуулиас гараад л аюултай, эрсдэлтэй орчин угтаж байна гэв

Дотоор орчин харьцангуй хүүхдэд хүртээмжтэй байгаа хэдий ч сургуулийн гадна орчны нөхцөл байдал тааруу байжээ.


Өөр өөр төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн бэрхшээлийн онцлогоос хамаарч үнэлгээ өгч нэгтгэхэд эрсдэлгүй хувь нь 68, харин эрсдэл ихтэй хувь нь 24 байжээ.


Жишээ нь ,харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй ямар ч хүүхэд хамтдаа алхаад явахад аюулгүй зам талбайтай байвал тэргэнцэртэй хүүхэд ч тэр замаар явж болохоор байгааг хүүхдүүд анзаарчээ. 


Аюулын эрсдэл дагуулж байгаа зүйлсийг тайланд дараах байдлаар тусгажээ. Үүнд:

  • Сургууль автомашины хөдөлгөөн ихтэй замаас 50 метрээс дотогш зайд байрласан

  • Сургуулийн ойролцоох явган хүний гарцын тэмдэглэгээ бүдгэрсэн

  • Хурд сааруулагч, гэрлэн дохио, дуут дохио зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ, аюулгүй байдалд нийцсэн хүртээмжтэй шийдлүүдийг бий болгоогүй

  • Сургуулийн үүдний хэсэг нь хүйтний улиралд мөстөж, халтиргаа ихтэй болдог. Энэ нь хүүхдүүд унаж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

  • Сургуульд гадаа спортын талбай байхгүй нь сурагчдын биеийн тамирын болон хөдөлгөөн хийх хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлж байгааг тус тус тодорхойлжээ.

Мөн хүүхдүүд сургууль орчмын хогны асуудлыг ч хөндсөн байна. Сургууль хэдий зориулалтын хогийн цэгтэй ч хог хаягдлыг тогтмол ачдаггүй.
Харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд байнга зорчдог зам дагуу хамгаалалтгүй траншейны нүх, замын гадаргуугаас таван сантиметрээс доош байрлажээ.

Найман хүүхэдтэй өрөөнд нэг л ширээ сандал байна


Дотуур байрны хувьд нийт үнэлгээний 77 хувь нь эрсдэлгүй эерэг нөхцөлийг бүрдүүлсэн. Гэвч аюулгүйн гарцын тэмдэглэгээ болон гал унтраах хэрэгсэл нь байгаа ч хүүхдүүд тэдгээрийг хэрхэн яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаагаа үнэлгээ хийх үедээ олж мэджээ.


Мөн дотуур байрны өрөөнд ширээ сандлын хүртээмж хангалтгүй, нэг өрөөнд найман хүүхэд байгаа ч ердөө нэг ширээ сандал байгаа нь хүүхдийн сурах, амрах орчныг хязгаарлаж байна гэж дүгнэжээ. Үүнээс гадна дотуур байрны нэг сурагчид оногдох талбай дөрвөн м²-ээс бага байгаа нь стандарт мөрдөөгүй байгаагийн нэг жишээ болжээ. Энэ мэт хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч, амьдрахад үүсэж байгаа зөрчлүүдийг арилгахад шаардлагатай, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн зөвлөмжийг гаргасан байна.


Мөн тэд өнөөдөр уг хүртээмжтэй байдлын үнэлгээгээ "Миний дуу хоолой-Бидний эрх" форумын үеэр олон нийтэд танилцууллаа.


Зөвлөмж

1.    Сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах:

  • Сургуулийн бүсэд явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээг тодруулах, хурд сааруулагч, гэрлэн дохио зэргийг байршуулах

  • Явган хүний замын налууг стандартын дагуу хийх 

  2. Сургуулийн дотор орчныг сайжруулах: 

  • Хүүхдийн биеийн хөгжил, эрүүл мэнд, чөлөөт цагийн идэвхтэй оролцоог дэмжих зорилгоор зориулалтын спортын талбай, заал тоглоомын талбайг байгуулах,

  • Сургуулийн хичээлээс гадуурх биеийн тамирын болон чөлөөт цагийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ойролцоох ерөнхий боловсролын сургууль, байгууллагын спорт заал, талбайг хамтран ашиглах боломжийг эрэлхийлэх

  • Сургуулийн болон дотуур байрны орчинд байрлах аюулгүйн гарц, гал унтраах хэрэгслийн байршил, ашиглах зааварчилгааг ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр байршуулах, тогтмол сургалт дадлага зохион байгуулах

3.    Дотуур байрны орчныг сайжруулах:

  • Дотуур байрны материаллаг орчныг холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн нөхцөл байдлыг сайжруулах бодлого боловсруулах

  • Сургуулийн болон дотуур байрны орчинд гаднын хүн нэвтрэхэд тавигдах хяналт, бүртгэл, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох

  • Эцэг эх, багш, ажилтнууд болон сурагчдад цахим хэрэглээтэй холбоотой эрсдэл, аюулын талаар ойлголт өгөх, цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалтыг тогтмол зохион байгуулах 


댓글


bottom of page