top of page

О.Адъяасүрэн: Хүүг чинь бооцоотой уралдуулсан гэж дам яриагаар сонссон. Ядаж хамгаалалтын малгай, хувцсыг нь өмсгөчихгүй дээ

  • Mar 2
  • 4 min read
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг

Сар шинийн баярын өмнөхөн буюу 2 дугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Галт суманд 11-хэн настай жаахан хүү хэзээ ч эргэх ирэхгүй энэ хорвоогоос одлоо. Хүүг морины ажил хийлгэхээр гэрээс нь авч явсан ч, эмнэлэгт амьгүй хүргэгдэнэ гэж ар гэр нь хэзээ ч төсөөлөөгүй биз ээ. Хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон цаг хугацаанд энэ эмгэнэлтэй явдал болсон нь анхаарал татаж байгаа юм. Хөвсгөл аймгийн ХГБХХГ, Цагдаа, Галт сумын засаг даргын мэдээллээр тухайн үед ямар нэг уралдаан болоогүй гэх боловч хүүхдийн ар гэрт хүүхдийг нь бооцоотой уралдуулсан. Эхлээд нэг уралдаад, хоёр дахь гаралт дээрээ хүүхэд унаж нар барсан гэх мэдээлэл ирсэн байна. Одоогоор талийгч хүүхдийн ар гэр мэдээллийн үнэн эсэхийг мэдэхгүй байгаа талаараа ярьсан юм. Үүнтэй холбоотойгоор Child.mn/Хүүхэд.мн сайт газар дээрээс нь сурвалжиллаа.

Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт талийгч хүүгийн ээж О.Адьяасүрэн хүүгийнхээ аль компанид даатгуулсан мэдээллийг шүүхээр ирсэн байв. Энэ үеэр хэсэг ярилцсан юм.

Харамсалтай байдлаар хүүгээ алдсанд тань гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр хүүхдийг нь авч явахдаа танаас зөвшөөрөл авсан уу? Ямар ажлаар авч явж байгаа талаараа хэлсэн үү? 

Надтай утсаар яриад хүүг нь морь хөдөлгөх, морины ажилд авч явъя гэж хэлсэн. Тэр өдөр би эхлээд дургүй байсан ч хүүгээ явмаар байна гэхээр нь явуулсан. Гэтэл аймгийн эмнэлэг дээр хүүг минь авчирсан талаар хэлсэн. Тэгэхэд хүүгээ нас барсныг мэдсэн. Эмнэлэгт ирэхдээ бурхан болсон байсан гэсэн.


Манай нөхөр, хадам аав хоёулаа морь уядаг. Хүү минь аавыгаа дуурайгаад моринд хоббитой. Өнгөрсөн улсын наадмаар улсад уралдсан. Огт морь унаж чадахгүй хүүхэд биш. Гэтэл морины ажил хийнэ гэж яваад ийм зүйл боллоо. Хүүхдэд минь хамгаалалтын хувцас, малгай өмсгөөгүй. Ердөө гэрээсээ гарч явсан хувцастайгаа байсан. Уг нь заавал уралдаан биш юм аа гэхэд морины ойр орчимд ажиллаж л байгаа бол өмсгөх ёстой биз дээ. Сүүлд эмнэлэг дээр очсоны дараа манай хүүг бооцоотой уралдаанд оролцуулсан гэх дам яриа дуулдсан. Би үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ядаж хамгаалалтын хувцас, малгайг нь өмсгөчихгүй дээ гэж бодож байна.


Одоо тэгээд ер нь энэ өв соёл гэх нэрээр хурдан морийг өвөл, хавар уралдуулдгаа болих хэрэгтэй. Хэн нэгний ашиг сонирхлын төлөө бооцоотой бизнес л болчихсон гэж боддог. Ийм асуудлаас болж над шиг хичнээн олон ээж зовж байгааг хэлж мэдэхгүй шүү дээ.


Талийгч хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөсөн бол амьд үлдэх боломжтой ч байсан байж мэдэх юм. Учир нь хүүхэд мориноос унах үедээ толгойдоо бэртэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй, нас барж, эмнэлэгт хүргэгджээ. Зөвхөн уралдааны үед л бусдаар шаардуулж, шахуулж байж хүүхдийн аюулгүй байдлыг хангадаг хайхрамжгүй байдлаас болж жил бүр хүүхэд амь насаа алдаж эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болж, насаараа шаналал дунд амьдрах болдог.


ГБХНХЯ-ны мэдээллээр 2017-2024 онд 8 жилийн хугацаанд зохиогдсон 2200 гаруй хурдан морины уралдаанд давхардсан тоогоор 72 мянган орчим хүүхэд оролцжээ. Үүнээс 3000 гаруй хүүхэд мориноосоо унаж, 25 хүүхэд нас барж, 8 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн. Нас барсан 25 хүүхдийн 22 нь морины уралдаан, сунгаа бэлтгэлийн үед нас барсан бол баяр наадмын үеэр 3 хүүхэд мориноос унаж амиа алджээ. Үүнээс шалгах нүд харж байхад л хүүхдийг хамгаалдаг, бусад үел бэртэх, гэмтэх, үхэх нь хамаагүй мэт хандлага гаргадаг байдлыг харж болно.


Хүүгийн ээжтэй ярилцсаны дараа бид тухайн кейс дээр Галт суманд очиж ажилласан Хөвсгөл аймгийн ХГБХХГ-ын хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяагаас мэдээлэл авлаа.

"Талийгч хүү Т-тэй хамт дөрвөн хүүхдийг авч явсан байсан. Тухайн дөрвөн хүүхэд 9, 10, 11, 13, 14 настай. Морины ажил хийлгэхээр уяач Т таван хүүхдийг авч явахдаа ямар нэг албан ёсны бичгээр зөвшөөрөл аваагүй. Хүүхдүүдийн хувьд үдээс өмнө хичээлдээ суусан байсан. Харин үдээс хойш морины ажилд явсан. Нас барсан хүүхдийн ар гэрт сэтгэл зүйн үйлчилгээ холбон зуучилна. Харин бусад хүүхдүүдийн хувьд кейс нээх шаардлагагүй, ямар нэг эрсдэлгүй гэж үзсэн" гэв.

Хүүхэд нас барсантай холбоотойгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Боловсролын газраас нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажилласан байна. Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морь унадаг гэх бүртгэлтэй 29 хүүхэд байна. Харин хичнээн уяач байгаа талаар мэдээллийг газар дээр нь ажилласан ажлын хэсэг сумын хамтарсан багаас аваагүй гэлээ. Мөн сургууль дээрх хүүхдүүдийн хичээлийн ирц бүртгэл, хичээл таслалт зэрэг хүүхдүүдийг нууцаар морь унуулж буйг нягтлахтай холбоотой зарим мэдээллийг нарийвчлан шалгаагүй. Харин хүүхдүүдийн ар гэрт үнэлгээ хийж, сумын хамтарсан багт уяачидтай уулзаж эцэг, эхтэй нь байгуулсан хариуцлагын гэрээг шалгах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, Засгийн газрын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэл өгчээ.

Тухайн хэрэг гардаг өдөр сумын Засаг дарга эзгүй байсан гэв. Улмаар мэдээлэл авч, хамтарсан баг нь одоогоор хоёр удаа хуралдсан гэлээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга М.Должинжав "Уяачид морины ажил хийх явцад тийм харамсалтай зүйл болсон байсан. Хамтарсан баг 2 удаа хуралдсан. Мөн сумын уяачдад хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаарх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах мэдэгдлийг хүргүүлсэн байсан." гэлээ.

Харин Цагдаагийн газраас тухайн харамсалтай явдал болсноос хойш хоёр долоо хоног өнгөрсөн ч хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй бөгөөд гомдол мэдээллийг нь шалгах шатандаа явж байгаа гэв. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Пүрэвбаатар "Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт 2026 оны 2 дугаар сарын 12-ны 15 цагт Галт сумын 5 дугаар багт Цагаан булан гэх газар хүүхэд мориноос унаж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авсан. Уяач Х-н хүүхдийг уяач Т морины ажил хийлгэхээр авч явсан байна. Морио хөлслөхөөр Галт сумын 5-р багаас 6 км-н зайд эхэлж байгаад 110 метрийн цаана хүүхэд мориноос унаж нас барсан. Манай байгууллагын мөрдөн байцаах тасагт гомдол мэдээллийн шатандаа шалгагдаж байна" гэлээ.


Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 11 дүгээр сарын 1-ээс тав дугаар сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон 57 дугаар тогтоолыг баталсан байдаг. Улмаар уг тогтоолд 2025 оны 1 дүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулж, өвөл, хаврын хурдан морины уралдааныг 18 хүртэлх насны хүүхдээр унуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч сүүлийн үед уг шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн дээр томчуудын бооцоот бизнесээ явуулах хүсэл, явуулгаас улбаалж хүүхдүүд амь насаа алдах эрсдэл байсаар байна. Үүгээр ч барахгүй уг асуудлыг сөхөж олон нийтэд мэдээлсэн УИХ-ын гишүүн, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, ажилтнуудыг хүртэл цахим орчинд ёс бусаар хараах, доромжлох нь хэвийн үзэгдэл болоод байгаа юм.


Ямар ч үед хүүхдийн амь нас НЭГТ гэдгийг санаж, хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна.



Comments


bottom of page