top of page

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав

  • 6 days ago
  • 2 min read

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа танилцууллаа.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АубакирМонгол Улс халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд нийгмийн хамгааллын эрх зүйн орчноо шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, улс төрийн амлалтад тулгуурласан нийтлэг мөнгөн шилжүүлгийг хязгаарлах чиглэл тусгагдсан. Мөн одоогийн тогтолцоо нь өргөн хүрээтэй боловч үр нөлөө, зорилтот чиглэл сул байна. 

Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн хүрээнд 12 төрлийн үйлчилгээ хэрэгжиж, 2025 онд нийт 2.4 их наяд төгрөг зарцуулснаас ихэнх нь хүүхдийн мөнгө болон нийтлэг мөнгөн тэтгэмжид ногдож байгаа. Харин зорилтот бүлэгт чиглэсэн бодит дэмжлэгийн хувь харьцангуй бага байгаа нь шинэчлэл хийх үндэслэл болж байна” гэлээ.

Мөн халамжийг зөвхөн мөнгөн тэтгэмжээр хязгаарлахгүй, хөдөлмөр эрхлэлт, чадавхжуулалт, үйлчилгээтэй уялдуулсан тогтолцоо болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлов. Ингэснээр иргэдийг ядуурлаас гаргах, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлалаа.

Харин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му хэлэхдээ "Монгол Улс хөгжлийн дараагийн шатанд шилжиж байгаа хэдий ч нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх шаардлага хэвээр байна. Хамрах хүрээ өргөн боловч дэмжлэгийн бодит нийцтэй байдал, уян хатан чанар, зорилтот бүлэгтээ хүрэх үр нөлөөний хувьд дутагдалтай хэвээр байна” гэлээ.

Зарим хөтөлбөрт зорилтот бүлгийг тодорхойлох аргачлал болон тэтгэмж хэмжээ хангалтгүй хэвээр байгаа бол хүнс тэжээлийн дэмжлэг хамгийн эмзэг өрхийн цөөн хэсэгт л хүрч байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай 82 мянга гаруй иргэн байгаа нь гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдийн асаргааны ачааллыг нэмэгдүүлж, улмаар хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж болон нийгмийн идэвхэд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн халамжийн тогтолцоо хэт бэлэн мөнгөнд төвлөрсөн нь улам бүр нарийн төвөгтэй болж буй нийгмийн хэрэгцээнд бүрэн дүүрэн хариу үзүүлж чадахгүй байна. Тиймээс илүү цогц, уялдаа холбоотой үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Шинэ хуулийн төсөл батлагдсанаар халамжийн тогтолцоо илүү зорилтот, уян хатан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хэлбэрт шилжих боломж бүрдэх аж.

 

Comments


bottom of page