top of page

Нийгмийн халамжид их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч ядуурлыг бууруулахад хангалттай үр дүн үзүүлэхгүй байна

  • 6 days ago
  • 2 min read

Монгол Улсад нийгмийн халамжийн зардал жилээс жилд өсч байгаа ч ядуурлыг бууруулах үр нөлөө хангалтгүй хэвээр байгааг ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг онцоллоо. Түүнчлэн Халамжийн сангийн ихэнх зардал бэлэн мөнгөнд зарцуулагдаж, зорилтот бүлэгт хүрэх үр нөлөө хангалтгүй байна хэмээв.

Түүний мэдээлснээр нийгмийн халамжийн сангаас зургаан хуулийн хүрээнд 12 төрлийн үйлчилгээ, 40 багц хөнгөлөлт, тусламжийг иргэдэд үзүүлж байна. 2025 оны байдлаар халамжид 2.4 их наяд төгрөг зарцуулсан бол 2026 онд 2.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7 хувьд хүрч, хөгжиж буй орнуудын дундаж хувиас өндөр үзүүлэлтэй байгаа юм. 2025 оны зардлын 72.2 хувь нь эх, хүүхдийн тэтгэмжид зарцуулагдсан бол үлдсэн 27.8 хувь буюу 673.6 тэрбум төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бүлгийн иргэдэд зарцуулжээ.

Харин амжиргааны түвшинд суурилсан, ядуу өрхөд чиглэсэн хүнсний дэмжлэгийн үйлчилгээ хамгийн бага буюу 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй байгаа нь анхаарал татах асуудал гэлээ.

Халамж "хавтгайрсан" бүтэцтэй байна

Судалгаагаар халамжийн үйлчилгээ амжиргааны бүх түвшний өрхөд ижил хэмжээгээр олгогдож байгаа нь зорилтот бүлэгт хүрэх үр ашгийг бууруулж байгааг дурдав. Өөрөөр хэлбэл, боломжийн болон чинээлэг өрхүүд ч халамжийн хүртэгч хэвээр байна. Өмнөх тооцооллоор хамгийн бага орлоготой өрхийн 20 хувьд нийт зардлын 55 хувь ногдож байгаа ч чинээлэг өрхийн 40 хувьд 26 хувь нь зарцуулагдаж буй нь тогтолцооны гажуудлыг харуулжээ.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны мэдээллээр Монгол Улсад ядуурлын түвшин 27 хувь буюу 900 гаруй мянган хүн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа бөгөөд энэ үзүүлэлт хөдөө орон нутагт илүү өндөр.

Ядуу өрхийн нийтлэг дүр зураг нь:

Бага орлоготой,

Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу,

Орчны нөхцөл тааруу,

Ажил эрхлэх боломж хомс хэмээн үзсэн байна.

Иймд зөвхөн мөнгөн тэтгэмжээр ядуурлыг бууруулах боломжгүйг албаныхан онцлов.

Мөн нийгмийн халамжийн зардлын 80-90 хувь нь бэлэн мөнгөн хэлбэртэй байгаа бол үйлчилгээний хэлбэр маш бага хувийг эзэлж байна. Энэ нь иргэдийн амьжиргаанд бодит өөрчлөлт авчрахгүй байгаагийн нэг шалтгаан болж байна хэмээн үзэж байгаа юм.

Түүнчлэн асаргааны тэтгэмж 2022 онд 60 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 330 тэрбум төгрөг болж эрс өсчээ. Тиймээс цаашид нийгмийн халамжийн бодлогыг дараах чиглэлд шинэчлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Зорилтот бүлгийг илүү нарийвчлалтай тодорхойлох,

  • Амжиргааны түвшинд суурилсан үйлчилгээ нэвтрүүлэх,

  • Бэлэн мөнгөнөөс үйлчилгээ рүү үе шаттай шилжүүлэх,

  • Асаргааны мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх,

  • Салбар хоорондын мэдээллийн уялдааг сайжруулах

  • Боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад салбарын үйлчилгээг халамжийн мэдээллийн сантай уялдуулан, зорилтот бүлэгт илүү хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дээр дурдсанчлан нийгмийн халамжид их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч ядуурлыг бууруулахад хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа нь тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатайг харуулж байна гэв. Иймд халамжийн мөнгө тараах хэлбэрээс татгалзаж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үйлчилгээ төвтэй бодлого руу шилжүүлэх нь чухал байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцлов.



Comments


bottom of page