top of page

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн АНХААРАХ ЗААЛТУУД

  • Jun 13
  • 4 min read

2026 оны 5 дугаар сарын 13-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцах холбоос энд дарна уу. 

Улмаар 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн. Анхны хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд зохион байгуулжээ. Ингэхдээ сурагчдын дунд уг хуулийн төслийг танилцуулах байдлаар хэлэлцүүлэг хийжээ.

Албан мэдээллийг эндээс унших.   

ЦХХХ-ны сайд Ч.Номин "Энэхүү хууль үзэл баримтлалын хувьд батлагдсан. Гурав дахь долоо хоногтоо хэлэлцүүлэг нь явж байгаа. Энэ долоо хоногтоо хэлэлцэж дуусаад, ирэх 7 хоногт УИХ-д өргөн барих гэж байгаа" гэв.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг 2026 оны 6 дугаар сарын 8-нд www.legalinfo.mn сайтад байршуулжээ. Өөрөөр хэлбэл төслийн хэлэлцүүлэг нь явж эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа санал авахаар байршуулжээ. Төслийн талаар тодорхой мэдээлэлгүй хүүхэд, багш нар хэрхэн хэлэлцүүлэг өрнүүлснийг тааварлашгүй.

Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу. 

Хуулийн зорилгыг "Нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино" хэмээн тодорхойлжээ. Гэвч хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолтоосоо эхлээд л анхаарах шаардлагатай агуулгаад багтжээ. Жишээ нь, нийгмийн сүлжээ гэх тодорхойлолтод цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээ гэж оруулсан нь албан байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь иргэний үзэл бодлоо илэрхийлдэг цахим хуудаснууд ч багтахаар харагдаж байгаа юм.

4.1.3."нийгмийн сүлжээ" гэж хэрэглэгч бүртгэл үүсгэн оролцох, өөрийн болон бусдын үүсгэсэн зураг, дүрс бичлэг, дуу, бичвэр зэрэг агуулгыг нийтлэх, түгээх, сэтгэгдэл бичих, хуваалцах, бүлэг үүсгэх, харилцах боломж олгодог цахим хэрэглүүр /аппликэйшн/, цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээг; 

Мөн тус хуулийн төслийн 4.1.6. "хориотой агуулга" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15-д заасан агуулгыг; 4.1.7. "хүүхдэд хортой агуулга" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.16-д заасан агуулгыг хэмээн тус тус оруулжээ. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15-д "хориотой агуулга" гэж хуулиар хориглосон контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг, 4.1.16-д "хүүхдэд хортой агуулга" гэж хуулиар хориглоогүй боловч хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл яг юуг хортой, хориотой агуулга гэж ойлгох талаар тодорхой байдлаар тусгаагүй учир хэт өргөн хүрээнд, хэн нэг албан тушаалтан гуйвуулан ойлгож, үзэмжээр хандах эрсдэлтэй юм.

Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхэд хэрэглэхийг хориглох бөгөөд гэрийн даалгавартай холбоотой фэйсбүүк рүү ордог байдлыг халж, Боловсролын яамны хувьд сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцох зориулалтын программ хангамж нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг төсөлд тусгажээ. Харин 13-16 насны хүүхдүүдийн хувьд технологийн хязгаарлалтаар асуудлыг шийднэ гэжээ. Ингэхдээ насны баталгаажуулалт хийхээр заасан байна.

Үүнээс гадна тус төсөлд хамгийн эрсдэлтэй, ноцтой харагдаж буй заалт нь 7.1-д Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсаас 100,000-аас дээш хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж оруулжээ. Мөн ХХЗХ-ноос гадна иргэн, хуулийн этгээдийн гомдолд үндэслээд дээрх үнэлгээг хийнэ гэжээ. Улмаар ямар тоглоомын дүрмээр тухайн үнэлгээг хийх эрхийг хуулийн төслийн 7.4-т Нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэх журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална хэмээн оруулж, яам цахим орчинд аль газрыг хэрхэн үнэлэх журмаа батлахаар тусгасан байна. Улмаар тухайн журмынхаа дагуу хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зохицуулалттай нийгмийн сүлжээний жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд мэдээлэх аж. Хуулийн төсөлд зохицуулалттай нийгмийн сүлжээ гэсэн тусдаа тодорхойлолт тусгаагүй бөгөөд гагцхүү эрсдэлийн үнэлгээгээр энэ сүлжээнд ямар газар, хэн, аль хаяг, цахим хуудас орохыг шийдэхээр заажээ. Улмаар тухайн зохицуулалттай гэж шошгологдсон үйлчилгээ эрхлэгч нь ХХЗХ-нд мэдэгдэл хүргүүлж, 90 хоногт багтааж технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, ХХЗХ-той хамтран ажиллах, эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээх, Монгол Улсын хэрэглэгчийн тоон мэдээлэл, гомдол шийдвэрлэлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шинэчлэлийн талаарх тайланг жил бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх зэрэг үүрэг хүлээхээр заажээ.

Үүнээс гадна хүүхдийн насны баталгаажуулалтыг хийхтэй холбоотойгоор 1.1.1-т харилцаа холбооны сүлжээний дугаарыг 16-аас доош насны хүүхдэд түүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт баталгаажуулан олгох хэмээн оруулжээ. Ингээд уншихаар хүүхдийнхээ цахим аюулгүй байдлыг хамгаалуулахын тулд эцэг эхийн өөрсдийн хувийн мэдээллүүдээ ч давхар өгөх хэрэгтэй болох нь.

Улмаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар төрийн байгууллагын чиг үүргийг дөрөвдүгээр бүлэгтээ оруулжээ. Үүнд ХХЗХ-ны чиг үүрэг анхаарал татаж байна.

  • 17.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • 17.1.1.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

  • 17.1.2.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;

  • 17.1.3.эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид нэн даруй хүргүүлэх.

  • 17.1.4.хуульд заасан бусад гэжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нийгмийн сүлжээг хянаж, эрх бүхий гэж аль байгууллагыг хэлж байгааг тодорхой тусгаагүй ч аль нэг байгууллагын дүгнэлтээр технологийн арга хэмжээ хэрэгжүүлнэ гэжээ. Технологийн арга хэмжээ гэдэг нь тухай сайт, хуудас, хаягийг хаах, хязгаарлах уу, эсвэл өөр арга хэмжээ юу гэдэг нь ч хуулийн төсөлд бүрхэг байх аж.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэ төрлийн хууль хэрэгжүүлдэг улс орнууд, ялангуяа Австрали улсын жишээг судалжээ. Гэвч 2026 оны 4 дүгээр сард хийсэн судалгаагаар цахим орчны хязгаарлалтын хууль тийм ч үр дүнтэй хэрэгжихгүй байгааг онцолжээ. Судалгааг бүтнээр эндээс...

Молли Рөүс Сангаас 12-15 насны хүүхдүүдэд сошиал медиа хориглолт хэрхэн нөлөөлж байгааг судлахад

  • Хүүхдүүдийн 61 хувь нь өмнө нь ашиглаж байсан аль нэг платформ дээрх хаяг нь идэвхтэй байгаа

  • 12-15 насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь Тик Ток, Юүтүб, Инстаграмын хаягаа ашиглаж болж байгаа

  • Хүүхдүүдийн 70 хувь нь хориглосон гэх сайтуудыг хялбар нэвтэрч, ашиглаж байгаа

  • 51 хувь нь сошиал медиагийн хориглолт нь онлайн аюулгүй байдалд нь ямар нэг өөрчлөлт авчраагүй. 14 хувь нь илүү аюулгүй санагдах болсон талаараа хуваалцжээ.

  • Тус хууль хэрэгжиж эхэлсэн эхний гурван сард хүүхдүүдийн онлайнд өнгөрүүлэх цаг хугацаа багассан ч сайн сайхан байдлын хувьд эерэг, сөрөг янз бүрийн байдал илэрчээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах нь дэлхий нийтийн асуудал гэдэг нь үнэн. Гэвч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхүүдийг хязгаарлах замаар хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй юм. Үүний оронд асуудлын суурь шалтгаан руу чиглэж ажиллах нь бодит үр дүнд хөтлөх буй за.







Comments


bottom of page