top of page

Ийм л хүүхэд хамгааллын бодлоготой сургуулиуд олон байгаасай! 

ree

Child.mn сайтын #МэргэжилтнийҮг буланд Бүх Нийт Боловсролын Төлөө! Иргэний Нийгмийн Үндэсний Эвсэл ТББ-аас хүүхэд хамгааллын чиглэлээр тогтмол нийтлэл бэлтгэн хүргэхээр боллоо. Энэ удаад тус байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан А.Сүхбатын боловсролын байгууллага дахь хүүхэд хамгааллын бодлогын талаарх нийтлэлийг хүргэж байна.

Ийм л хүүхэд хамгааллын бодлоготой сургуулиуд

олон байгаасай!

Монгол Улсын Засгийн Газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд төсөв, санхүүжилт нэмэгдэх нь гарцаагүй хэдий ч үүнээс гадна хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлуудыг орхигдуулж болохгүй юм. Олон улсын “Хүүхдийн эрхийн сан” төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй байдалд 5 үзүүлэлтээр үнэлгээ өгч, хүүхдийн эрхийн индекс гаргадаг. Монгол Улс 2023 оны байдлаар уг индексээр 185 орноос хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хангаж буй байдлаар 110, хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангаж буй байдлаар 78, хүүхэд хамгаалуулах эрхийг хангаж буй байдлаар 91, хүүхдэд ээлтэй орчныг бий болгож буй байдлаар 123-130 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.

Үүнтэй холбоотойгоор сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалалд анхаарвал зохих хэд хэдэн асуудлыг онцолъё.

  1. Сургуулийн хүүхэд хамгааллын журам, төлөвлөгөөг батлахдаа сурагчийн оролцоог нэмэгдүүлэх. Ихэнх сурагчид сургуулийн хүүхэд хамгааллын багийн талаар төдийлөн мэддэггүй (Сайн сайхны баг) бөгөөд сурагчийн оролцоотойгоор уг хамтарсан багийг сурагчдад таниулах, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжтой.

  2. Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар улирал бүр сургуулийн эрсдэлийн үнэлгээг хийх. Ингэхдээ нийгэм-сэтгэл зүйн орчин болон цахим орчны эрсдэлийн үнэлгээг давхар хийх шаардлагатай. Сургуулийн эрсдэлийн үнэлгээ нь ихэвчлэн сургуулийн материаллаг орчин, хүүхдэд эрсдэлтэй нөхцөлүүдийн талаар үнэлгээ хийдэг боловч нийгэм, сэтгэл зүй, цахим орчны эрсдэлийн үнэлгээг орхигдуулдаг байна. Түүнчлэн мэдээллийн технологийн хөгжлийг дагаад дэлхий даяар өсвөр насны хүүхдүүд цахим орчныг мэдээлэл авах, тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгсэл болгон ашиглах нь нэмэгдэж байна. Монгол Улсад өсвөр насныхны 99 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд интернэт орчинд холбогдсон нь бусад насны хүн амын бүлгээс хамгийн их цахим хэрэглээтэй гэж гарсан бөгөөд тэд өдөрт 7-9 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөж байна. Иймээс үүнийг дагаад цахим орчин дахь дээрэлхэлт, гадуурхалт, сүрдүүлэг зэрэг асуудлыг онцгой анхаарах шаардлага бий.

  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн байдлыг дэмжих. Дээр дурдсанчлан сургуулийн насны хүүхдийн ухамсарт тархи (их тархины гадар) хараахан бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг. Тиймээс хүүхдэд бусдын ялгаатай байдлыг ойлгуулах, ижил төсөөтэй чанаруудыг таниулах, тэгш хамруулан суралцуулах тухай үлгэрлэн ойлгуулах нь хүүхдийг нийгмийн нэгээхэн хэсэг болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим орчинд бусад хүүхэдтэй л адилхан эрсдэлтэй тулгардаг ба  бусад хүүхэдтэй харьцуулахад 12 хувиар илүү цахим орчинд эсвэл сургуулийн орчинд дээрэлхэлт, гадуурхалтад өртдөг байна.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого нь зөвхөн нийтлэг байдлаар мөрдөгдөх журам биш бөгөөд сурч боловсорч буй хүүхэд, тэдгээрийн онцлог бүрийг харгалзсан нарийн баримт бичиг болохыг анхаарч, хүнлэг, энэрэнгүй хүмүүнийг бэлтгэхэд сургуулийн удирдлага, багш ажилчид та бүхэн анхаараарай.





Comments


bottom of page