top of page

Сурвалжилга:Баянзүрх дүүргийн 2-р хороонд 4600 хүүхдийн дунд 11 тоглоомын талбай байна

  • 24 hours ago
  • 6 min read
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай

Child.mn/Хүүхэд.мн сайтын "Тоглоомын талбай" цуврал сурвалжилга эхлүүллээ. Эхний дугаараар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороог сурвалжлав.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нь нийт 4226 өрх, 15 мянга гаруй хүн амтай. 0-18 хүртэлх насны 4600 орчим хүүхэд амьдардаг. Гэр хороололд гурав, байшин хороололд найман буюу нийт 4600 орчим хүүхдийн дунд 11 тоглоомын талбайтай. 4600 хүүхдээс хэд нь гэр хороолол, хэд нь байшин хороололд амьдардаг болох нь тодорхойгүй.

Үүнээс бид гэр хороолол дахь гурван тоглоомын талбайн нэг болох Марал дэлгүүрийн тоглоомын талбай руу очлоо. Хагарсан шил, сагасан хог, архи, пивоны хоосон шил, саваар дүүрэн байв. 2 дугаар хорооны засаг даргын мэдээллээр уг талбайг жилийн өмнө будаж, янзалсан байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай

7 настай охиноос тоглоомын талбайд ямар байдаг тодруулж, хэсэг ярилцсан юм. Тоглоомын талбайд хүмүүс архи уухаар айдаг уу? Ямар байдаг вэ?

Үгүй ээ, би тийм хүмүүсийн хажууд байсаар байгаад сурчихсан. Манай найз харин айгаад байдаг болохоор бид хоёр өөр талбай руу явж тоглодог. Тоглоомын талбай жоохон уйтгартай, бас бохир байдаг. Хог маш их. Согтуу хүмүүс ирээд архи уухаар тоглох хүсэл алга болчихдог. Би энд савлуур байсан бол гоё байх гэж боддог байсан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч "Энэ тоглоомын талбайн хажууд найман нэрийн барааны дэлгүүр байдаг болохоор архи, тамхи их зардаг. Хүүхэд тоглох нөхцөл алга. Архины шил маш их, явган замын хашлага дээр архины шилээ шиддэг заншилтай юм шиг болчихсон. Хаа сайгүй архины шилний хэлтэрхий байгаа болохоор хүүхдүүд маш аюултай орчинд тоглож байна. Энд тогтмол ажилладаг, хариуцдаг ажилтан тавих хэрэгтэй. Нэг удаа бид цагдаад хандсан ч хаяг байршил тодорхойгүй гээд ирж чадахгүй байсан" гэлээ.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбай

Б.Энхбат: Та одоо ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах гэж бодсоны хэрэггүй. Бид бүхэн ажилдаа эзэн болоод явж байгаа

Баянзүрх дүүргийн 2-р хорооны Засаг дарга Батчулууны Энхбатаас мэдээллийг тодруулав.

Танай хороонд тоглоомын талбай стандарт хангаж чадаж байна уу?

Хорооны нутаг дэвсгэрт 16 хэсэг бий. Нийт 11 тоглоомын талбайтай. Стандартын хувьд шаардлага хангасан ч байгаа, хангаагүй ч байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг бодож дүүргийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж байна.

Стандарт хангаагүй талбайнууд хэзээ засварлагдах вэ?

Ашиглалтад ороод 10-15 жил болсон талбайнууд бий. Хороо өөрөө төсөв мөнгө захиран зарцуулах эрхгүй байгууллага. Бид дээд шатны байгууллагадаа албан бичгээр уламжилж, өнгөрсөн жил эхний ээлжинд будаж шунхдах ажил хийсэн. Хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмж нэмж тавихаар албан бичиг явуулсан байгаа. Хороо маань 60 жилийн түүхтэй, хотын төвд ойрхон учраас сул газар байхгүй. Гэхдээ дүүргийн тамгын газраас газар худалдаж авч, нөхөн олговор олгох замаар тоглоомын талбай байгуулж байна.

Бидний очсон Марал дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбайд стандарт хангасан зөөлөвч байхгүй. Дан цемент, архины хагарсан шил байсан.

Ер нь бол одоо энэ дэлхий нийт чинь зөөлөн дэвсгэрээс татгалзаад байгаа шүү дээ. Гэхдээ бид нар бол албан бичгээ уламжилчихсан байгаа.

Тоглоомын талбайгаа ер нь хэдий хугацаанд тойрч хардаг вэ? Одоо жишээ нь Марал дэлгүүрийн хажуу талын энэ тоглоомын талбай дээр хэзээ очсон бэ? Засвар шинэчлэл хийж байгаа талбай дээрээ хэзээ очсон бэ?

Би одоо Засаг даргын ажлыг аваад жил хоёр сар, гурван сар болох гэж байна. Би хороондоо 22-23 жил амьдарч байна. Миний гэр энд байдаг учраас байнгын л харж явж байгаа. 16 хэсгийн ахлагч гэж бас бий. 16 хэсгийн ахлагч маань одоо хаана юу байна, бүгдийг нь одоо харж, эргэж тойрч явдаг аа. Та одоо ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах гэж бодсоны хэрэггүй. Бид бүхэн бол ажилдаа эзэн болоод явж байгаа.

Иргэдээс тоглоомын талбайтай холбоотой гомдол хороонд ирээгүй

Мушгин гуйвуулсан юм байхгүй ээ. Бодит байдлыг л харуулж байгаа юм. Хорооны иргэд жишээ нь тоглоомын талбай бохир байна гэх зэргээр болохгүй байгааг нь хэлээд ярилцлага өгсөн байна шүү дээ.

Иргэдээс өнөөдрийн байдлаар гомдол ирээгүй. Одоо шулуухан хэлэхэд. Тийм ээ, гэхдээ гомдол байгаа бол одоо хорооны Засаг даргатайгаа ирээд уулзаад, хамтраад шийдэх боломжтой. Гэхдээ би сая тодорхой хэллээ шүү дээ. Хороо гэдэг маань өөрөө төсөв мөнгө захиран зарцуулах ийм эрх бүхий субъект биш ээ гэдгийг. Одоо та бүхэн маань бас цаашаа уламжилж өгөөрэй гэж хэлье.


Стандарт хэмжил зүйн газраас баталсан /2019/ Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага MNS 6751:2019-д зааснаар дээрх талбай нь шаардлага хангаж байгаа эсэхийг харцгаая.

Энэ стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаардаг байна. Мөн энэ стандарт нь ерөнхий боловсролын сургуулийн спортын талбай, өндөрт настны чийрэгжүүлэх талбай, хүүхдийн зуслан барилга дотор байрлуулсан тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний цогцолбор барилга доторхи хүүхдийн тоглоомын өрөөнд хамаарахгүй.

Орчны тохижилтод тавигдах шаардлага

7.1 Тоглоомын талбайд нарын тусгал хамгийн багадаа 5 цагийн турш гэрэлтүүлэхээр байна. Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байна. 
Тоглоомын талбай нар тусах задгай талбайд баригдсан. Шөнө асдаг эсэхийг мэдэхгүй ч хоёр гэрлийн шон, гэрэл байгаа нь зурагт харагдаж байна.


7.2 Тоглоомын талбай нь нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байна. Гэхдээ тоглоомын талбайд ахуйн хогийг ялган хаях савыг хүрэлцэхүйн хэмжээгээр (багадаа хоёр ширхэг) байрлуулна. Хогийн саванд тухайн талбайн салхины зонхилох чиглэлийн доор байрлуулна. 
Уг тоглоомын талбайд хоёр хогийн сав байрлуулжээ. Нэг нь хог дүүрч, асгарсан. Нөгөөх нь эвдэрчээ. Эргэн тойронд нь ч мөн хог харагдана.

7.3 Тоглоомын талбайн мэдээлэх тэмдэгтэй байх бөгөөд орц гарцан дээр байрлуулна. Тоглоом тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгасан байна. 
Уг талбай сагсны шийднээс гадна дээрх зурагт харагдах гурван төрлийн тоглоомтой. Тоглоомтой холбоотой зааварчилгаа, хэрхэн ашиглах талаар ямар нэг мэдээлэл байхгүй.
Мөн зурагт харагдаж буй хоёр ширхэг хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон жижиг мэдээлэх самбар байршуулсан. Гэвч тамхины иш, архины шил газарт хэвтэх нь харагдаж байв.
7.4 Тоглоомын талбайн 20-иос багагүй хувьд ногоон байгууламж байна. 
Харагдаж байгаачлан уг талбайд ногоон байгууламж байхгүй. Асгарч, хөглөрсөн хог л байна.
7.5 Тоглоомын талбайн хязгаарлах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх зай 6 метрээс ихгүй тохиолдолд хурд сааруулагч, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдэийг харагдах орчинд байрлуулна. 
Зурагт харагдаж байгаачлан уг тоглоомын талбай нь машин замын яг хажууд байрлалтай. Дээрх стандартад тусгасан тэмдэг байрлуулаагүй.
7.6 Тоглоомын талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлсэн байна. 

7.7 Хүйтний улиралд тоглоомын талбайг халтиргаа гулгаанаас хамгаалсан байна. 
7.8 Зургаагаас 23 сартай хүүхдийн элсэн тоглоомын хэсэгт заавал нарын тусгалаас хамгаалсан сүүдрэвч байна. 
7.6-7.8-д заасан эдгээр стандартыг огт мөрдөөгүй.

7.9 Хүүхдийн асран хамгаалагч хүүхдээ тодорхой зайнаас харах суух, амрах зориулалт бүхий суудалтай байна. 
Зурагт харагдаж байгаачлан тус тоглоомын талбайд нийт энэ төрлийн 8 сандлыг байршуулсан. Мөн нэг саравчтай.
7.10 Харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлах ба тоглоомын талбайг камержуулсан байна. 

7.11 Онцгой байдлын үед ослоос зайлж гарах 2-оос доошгүй орц гарцтай байна. Гал унтраах анхан шатны хэрэгслийг харуулын цэг дээр байршуулна. 
Тухайн тоглоомын эргэн тойронд ямар нэг харуул хамгаалалтын цэг байхгүй. Гал унтраах анхан шатны хэрэгсэл мөн байхгүй.
7.12 Хүүхдийн тоглоомын талбайн бүсийг хил нь цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, газар доорх цахилгаан дамжуулах кабель, дулааны сүлжээний худаг, дамжуулах хоолойн дээр инженерийн хангамжийн үзлэгийн болон хяналт тохируулгын худгаас (худгийн таг нь аюулгүйн шаардлага хангасан) 5 метрээс багагүй байна. 

Энэ тоглоомын талбайн хувьд өндөр хүчдэлийн шугамтай ойролцоо байрлалтай. Мөн газар хөдлөлт болон аливаа байгалийн гамшиг тохиолдоход тоглоомын талбай руу эргэн тойронд нь буй цахилгааны шугам унах магадлалтай.

7.13 Тоглоомын талбайн хамгийн бага талбай нь: 
Зургаан сараас 23 сартай - 50 м.кв
Хоёроос 5 нас - 100 м.кв
6-12 нас - 150 м2
Хиймэл оюун ухаанаар тооцоолол хийхэд уг тоглоомын талбайн хэмжээ нь 180-220 м.кв байна. Талбайн хэмжээ нь стандартын дагуу.
8.4 Хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу нь хүүхэд тээгэлдэх бүдрэхээргүй тэгш, цэвэрлэхэд хялбар, хур тунадас тогтохооргүй, хурц ирмэггүй, гогцоогүй байна. 
Гэвч тус талбай нь хагарсан шил, хог, чулуу, хатуу цементээр бүрхэгджээ.
9.4 Шаардлагатай тохиолдолд тоглоомын талбайн ашиглагчид тоглоомын ашиглалт, эвдрэл гэмтэлтэй холбоотой мэдээллийг мэдээлэх тэмдэгт байгаа хаяг, утасны дугаараар мэдэгдэнэ. 
Тус тоглоомын талбайд ямар нэг холбоо барих мэдээлэл, дугаар байхгүй. Оршин суугч иргэн хэн хариуцаж, арчилж тордох ёстой талаар мэдэхгүй байгаагаа хэлж байв.

Ашиглалт, арчилгаа үйлчилгээ

10.1 Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч нь хариуцна. 
10.2 Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээг хариуцагч нь тоглоомын талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүрэг хүлээнэ. 
10.3 Тоглоомын талбай болон тоглоомын талбайн тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй байдалд С хавсралтад заасан шалгах хуудсаар сардаа 2-оос доошгүй удаа шалгаж үл тохирохыг тухайн бүрд нь арилгуулах арга хэмжээ авна. 
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа учраас энэ тоглоомын талбайг тус хороо хариуцахаар дээрх стандарт заажээ. Мөн ашиглалт, арчилгааг ч хороо хариуцах үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн Марал дэлгүүрийн хажууд байрлах уг талбайг жилийн өмнө будаж янзалсан гэдгээс өөр хамгийн сүүлд хэзээ эргэж тойрч, шалгалт хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Угтаа сард хоёроос доошгүй удаа буюу 14 хоног тутамд эргэж тойрч, харж хандаж байхаар стандартад заасан байдаг ажээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүүхдийн тоглоомын стандартын дагуу нягтлаад харвал уг тоглоомын талбай стандарт хангахгүй байгааг уншигч та харж байна.

Хамгийн гол нь энэ тоглоомын талбай хүүхэд аюулгүй тоглох, амарч суух орчин огтоос биш байгаа бөгөөд архины шил, тамхины иш, хагархай шил, хөглөрсөн хогоор дүүрсэн, хүүхэд бүү хэл том хүн ч амраад суух боломжгүй орчин болжээ.


Үргэлжлэл бий....


Жич: Энэхүү нийтлэлд гарч буй зураг, бичлэг нь 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн. Үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн байх боломжтой.


Эх сурвалж:

  1. Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага, MNS 6751:2019, Стандарт хэмжил зүйн газар, Улаанбаатар хот, 2019 он https://mlsp.gov.mn/uploads/files/MNS_6751_2019.pdf


Comments


bottom of page