top of page

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг баталлаа

  • Jul 3
  • 1 min read

УИХ-ын 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.

Шинэ хууль нь гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ажиллагааг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд тулгуурласан бие даасан тогтолцоотой болгож буйгаараа онцлог юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Энэ хууль нь гэр бүлийн эрүүл харилцааг хадгалсан, хүмүүнлэг, шуурхай шүүхийн тогтолцооны эхлэлийг тавьж байна.

Өмнө нь гэр бүлийн маргааныг иргэний бусад хэрэгтэй адил журмаар шийдвэрлэдэг, бүх төрлийн хэргийг нэг шүүгч хянан шийдвэрлэдэг байсан бол шинэ хуулиар гэр бүлийн хэргийг тусгай журмаар шийдвэрлэж, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн, сэтгэл зүйчийн оролцоотой ажиллахаар зохицууллаа.

Мөн өмнө нь хүүхдийн саналыг сонсох ажиллагаа жигд бус, шүүхийн танхим бүх хэрэгт ижил ашиглагддаг байсан бол шинэ хуулиар хүүхдийн нас, төлөвшилд тохируулан саналыг нь заавал сонсох, хамгаалалттай орчинд ярилцах, шаардлагатай бол амьдралын орчинд нь ажиглалт хийх, хүүхдэд зориулсан тусгай өрөө, тохижуулсан шүүхийн танхим ашиглах, цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн өмнөх зохицуулалтаар харьяаллын шүүхэд хандах шаардлагатай байсан бол шинэ хуулиар 14 хүртэлх насны хүүхэд өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандах боломжтой боллоо.

Шүүх эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүхдийн тэтгэмж, асран хамгаалах, хүүхэдтэй уулзах цагийн хуваарь тогтоох, эд хөрөнгө шилжүүлэхийг түр хориглох зэрэг хамгаалалтын арга хэмжээг шуурхай авах боломжийг мөн хуульчилжээ.

Шинэ хуулиар хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульчилсан бөгөөд энэ нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил, сайн сайхан байдлыг бүх шийдвэрийн үндэс болгох эрх зүйн баталгааг бүрдүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, хадмал бичвэр зэрэг шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байна.

Comments


bottom of page