Аудит: ЭХЭМҮТ НҮБ-ын Хүүхдийн Сангаас өгсөн 226 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулалтыг тайлагнаагүй
- Apr 27
- 2 min read

Child.mn/Хүүхэд.мн сайт "Хүүхдийн төсвийг мөшгөе" цувралын хүрээнд Үндэсний аудитын газраас гаргасан салбар бүрийн төсвөөс илэрсэн зөрчил болон онцлох мэдээллүүдийг шүүн уншигч та бүхэнд хүргэж байна.
Цувралыг эхлүүлэн Үндэсний аудитын газраас гаргасан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаас онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
Тайланд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хязгаарлалттай гэсэн дүгнэлт өгсөн байна.
Аудитаас хязгаарлалттай санал дүгнэлтийн үндэслэлд "Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 2,9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан бөгөөд дангаараа болон нийт дүнгээрээ санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй байна" гэжээ. Тухайлбал :
Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/05 дугаар тушаалаар 1,2 тэрбум төгрөгийн хүчилтөрөгчийн үйлдвэр болон тоног төхөөрөмжийг орлогод авсан боловч ашиглалтад оруулаагүй, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар арга хэмжээ аваагүй зөрчилд хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад оруулах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ аваагүй зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлжээ.
Мөн Нэгдсэн Үндэсний Хүүхдийн Сангаас санхүүжүүлсэн Хүүхдийн дүрс оношилгооны чадавхыг бэхжүүлэх сургалт, хүүхдийн зүрхний олдмол гажгийг оношлох эмч бэлтгэх, зүрхний хэт авайн оношилгооны чадамж олгох сургалт, сургуульд суурилсан эрт илрүүлэг, үзлэгийн зүрхний эмгэгийг орон нутат илрүүлэх багийн ажиллагаа үзлэг сургалтуудад, нийт 226 сая гаруй төгрөгийн урьдчилгаа олгоод тооцоог хийж, зарцуулалтыг тайлагнаагүй зөрчилд урьдчилгаа тайланг журмын дагуу бэлтгэж тайлагнаагүй, зөрчлийг таслан зогсоох албан шаардлагыг тус тус хүргүүлжээ.
Дээрх зөрчлүүд нь
Төсвийн тухай хуулийн б дугаар зүйлийн
6.4.5 төсвийн захирагч төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй байх;
6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн
5 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн зарчим,
5.1.4.үнэн зөв байх;
13 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт
13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.
20 дугаар зүйл.Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг
20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;
20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; заалтуудтай тус тус нийцээгүй гэж дүгнэжээ.
Түүнчлэн MRI аппаратыг ажиллуулж байхад техник технологийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг мөрдөөгүйгээс тус аппаратад гэмтэл гарсны улмаас төлөвлөөгүй засварын зардалд 380 сая мянган төгрөгийг зарцуулсан гэжээ.
ЭХЭМҮТ-ийн MRI аппарат 2025 оны 4 дүгээр сард бүтцийн өөрчлөлтөөр мэргэжлийн техникчээ ажлаас нь халсантай холбоотойгоор эвдэрсэн хэмээн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв.
Мөн бараа материалын дансанд бүртгэлтэй 17 нэр төрлийн 41,8 сая төгрөгийн он дамжсан эм, боох материалын үлдэгдлээс тайлант хугацаанд зарцуулаагүй, хэрэгцээ шаардлагагүй нөөц үүсгэсэн гэжээ.
Тиймээс Үндэсний Аудитын газраас уг зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 2026 оны 12 дугаар сарын нэгний өдрийн дотор зөрчлийг таслан зогсоож, биелэлтээ ҮАГ-т тайлагнахыг шаарджээ.
"Дүгнэлтээр Хязгаарлалттай санал дүгнэлтийн үндэслэл тайлбарласан зүйлсийн үр нөлөөг эс тооцвол 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал болон тайлант жилийн эцсээрх санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэлийг бүх материаллаг талаар нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүхий л материаллаг байдлын үүднээс үнэн зөв толилуулсан байна" гэж үзжээ.
Эх сурвалж: Үндэсний Аудитын Газрын ЭХЭМҮТ-ийн санхүүгийн байдалд хийсэн аудит, 2026 он



Comments