top of page

-48 градус хүртэл хүйтэрдэг Отгон суманд хүүхдүүд гэр цэцэрлэгт хичээллээд 14 жил болжээ

Updated: Sep 17

Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр
Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр

Улс төрийн хэрүүл, олныг хямраасан аймшигт хэргүүд, удахгүй айсуй утаа гээд Улаанбаатарт амьдарч буй иргэдийн санаа зовинох асуудал мундахгүй их. Харин орон нутагт Монгол түмнийг хоолтой, ундтай нь залгуулдаг малчин ардын хүүхэд боловсролын төлөө тэмцэж буй нь хамгийн том асуудал болоод удаж байна. Жишээ дурдвал, Хичээл эхлээд хоёр долоо хоноогүй байхад сумын төв дээр хоёр дүүгийн хамт амьдардаг төгсөх ангийн сурагч өглөө эрт галаа түлэх гэж байгаад бензинд түлэгджээ. Өмнө нь онцгой байдлын үед хэрхэн амь насаа аврах талаар "Бэлэн бай" сургалтад хамрагдсан байсан бөгөөд түлэгдэх үедээ газар өнхөрч арай гэж амь гарчээ. Улмаар хот руу хүргэгдсэн байна. Эцэг, эх нь сумын төвөөс алс мал малладаг. Хүүхдүүдээ боловсролоос холдуулахгүй гэсэндээ сургууль бараадуулан орхисон нь энэ байжээ. Энэ мэт орон нутагт хүүхдүүд боловсролын төлөө хэтийдсэн олон саад бэрхшээлийг туулсаар байна. Үүнтэй холбоотойгоор Child.mn сайтын баг Завхан аймгийн Отгон сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр, Насан туршийн суралцахуйн төвөөр зочилсон тэмдэглэлийг хүргэж байна.

Энэтхэг рүү лам болохоор явсан хүүхдүүд ковидоос болж буцаж чадаагүй учраас сумандаа сургууль завсардаад үлджээ

Завхан аймгийн Отгон сумын Ерөнхий боловсролын Насан туршийн суралцахуйн төв нь ашиглалтаас гарсан хуучин дотуур байрны нэг танхимд үйл ажиллагаагаа явуулдаг аж. Голдуу эрүүл мэнд, мал маллахад хүн бүл хүрэлцэхгүй, сумын төвөөс хэт хол амьдардаг учир хүүхдээ сургуульд нь зөөх боломжгүй зэрэг шалтгаанаар хүүхдүүд сургууль завсарддаг гэлээ.

ree

Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багш Д.Цолмонгэрэл "Жилдээ 18-22 орчим хүн суурь болон бүрэн дунд боловсролоо нөхөж сурдаг. Энэ жил нэг хүүхэд хоцрогдлоо нөхөөд өдрийн ангид шилжин суралцаж байгаа. Бусад нь үеийнхнээсээ ах, эгч учраас өдрийн анги руу шилжих сонирхолгүй, эндээ хичээлээ нөхөөд суралцаад явдаг. Ер нь хөдөө мал маллах хүн ховордсон учраас суурь боловсрол эзэмшүүлээд сургуулиас нь гаргаад, сургууль завсардуулах тохиолдол их. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдээ дунд боловсролыг нь эзэмшүүлээд, тэгээд мал дээр гаргах нь арай илүү нэмэгдсэн. 25, 26 настай суурь, бүрэн дунд боловсролын хичээлээ нөхөж байгаа хүмүүс бий. Сургууль завсардаад таван жил болсон хүүхэд "Одоо суръя" гээд ирсэн тохиолдол ч байгаа. Тухайн хүүхдийг мэдэхгүйдээ биш. Нөхөн боловсрол олгох гээд хөөцөлддөг. Мал маллаад төвөөс хол амьдардаг, хаягийн зөрчилтэй гэх мэт шалтгаанаар ингээд олон жил сургууль завсардах тохиолдол байдаг. Мөн дунд ангиасаа сургуулиасаа гарч лам болохоор Энэтхэг явсан хүүхдүүд цар тахлын үед буцаад Монголдоо ирсэн. Тэгээд буцаж явж чадаагүй учраас ламын сургуульдаа ч сурсан юм байхгүй, эндээ ч үеийнхнээсээ нэлээн хэдэн жилээр хоцорчихсон сургууль завсардаад үлдсэн. Тэгээд бичиг баримтаа олж аваад манайд хоцрогдлоо нөхсөн" гэлээ.

Химийн багш нь сургуульд ажиллахаас татгалзаж уурхайд ажиллах болжээ

ree

Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос 12 жилийн сургалттай болжээ. Өдгөө зургаа дахь төгсөлтөө хийсэн байна. Энэ жил тус сургуульд 370 хүүхэд суралцаж, 31 багш, 19 ажилтан ажиллаж байна. Нэн тулгамдсан асуудал нь байгалийн ухааны багшийн хүрэлцээ болон ном, сурах бичгийн хангамж, интернэтийн хурд ажээ.

ree

Энэ талаар Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Дуламжав "Суманд хүүхэд, бүлгийн тоо цөөн учраас нэг багшид ноогдох мэргэжлийн багшийн цаг хүрэлцдэггүй. Хими, газарзүйн багш дутагдалтай байна. Химийн багш аймгийн хэмжээнд олдохгүй, цахимаар орох эсэх талаар ярилцаж байгаа. Өмнө нь ажиллаж байсан химийн багш маань уурхайд 14 хоног ажиллахад багшийн цалинг нугалаад авч байгаа учраас ажлаасаа гарсан. Одоо манайд хими, биологийн хоёр багш хэрэгцээтэй байгаа. Химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүд зэргэлдээ сум, аймаг, хот руу шилжих болсон. Сурах бичгийн хувьд 4000 орчим ном татан авах ёстой. Өнөөдөр /9-р сарын 8/ аймгаас хоёроос тавдугаар ангийн сурах бичгийг ачуулж, явуулна гэсэн. Зургаагаас долоодугаар ангийн сурах бичгийн хувьд 50 хувь хангагдсан байна. Өмнөх оны сурах бичгүүд байгаа хэдий ч бага ангийн үнэгүй олгодог ном бол бүр хуучирсан байгаа. Он, оноор хөтөлбөр шинэчлэгдэхээр сурах бичгийг агуулга зөрөөд зааж байгаа багш нарт их хүндрэлтэй байдаг" гэлээ.

Тус сургуульд 15 дахь жилдээ багшилж буй орос хэлний багш Д.Тунгалагтамирын хувьд энэ жил наймдугаар анги дааж авчээ.

ree

Тэрээр "Манай наймдугаар ангид 19 төрлийн хичээл орж байгаа. Сурах бичиг түрээсийн хэлбэрт шилжээд дөрвөөс таван жил болж байгаа. Үнэ нь 25-30 мянган төгрөг байдаг. Олон хүүхэдтэй айл бол 100 мянган төгрөг сурах бичиг түрээслэхэд өгдөг. Одоо бол /9-р сарын 8/ хоёроос гурван хүүхдийн дунд нэг сурах бичигтэй байна. Шинэ сурах бичиг ирэхээр номын хүрэлцээ дээрдэх байх. Ер нь хуучин сурах бичгээ хэрэглэдэг. Гэхдээ л сумын хэмжээнд сурах бичиг бол дутагдалтай л байна. Манай сургууль 100 хувь ухаалаг самбартай болсон. Үүнийгээ ашиглаад сурах бичгээ нөхөөд хичээл ордог. Гэхдээ интернэтийн хурд бас шаардлага хангахгүй асуудалтай л байна" гэлээ.

Завхан аймгийн Отгон сумын дунд сургуулийн байр
Завхан аймгийн Отгон сумын дунд сургуулийн байр

Завхан аймгийн Отгон сумын дунд сургуулийн сурагчдын үдийн цайны цаг
Завхан аймгийн Отгон сумын дунд сургуулийн сурагчдын үдийн цайны цаг

Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламж
Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламж

Завхан аймгийн Отгон сум, сургуулийн завсарлагааны цаг...
Завхан аймгийн Отгон сум, сургуулийн завсарлагааны цаг...

Завхан аймгийн хэмжээнд жилдээ 1500 гаруй хүүхэд дотуур байранд амьдарч, хичээлдээ явдаг. Үүний 90 орчим хувь нь малчин өрхийн хүүхдүүд байдаг аж. 2020 онд 1396 хүүхэд дотуур байран амьдарч байсан бол 2024-2025 онд 1577 хүүхэд болж нэмэгджээ. Отгон сумын сургуулиас хэдхэн алхмын зайд дотуур байр нь байрладаг. Шинэ байртай болсон хэдий ч 00 нь гадаа, мөн өвөлдөө хүйтэн байдаг аж. Байрны нэг өрөөний паар нь нэг өрөөнд задарч, хүндхэн нөхцөл байдал үүссэн талаар хүүхдүүд ярьж байлаа.

Завхан аймгийн Отгон сумын дотуур байр
Завхан аймгийн Отгон сумын дотуур байр

2020 оны байдлаар Завхан аймагт нийт 30 сургуулийн дотуур байр байсан бөгөөд үүнээс 60 хувь ашиглалтын хугацаа дууссан барилгатай, 1970-1982 онд барьсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байжээ. Мөн 2010 оноос хойш 2020 он хүртэл нийт таван дотуур байранд төслийн хөрөнгөөр их завсар хийсэн бөгөөд үлдсэн байранд засвар хийгээгүй байсан аж. Улмаар "Хүүхдэд ээлтэй дотуур байр" арга хэмжээг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр болсон байна. Гэхдээ уг арга хэмжээний тайлан, хэрэгжилтийн үр дүнг цахим орчинд нээлттэй байршуулсан мэдээлэл алга байна.

Завхан аймгийн Отгон сумын дотуур байр
Завхан аймгийн Отгон сумын дотуур байр

Сумын цэцэрлэгийн хувьд сургууль, дотуур байрнаас мөн л холгүйхэн байрлалтай аж. Сүүлийн 14 жилийн турш энгийн галлагаатай гэр цэцэрлэгт хүүхдүүд хамрагдаж байна. 2024 онд улсын төсвөөс олгох санхүүжилт нь шийдэгдсэнээр 2025 онд цэцэрлэгийн хуучин барилгыг нурааж, шинээр барьж эхэлжээ. Одоогоор /2025 оны 9-р сарын 8/ барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.

Завхан аймгийн Отгон сумын гэр цэцэрлэг
Завхан аймгийн Отгон сумын гэр цэцэрлэг

Завхан аймгийн отгон сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ж.Өнөргэрэл "2-5 насны 116 хүүхдийг хамруулдаг. 4 бүлэгт 2-5 настай 116 хүүхэд суралцдаг. Сүүлийн 14 жил гэр цэцэрлэгт ажиллаж байгаа. 2014 онд 50 ортой хүүхдийн цэцэрлэг ажиллаж эхэлсэн ч хоёр жилийн дараа хөрсний цэвдгийн улмаас суулт өгч, хана нь цуурч, ашиглалтаас гарсан. 2025 оны 1, 2-р сард хуучин барилгаа буулгаж, 5-р сараас барилгын ажил эхлүүлсэн" гэлээ.

Нийт таван гэрт хоёр бүлэг, эрхлэгчийн өрөө, ажилтнуудын гар аргаар барьсан барилгад хоёр бүлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Цаашид цэцэрлэгийн  шинэ барилгын төсөв тасалдахгүй олгогдож, барилгын ажил хурдан дуусахыг хүлээж байна гэлээ. 2025 оны нэгдүгээр сарын нэгэнд Завхан аймгийн отгон суманд -48 градус хүйтэн хонож байв. Монгол улсын хамгийн хүйтэн өвөлждөг аймагт ийнхүү бяцхан хүүхдүүд гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.


Зургийг гэрэл зургийн сурвалжлагч Д.Занданбат

Comments


bottom of page