top of page

2019-2024 оны хооронд 116 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бусдыг хороожээ

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас зохион байгуулсан "Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь" хоёрдугаар шатны төслийн нээлтийн үйл ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оролцлоо. Энэ үеэр "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээл, бодлогын шинэчлэл" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулсан бөгөөд тус шүүх нь 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах болно. Иймд энэхүү илтгэлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж буй өнөөгийн байдалд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, тус бэрхшээл асуудлыг шийдвэрлэсэн тогтолцоог Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд хэрхэн нэвтрүүлэх нь зохимжтой талаар бусад улсын сайн туршлагыг харгалзан дүгнэлт өгөх болно.

НЭГ. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ БАЙДАЛ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх бөгөөд энэхүү илтгэлд Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэж, шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоон мэдээ болон Зөрчлийн тухай хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн тоо мэдээг тус тус авч үзэв.


Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг бие даасан гэмт хэрэг, зарим гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байхаар хуульчилсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай анги (цаашид “ЭХТА” гэх)-ийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн бие даасан гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хууль тогтоогч уг гэмт хэргийн объектив шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга

  • зодсон;

  • харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

  •  тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.  

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах; 11.1 дүгээр зүйлийн 2.1-т Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах; 11.4 дүгээр зүйл 2.1-т Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах; 12.1 дүгээр зүйлийн 2.3-т Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх зэргээр тусгагджээ. Харин Зөрчлийн тухай хууль (2017)[8]-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийг тус тус хуульчилсан байна.


1.1. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТООН МЭДЭЭ[9]

Улсын хэмжээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд сүүлийн 6 жилийн хугацаанд буюу 2019 оноос 2024 онхүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх (ЭХТА-ийн 11.7 дугаар зүйл), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах (ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8), гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэрэг (ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3)-ийг хянан шийдвэрлэсэн хэргийн тоог авч үзэв. 

Хүснэгт 1. Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоон мэдээ (2019-2024 он)

Он

Хянан шийдвэрлэсэн хэргийн тоо

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

(ЭХТА-ийн 11.7 дугаар зүйл)

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах

(ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8)

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх

(ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3)

  1.  

2019

13427

141

23

10

  1.  

2020

13469

101

22

12

  1.  

2021

12068

99

17

11

  1.  

2022

14202

97

20

8

  1.  

2023

13977

99

13

9

  1.  

2024

14682

112

18

8

Нийт

81825

649

113

58


Дээрх гэмт хэргийг тус бүрээр нь сүүлийн 6 жилийн хугацаанд шүүхээр хянан шийдвэрлэсэн тоо, уг гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлөөр нь задлан авч үзвэл:


I. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРЭГ

(ЭХТА-ийн 11.7 дугаар зүйл)

Улсын хэмжээнд 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан 654 хүнд холбогдох 649 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.


Хүснэгт 2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шүүхээрхянан шийдвэрлэсэн тоон мэдээ (2019-2024 он)

Он

11.7.1.1 дэх хэсэг

11.7.1.2 дахь хэсэг

11.7.1.3 дахь хэсэг

11.7.2.1 дэх хэсэг

11.7.2.2 дэх хэсэг

11.7.2.3 дахь хэсэг







Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн



  1.  

2019

71

71

39

40

4

4

26

26

-

-

1

1

  1.  

2020

38

38

22

22

-

-

41

41

-

-

-

-

  1.  

2021

59

59

14

14

-

-

26

26

-

-

-

-

  1.  

2022

67

67

10

10

-

-

20

21

-

-

 

 

  1.  

2023

68

71

6

6

1

1

24

24

-

-

 

 

  1.  

2024

78

78

10

10

2

2

20

20

2

2

 

 

Нийт

381

384

101

102

7

7

157

158

2

2

1

1


Шүүхээр хянан шийдвэрлэсэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 649 гэмт хэргийн:

  • 58.7 хувь буюу 381 хэргийг ЭХТА-ийн 11.7.1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг;

  • 24.2 хувь буюу 157 хэргийг ЭХТА-ийн 11.7.2.1 дэх хэсэгт заасан “энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэмт хэрэг;

  • 15.6 хувь буюу 101 гэмт хэргийг ЭХТА-ийн 11.7.1.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийг;

  • 1.1 хувь буюу 7 хэргийг ЭХТА-ийн 11.7.1.3 дахь хэсэгт заасан “...хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан;

  • 0.3 хувь буюу 2 хэргийг ЭХТА-ийн 11.7.2.2 дахь хэсэгт заасан “...асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

  • 0.2 хувь буюу 1 хэргийг ЭХТА-ийн 11.7.2.3 дахь хэсэгт заасан “...таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн...” гэмт хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.


Дээрхээс харвал ЭХТА-ийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон; 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хамгийн их хянан шийдвэрлэжээ.


                   График 1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн

тоон үзүүлэлт (2019-2024 он)

Сүүлийн 6 жилийн хугацаанд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн өсөлт, бууралтыг судлан үзэхэд 2024 онд 112 хэргийг хянан шийдвэрлэсэн нь 2019 онтой харьцуулахад 29 хэрэг буюу 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүснэгт 3.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт оногдуулсан

эрүүгийн хариуцлагын тоон мэдээ (2019-2024 он)

Он

 

ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх







Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн

Ял шийтгүүлэгч

Зорчих эрх хязгаарлах

Хорих





Хүн

Хувь

Хүн

Хувь






  1.  

2019

46

-

89

2

2.2

87

97.8%

  1.  

2020

31

-

67

2

3.0

65

97.1%

  1.  

2021

19

-

60

9

15.0

51

84.1%

  1.  

2022

10

2

84

54

64.3

30

 

  1.  

2023

16

1

84

49

58.3

35

 

  1.  

2024

12

-

99

65

65.7

34

 

Нийт

134

3

483

181

37.5

302

62.5


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэм буруутайд тооцогдсон нийт 623 хүний 21.5 хувь буюу 134 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 77.5 хувь буюу 483 хүн ял шийтгүүлснээс 62.5 хувь буюу 302 хүнд хорих ял оногдуулж, 37.5 хувь буюу 181 хүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байна.


II. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ ХҮНИЙГ АЛАХ ГЭМТ ХЭРЭГ

(ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8)

Улсын хэмжээнд 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр 1168 хүнд холбогдох 1087 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг 10.4 хувь буюу 113 байна.

Хүснэгт 4. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг шүүхээрхянан шийдвэрлэсэн тоон мэдээ (2019-2024 он)

Он

ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлээр хянан шийдвэрлэсэн

ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8

 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах





Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн





Тоо

Хувь

Тоо

Хувь





  1.  

2019

187

198

23

12.2

23

11.6

  1.  

2020

210

226

22

10.8

24

11.0

  1.  

2021

197

215

17

8.6

17

7.9

  1.  

2022

179

188

20

11.2

20

10.6

  1.  

2023

163

173

13

8.0

14

8.1

  1.  

2024

151

168

18

11.9

18

10.7

Нийт

1087

1168

113

10.4

116

9.9


 

                     График 2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахгэмт хэргийнтоон үзүүлэлт (2019-2024 он)


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг 2024 онд 18 хэргийг хянан шийдвэрлэсэн нь 2019 онтой харьцуулахад 5 хэрэг буюу 21.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 


Хүснэгт 5. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний алах гэмт хэрэг

оногдуулсан эрүүгийн хариуцлагын тоон мэдээ (2019-2024 он)

Он

 

ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8

 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах



Эмнэлгийн чанартай албадлага

Ял шийтгүүлсэн хүний тоо

Ялын төрөл

(хорих ял)



1

2019

1

22

22

2

2020

-

23

23

3

2021

-

17

17

4

2022

-

20

20

5

2023

1

13

13

6

2024

1

17

17

Нийт

3

112

112


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 112 хүнд хорих ял оногдуулж, 3 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсан байна.


III. ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХАРИЛЦААТАЙ ХҮНИЙГ

ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ

(ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 )

Улсын хэмжээнд 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлээр 2264 хүнд холбогдох 2026 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.


Хүснэгт 6. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийгшүүхээр хянан шийдвэрлэсэн тоон мэдээ (2019-2024 он)

Он

ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлээр хянан шийдвэрлэсэн хэрэг

ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2.3

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх





Хэрэг

Хүн

Хэрэг

Хүн





Тоо

Хувь

Тоо

Хувь





1

2019

328

373

10

3.0

10

2.7

2

2020

307

348

12

3.9

13

3.7

3

2021

346

385

11

3.2

11

2.9

4

2022

363

396

8

2.2

8

2.0

5

2023

337

378

9

2.7

9

2.4

6

2024

345

384

8

2.3

9

2.3

Нийт

2026

2264

58

2.9

60

2.7


Шүүхээс 2019 оноос 2025 он хүртэлх хугацаанд нийт 2026 хүндэтгэх гэмт хэргийг хянан шийдвэрлэсний 2.9 хувь буюу 58 хэрэг нь уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэг байна.

                        

График 3. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэхгэмт хэргийн тоон үзүүлэлт (2019-2024 он)


Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хэргийн өсөлт бууралтыг харвал сүүлийн гурван жил 8-9 хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Хүснэгт 7. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагын тоон мэдээ (2019-2024 он)

Он

 

ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг 2.3.

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх

 



Эмнэлгийн чанартай албадлага

Ял шийтгүүлсэн хүний тоо

Хорих ял



Хүн





1

2019

-

10

10

2

2020

1

10

10

3

2021

-

10

10

4

2022

1

6

6

5

2023

-

9

9

6

2024

-

6

6

Нийт

2

51

51


Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоон мэдээнээс харвал уг гэмт хэрэг нь зарим онд өссөн, зарим онд буурсан үзүүлэлттэй бөгөөд тогтмол өссөн эсвэл буурсан үзүүлэлт гарсангүй.


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үзүүлэлт буурахгүй байгаа суурь шалтгааныг илрүүлэх зорилгоор хийгдсэн зарим судалгааны ажлуудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан, сэдэлд хувь хүний өөрийн ёс суртахуун, ухамсар, хүмүүжил асар их нөлөөтэй хэдий ч нийгмийн хүчин зүйлүүд болох нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах орчин, нийгмийн хүрээлэл зэрэг нөлөөлдөг гэжээ.[10] Мөн судалгаанаас үзвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй суурь шалтгааныг гэр бүлийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж дүгнэсэн байх бөгөөд түүнд ажилгүйдэл, ядуурал, боловсролын түвшин, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн ёс суртахууны уналт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг байна.[11]Дэлхийн банкны 2024 оны тайланд дурдсанаар Монгол улсад хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдээс 15 хувиар бага ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний дундаж цалин нь 25 хувиар бага байна.[12] Энэ нь бусдаас эдийн засгийн хараат байдлыг нэмэгдүүлж гэр бүлийн хүчирхийлэл бий болох шалтгаан болдог байна. Гэмт хэргийн хохирогчдын нийгмийн байдлаас үзэхэд дийлэнх буюу 3308 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 1370 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байна. Иймд ямар нэг ажил эрхэлдэггүй, тогтмол орлогын эх үүсвэргүй иргэд энэ төрлийн гэмт хэрэгт ихээр хохирдог байна.[13]


1.2. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТООН МЭДЭЭ[14]


Улсын хэмжээнд 2019 оноос 2024 оныг хүртэлх хугацаанд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн арга хэмжээ авхуулахаар нийт 153 871 зөрчлийн хэрэг ирүүлснээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан 50451 хэрэг байна. Энэ нь нийт хэргийн 32.8 хувийг эзэлж байна.


Хүснэгт 8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийгшүүхээр хянан шийдвэрлэсэн тоо мэдээ(2019-2024 он)

Он

Зөрчлийн арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хэрэг

Үүнээс




Хэрэгсэхгүй болгосон

Шийтгэлээс чөлөөлсөн

Шийтгэл ногдуулсан





  1.  

2019

Улсын дүн

17990

116

45

17829

ЗтХ 5.4

7178

47

9

7122



  1.  

2020

Улсын дүн

21361

182

65

21111

ЗтХ 5.4

9157

69

5

9083



  1.  

2021

Улсын дүн

22228

243

165

21820

ЗтХ 5.4

8044

77

34

7933



  1.  

2022

Улсын дүн

19674

150

77

19444

ЗтХ 5.4

6711

49

3

6658



  1.  

2023

Улсын дүн

26703

351

121

26231

ЗтХ 5.4

9138

146

15

8976



  1.  

2024

Улсын дүн

45915

335

73

45507

ЗтХ 5.4

10223

125

5

10093



Дээрхээс харвал:

  • 37.3 хувь буюу 513 хэргийг хэрэгсэхгүй болгож,

  • 13.0 хувь буюу 71 хүнийг шийтгэлээс чөлөөлж,

  • 32.8 хувь буюу 49 865 хүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.


Улсын хэмжээнд 2024 онд нийт зөрчлийн 45915 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 2019 онтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.  


График 4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн тоон үзүүлэлт (2019-2024 он)

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийг 2019 онтой харьцуулахад сүүлийн зургаан жилийн хугацаанд 3045 хэрэг буюу 42.4 хувиар өсжээ. Өсөлт, бууралтын үзүүлэлтээс ажиглахад 2022 онд 2019 онтой харьцуулахад 467 хэргээр 6.5 хувь буурсан бол мөн оноос 2024 онд 3512 хэргээр буюу 52.3 хувиар өссөн байна.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчилд оногдуулсан шийтгэлийн тоо мэдээ

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийт 49865 хүнд шийтгэл оногдуулснаас

  • Торгох шийтгэл- 6.0 хувь буюу 2 984 хүнд,

  • Баривчлах шийтгэл- 94.0 хувь буюу 46 881 хүнд тус тус оногдуулсан байна.


Хүснэгт 8. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгт оногдуулсан шийтгэлийн тоон мэдээ (2019-2024 он)

Он

Шийтгэл оногдуулсан

Нийт хүний тоо

Үүнээс



Торгох шийтгэл оногдуулсан

Баривчлах шийтгэл оногдуулсан





  1.  

2019

Улсын дүн

17829

1596

16235

ЗтХ 5.4

7122

166

6956



  1.  

2020

Улсын дүн

21111

3426

17644

ЗтХ 5.4

9083

541

8542



  1.  

2021

Улсын дүн

21820

4955

16865

ЗтХ 5.4

7933

448

7485



  1.  

2022

Улсын дүн

19444

3510

15907

ЗтХ 5.4

6658

307

6351



  1.  

2023

Улсын дүн

26231

5745

20486

ЗтХ 5.4

8976

428

8548



  1.  

2024

Улсын дүн

45507

28652

16854

ЗтХ 5.4

10093

1094

8999









Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил үйлдэж, шийтгэл хүлээсэн хүний хүйсийн байдал

Нийт шийтгэл оногдуулсан 49 865 хүнээс:

  • Эмэгтэй 2 951 хүн буюу 5.9 хувь,

  • Эрэгтэй 46 914 хүн буюу 94.1 хувь

  • Үүнээс өсвөр насны хүн 63 буюу 0.1 хувь тус тус байна.


Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сүүлийн 6 жилийн хугацаанд ЗтХ-ийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийт 50 451 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 32.8 хувийг эзэлж байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг их үйлдэгдэж байгааг харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүнийг хүйсээр нь ангилан авч үзвэл эрэгтэй хүн дийлэнх хувийг эзэлж байна. Шүүхээс энэ төрлийн зөрчилд оногдуулсан шийтгэлийн төрлийг авч үзвэл дийлэнх хувьд буюу 94.4 хувьд баривчлах шийтгэл оногдуулсан байна.

 

1.3.ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил болон гэмт хэргийн талаар хийгдсэн судалгаа болон шүүхээр хянан шийдвэрлэж буй энэ төрлийн хэргийн практикаас үзэхэд дараах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

  • Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн үндсэн 4 хэлбэрийг бүрэн тусгах

  • Гэр бүлийн хүчирхийллийг “байнга үйлдэх” шинжийг хуульчлан тодорхойлох

  • Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулах

  • Зөрчилд баривчлахаас гадна бусад шийтгэлийн төрөл, хэлбэрийг хуульчлах

  • Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг чанаржуулах

  • Хохирогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитой хангах

  • Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллээр хангах

  • Хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх

  • Хүчирхийлэгчид тохирсон таслан сэргийлэх арга хэмжээ авах

  • Гэр бүлийн хүчирхийллийн талаарх иргэдийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх

  • Хууль сахиулагч болон хуульчдын гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах


I. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт дутмаг байдаг

Судалгаанаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нар “аюулын зэргийн үнэлгээ” хийдэг ч түүнийг нотлох баримтаар хэрэгт хавсаргадаггүй, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, бусад гэмт хэргээс ялгагдах онцлог, хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн сэтгэл зүйн онцлог, аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой мэдлэг, амьдралын түүхэнд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах ур чадвар дутмаг байдаг байна.[15] Цагдаагийн албан хаагчид зохих арга хэмжээг хамгийн түрүүнд авах хүмүүс байдаг ч зохих сургалтад бага хамрагдсан, хөрөнгө нөөц хангалтгүй байдаг, гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа бие махбодын хүчирхийллээс бусад хэлбэрийн талаар ойлголт дутмаг байдаг гэсэн дүн гарчээ.[16] Шүүн таслах ажиллагааны явцад тухайн хэрэг маргааны төрлөөр дагнан мэргэшээгүй шүүгч, прокурор, өмгөөлөгч тухайн хэрэгт хамааралтай хамгийн чухал нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулах эрсдэлтэй байдаг.[17]


Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдэд сургалт орох нь чухал байдаг байна. Гадаад улсын туршлагыг судлан үзвэл Европын улсуудаас энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж буй улсын тэргүүн эгнээнд Испани улс багтдаг бөгөөд тус улсад шүүх эрх мэдлийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх сургалтыг тасралтгүй ордог байна.[18]


II. Хууль тогтоомжийн тодорхойгүй байдал

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тодорхойлохдоо “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол...” хэмээн заасан. Харин байнга үйлдээгүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.


“Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хохирогч төвтэй хандлагын үүднээс үнэлэх нь судалгааны товч тайлан”-аас харвал нийт 8 бүсэд хийсэн судалгаанд хамрагдсан хуульч, хууль сахиулагчид Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан байнга гэх нэр томьёог өөр өөрөөр тайлбарлаж, ашиглаж байгаа нь энэхүү ойлголт нэг мөр болохгүй байгааг дараах байдлаар харуулсан гэжээ. Тухайлбал, зарим дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 тохиолдлын нэг нь хөнгөн гэмтэл учруулсан байхад “байнга” шинж хангагдсан гэж үзэж байгаа бол бусад газарт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бус зөвхөн хүний биед гэмтэл учруулсан гэж үзэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 24 цагийн дотор 3 удаа зодсон үйлдлийг нэг шалтгаанаар зодсон гэх үндэслэлээр байнга гэсэн шинжийг хангахгүй гэж үзсэн тохиолдол байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)[19]-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлэх болон шүүхээс хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон нотлох баримтыг шаарддаг. Гэвч дийлэнх хохирогч уг шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй. Хохирогч уг магадлагаа авах боломжгүй тохиолдолд эрүүгийн хэрэгт тооцож болох байсан ч нотлох баримтын наад захын шаардлага хангаагүй тул Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг нь хүчирхийлэгч үйлдэгчийг өөгшүүлсэн ял завших боломжийг олгосон шийдэл гэж үзжээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна. Дээрх судалгаанаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас олон хэрэг хэрэгсэхгүй болох хандлагатай байдаг байна.[20]


III. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаа дутагдалтай байдаг

Судалгаанаас харахад 2019 онд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан 429 шүүгчийн захирамж гарсны 33 нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг байжээ. Энэ нь нийт хүчирхийлэл үйлдэгсдийн дөнгөж 21.23 хувьд нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэсэн үг юм. Мөн 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн 201 хэрэгт цагдан хорих захирамж гаргасан нь шүүхэд шилжсэн нийт хэргийн 9.95 хувийг, зөрчлийн улмаас 1132 саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авсан нь шүүхэд шилжсэн ийм төрлийн хэргийн 13.31 хувийг тус тус эзэлж байна. Энэхүү статистик нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд цагдаа, прокурор, шүүх таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, хүсэл эрмэлзэл дутмаг байгааг харуулсан байна.[21]


Мөн яллагдагч цагдан хоригдож байгаад батлан даалтад гарах, эсвэл цагдан хоригдолгүй батлан даалтад гарсан тохиолдолд түүний хамгийн түрүүнд очих газар нь түүний гэр, үр хүүхэд нь бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдсэн, яллагдагчид хүчирхийлэл үйлдэхгүй байхыг анхааруулсан эсэх зэрэг нь тодорхой биш байгаа нь хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хүчирхийллээс хамгаалах, нүүх, тусламж дуудах, хамгаалах байранд очих, эрх зүйн туслалцаа авах хугацаа, боломжгүй болгодог байна.[22]


IV. Хэргийн бусад оролцогчид (шинжээч, сэтгэл зүйч)-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцуулдаггүй


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлд хийсэн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ тайлан”-д[23] гэр бүлийн хэрэг, маргаан шийдвэрлэхэд зайлшгүй оролцох шаардлагатай шинжээч, сэтгэл зүйч нарыг бий болгох шаардлагатай талаар дурдсан байна. Энэ төрлийн хэрэг маргаанд мэргэшсэн шүүгч байсан ч шүүгчийн хэрэглэх хууль, шүүгчийн ажиллаж буй тогтолцоо нь өөрчлөгдөөгүй цагт төдийлөн ялгаатай үр дүн ажиглагдахгүй байж болно. Иймд дагнасан шүүх байгуулах, үүнийгээ дагаад гэр бүлийн эрх зүйн маргаан шийдвэрлэх шинэ тогтолцоог (гэр бүлийн шинжээчийн ур чадварыг дээшлүүлэх, гэр бүлийн сэтгэл зүйч оролцдог байх зэргээр эдгээр оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгох) нэвтрүүлэх, процессын хуулийг шинэчлэх шаардлагатай гэжээ.[24] Гадаад улсын туршлагыг судлан үзвэл Бүгд Найрамдах Солонгос улсад мөрдөн шалгах ажиллагааны явцад анагаах ухаан, сэтгэл судлал, нийгмийн ухаан гэх мэт бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч хүчирхийлэл үйлдсэн этгээд, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн зан байдал, амьжиргааны төвшин, ажил мэргэжил, хүчирхийлэл үйлдэх сэдэл, шалтгааныг тодорхойлон ажилладаг байна.[25]


V. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагддаг

“Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хохирогч төвтэй хандлагын үүднээс үнэлэх нь” судалгааны тайланд Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлснээс анхан шатны шүүхэд хүрэхэд 122.7 орчим хоног болдог бөгөөд энэ нь цагдаагийн мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхээр хянан шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрд удаашралтай байгааг илтгэж байна гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаар хүчирхийлэл үйлдэгч эсвэл ар гэрийнхний зүгээс эвлэрэхийг шаардах нь гомдлоо буцаах, сэтгэл санааны хямдралд ороход хүргэдэг байна.[26]


VI. Хохирогчийг эрхийг ханган ажиллаж чаддаггүй  Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалтын тайлан[27]-д гэр бүлийн хүчирхийллийн зөрчил болон эрүүгийн хэргүүдийг шүүх хянан шийдвэрлэхэд хохирогчийн эрхийг хангах хүрээнд шүүгч дараах асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд:

  • Хохирогчийг хамгаалахын тулд аюулгүй байдлын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг лавлах, үүнийг нэн ялангуяа өндөр эрсдэлтэй гэж тооцсон хэрэгт хохирогч энэ талаар хүсэлт тавиагүй хэдий ч харгалзаж үзэх;

  • Хэрэгт холбогдогч (яллагдагч)-ийг хохирогчийн тухай мэдээлэл (жишээлбэл, тэдний одоогийн оршин суугаа хаяг)-ийг хавтаст хэргээс олж авахаас урьдчилан сэргийлэх;

  • Хохирогчийг шаардлагатай бол шүүх хуралдааны өмнөх шатанд сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд холбон зуучлах;

  • Гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тухай бүр хохирогчдод мэдээлэх;

  • Хохирогчийг шүүх хуралдааны танхимаас холбогдогч (яллагдагч)-аас 15 минутын өмнө гарах явдлыг баталгаажуулж, мөрдүүлэх;

  • Хохирогчдод шүүхийн шийдвэрийн агуулгыг хангалттай хэмжээнд тайлбарлах;

  • Хохирогчдод давж заалдах процессын тухай хангалттай хэмжээнд тайлбарлах; гэх мэт асуудлыг гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулахдаа харгалзан үзэх шаардлагатай гэжээ.


VII. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд оногдуулдаг шийтгэл нь гэр бүлийн хүчирхийлэл дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөгүй байдаг


Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн ихэнх хувь буюу 97.67 хувь (2019 онд)-д Эрүүгийн шүүхээс хүчирхийлэл үйлдэгчид баривчлах шийтгэл, үлдсэн хувьд (2.33 хувь) нь торгох шийтгэл оногдуулсан гэсэн тоон мэдээ байна. Баривчлах шийтгэлийн хугацаа дунджаар 7-30 хоног үргэлжилдэг байна. Баривчлах шийтгэл нь ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчийг өс санахад хүргэдэг төдийгүй суллагдаж ирээд гэр бүлийн хүчирхийлэл дахин үйлдэгдэх вий гэсэн айдастай амьдрахад хүргэдэг гэж хариулжээ. Энэхүү судалгааны хүрээнд ярилцлага авсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын үзэж байгаагаар шүүх, хуулийн байгууллага шийтгэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх арга хэмжээнд голлон анхаарах хэрэгтэй, учир нь одоо хэрэглэгдэж буй шийтгэлийн арга хэмжээ нь хүчирхийлэл үйлдэгчийг уурлуулж, өс санахад хүргэдэг, эцсийн дүндээ хүчирхийлэл давтагдах, илүү ноцтой болоход нөлөөлдөг байна.[28]

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад албадан хамруулдаг бөгөөд зан үйлд нөлөөлөх үйлчилгээг ганцаарчилсан, бүлгийн болон хосолмол хэлбэрээр зохион байгуулдаг. 2020 оны байдлаар Зөрчлийн тухай хуулийн 5.4.4 дэх заалт буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3396 этгээдэд “Гэр бүлийн хүчирхийлэл, түгээмэл хэлбэрүүд”, “Архины хэрэглээ, хор хөнөөл”, “Стресс ба түүнийг даван туулах арга зам”, “Хандлага, эерэг харилцаа”, “Уур бухимдлыг зохицуулах”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр 217 удаа 199 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан 452 этгээдээс баривчлах байрнаас зохион байгуулж буй албадан сургалтын үр нөлөөг хэрхэн үнэлж буй талаар тодруулахад 123 нь буюу 28,2 хувь нь үр нөлөө сайтай, 202 нь буюу 44,6 хувь нь хангалтгүй, 28 хувь нь ямар ч үр нөлөөгүй гэж хариулсан дүнгээс үзэхэд баривчлагдсан этгээдүүд зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөөг хангалтгүй гэж дүгнэсэн байна.[29]


VIII. Төрийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байдаг

Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат болгонд олон удаа (хамгаалах байранд, цагдаагийн мөрдөн байцаагчид, дараа нь прокурор, эмч, өөр цагдаагийн мөрдөн байцаагч гэх мэт) мэдүүлэг өгч, ихэвчлэн ижил баримт, үйл явдлуудыг давтан ярих шаардлагатай тулгардаг. Энэ тохиолдол бүрд хохирогчийн сэтгэл зүйд хямрал үүсэж, стресс, дипрессэнд өртдөг байна. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн хэлтэс, нэгж, албан хаагчид өөр хоорондоо хамтран ажиллах талаар заасан байдаг ч төрийн бусад байгууллага, ИНБ, ТББ-тай хэрхэн хамтран ажиллах талаар дурдаагүй байна.[30]


ХОЁР. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсын шүүхийн практикт гэр бүлийн маргааныг Иргэний хэргийн шүүх, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийн шүүх харьяалан тус тус шийдвэрлэж байна.


2.1. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг мэргэшсэн шүүгч, дагнасан шүүх хянан шийдвэрлэх талаар бодлогын баримт бичгүүдэд тусгагдаж ирсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”[31]-т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхын хүрээнд Гэр бүлийн хэргийг шийдвэрлэх чиглэлээр шүүгчдийг мэргэшүүлэх, дагнасан шүүхийг бий болгох асуудлыг судлах хэмээн тусгасан.

Энэ хүрээнд гэр бүлийн хэрэг, маргаан, өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулахтай холбоотой судалгааны ажил, хурал хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж ирсэн байна. Тухайлбал, 2017 онд “Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлэгт[32] Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгаа талаар болон цаашид гэр бүлийн маргаан шийдвэрлэх, орчин нөхцөлийг сайжруулах, шүүгч ажилтнуудыг дагнан мэргэшүүлж, хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах шаардлагатай эсэх талаар өөрсдийн салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээ, мэдээллийг нээлттэй хуваалцаж байжээ. Мөн уг хэлэлцүүлэгт “...гэр бүлийн маргааны асуудлаар мэргэшсэн шинжээч зөвлөхүүд байдаггүй. Шүүгч бие даан дангаараа шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа.Гэр бүлийн маргааныг шийдэхдээ ирээдүйн хэдэн жилийн асуудлыг харж шийдвэр гаргадаг онцлогтой учир зөвхөн шүүгч дангаараа шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Иймээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд сэтгэл зүйч, эрх зүй, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлаар мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлагатай гэсэн саналыг олонх хуульч, мэргэжилтнүүд дэмжиж, зөвхөн энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Үүний дараа 2023 онд Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, төсөлд гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулахаар тусгасан байна. Тус хуулийн үзэл баримтлалаас харвал, Монгол улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг дагнан байгуулах хэд хэдэн хэрэгцээ, шаардлага бий болсон гэж үзсэн. Үүнд:

Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд нийт иргэний хэргийн 10-12 хувийг гэр бүлийн хэрэг эзэлдэг бөгөөд энэ төрлийн хэргийн тоо буурах төлөвгүй байна. Түүнчлэн нийт гэр бүлийн хэргийн дийлэнх хувийг (57%-61,5%) шүүхийн журмаар гэрлэлт цуцлах хэрэг эзэлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна.

Хоёрдугаарт, насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий хэмээн үзсэн байна.[33]

Шүүхийг шинээр дагнан байгуулахад шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргааны төрлийг харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал, тухайн салбар эрх зүйн нарийн онцлог байдал болон хэргийн тоон үзүүлэлтийг харгалзах хэрэгтэй. Түүнчлэн тухайн хэргийн статистик мэдээлэл ирээдүйд өсөх таамаглал байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг байна.[34]

Сүүлийн жилүүдэд шүүхэд өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хэргийн тоо жил бүр нэмэгдсэн байдаг. Тодруулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2022 онд нийт 14200 хэрэг шийдвэрлэж, 14393 хүнд ял шийтгэл оногдуулсны 208 нь өсвөр насны хүн байжээ. Харин 2023 онд нийт 13977 хэрэг шийдвэрлэж, 14192 хүнд ял шийтгэл оногдуулсны 222 өсвөр насны хүн, 2024 онд нийт 14682 хэрэг шийдвэрлэж, 14663 хүнд ял шийтгүүлж оногдуулснаас 209 нь өсвөр насны хүн тус тус байсан.[35] Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоо өссөн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өссөн байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих, насанд хүрээгүй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах санаачилгыг гаргасан. Энэ нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхээс гадна гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэдэг мэргэшсэн шүүгчийг бий болгох зорилготой юм.

Энэхүү зорилгын хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/[36]-ыг баталж, уг хуульд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг тус тус байгуулахаар заажээ. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хууль (2024)[37]-д зааснаар 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Тус шүүх байгуулагдсанаар гэр бүлийн хэрэг, эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэж байгаа өсвөр насны хүний үйлдсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, 18 хүртэлх насны хүүхдийн хохирогч болсон эрүүгийн болон зөрчлийн бүх хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүдийг харьяалан шийдвэрлэхээр болсон.[38] Үүний үр дүнд Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 15-20 хувь багасна гэсэн хүлээлттэй байна.[39]

Манай улсад гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулах эрх зүйн орчин бүрдсэн нь сайшаалтай ч уг үйл явдал нь бидний хувьд шинэлэг асуудал юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт шүүгдэгч болон хоригч биеэ биеэсээ харилцан хамааралтай буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байдаг онцлогтой. Иймээс гадаадын зарим улс орны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар судлан үзэх нь зүйтэй.


2.2. ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ТУРШЛАГА

Гадаадын зарим улс Гэр бүлийн шүүх болон Хүүхдийн хэргийн шүүхийг тус тусад нь байгуулсан байдаг. Үүнд, Канад, Австрали, Филиппин, Америкийн Нэгдсэн Улс зэрэг хамаарна. Харин зарим улс орнуудад тухайлбал, Солонгос болон Япон Улсад гэр бүл, хүүхдийн шүүхийг нэгтгэн байгуулсан байна. [40]

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дагнасан шүүхтэй байснаар ажилтнуудын тусгай сургалт, ур чадвараар дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хохирогчдын хэрэгцээ шаардлагыг илүү мэдрэмтгий болгох, хохирогчийн сэтгэл ханамж, хохирогчийн аюулгүй байдлын хувьд илүү сайн үр дүн авчирдаг байна.[41]

Судалгааны энэхүү хэсэгт гэр бүлийн шүүхийг тусад нь дагнан байгуулсан Америкийн Нэгдсэн Улс, Филиппин улсад гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг нэгтгэн “Гэр бүлийн шүүх” байгуулсан Япон, Солонгос улсад гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрхэн хянан шийдвэрлэдэг талаар тус тус авч үзье.


2.2.1. Америкийн Нэгдсэн Улс (Нью-Иорж муж)[42]

Тус улсад 20 дугаар зуунаас эхлэн индивидуализм газар авснаар гэр бүл бол хамтын нэгдэл гэсэн хандлага суларч, гэр бүлийн бүх гишүүд хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөгдөх хандлага бий болсон. Тиймээс гэр бүлийн дотор үүссэн маргааныг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд хууль болон шүүхийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай болсон. 1910 онд АНУ-ын Нью-Йорк Муж Улсын Буффало хотод Гэр бүлийн шүүх анх байгуулагдаж байжээ. Уг шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хамаардаг байна.  


Гэр бүлийн хүчирхийлэл дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

  1. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүн, гэрлэлтээ цуцалсан хосууд, өмнө эсвэл одоо дотно харилцаатай (англ.Intimate Relationship), хүүхэдтэй (гэр бүл эсхүл хамтран амьдрагч байхаас үл хамааран) хамгаалалтад авах тухай (англ.Order of Protection) хүсэлт шүүхэд гаргана. Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газар, эсхүл нөгөө талын оршин суугаа газар, эсхүл хэрэг болсон газрын шүүхийн аль нэгд хүсэлт гаргаж болно. Шүүх хүсэлтийг хүлээн авсны дараа шаардлагатай тохиолдолд баривчлах, хамгаалалтад авах зэрэг түр арга хэмжээ авдаг.Талууд өмгөөлөгчтэй эсвэл өмгөөлөгчгүй оролцох боломжтой. Түүнчлэн өмгөөлөгч авах хүсэлтэй боловч санхүүгийн хувьд боломжгүй тохиолдолд шүүхээс өмгөөлөгч томилно.

  2. Шүүхээс шийдвэр гаргахад үйл баримтыг тогтоох (англ.Fact Finding Hearing) ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Шүүхээс (1) хүсэлт гаргагч болон гэр бүлийн бусад гишүүнд хүчирхийлэл үйлдэхгүй байх, (2) гэрт оруулахгүй байх, (3) хүсэлт гаргагчийн гэр, ажлын газар эсвэл хүүхэд суралцаж байгаа сургуулийн ойр орчимд зорчихгүй байх, (4) хүсэлт гаргагчтай холбоо барихыг хориглох (5) сургалтад хамруулах (6) хохирол нөхөн төлүүлэх, (7) хяналтын байранд байлгах, (8) Эрүүгийн хэргийн шүүх рүү хэргийг шилжүүлэх гэх мэт шийдвэр гаргадаг. Мөн Гэр бүлийн шүүхээс гаргасан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

  3. Хүсэлт гаргагч нь Гэр бүлийн шүүхэд бус Эрүүгийн хэргийн шүүхэд хүсэлт гаргах тохиолдолд цагдаагийн байгууллагад хандана. Эрүүгийн хэргийн шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзвэл эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Гэр бүлийн шүүх, Эрүүгийн хэргийн шүүх, ердийн шүүхээс гарах шийдвэрийг нэгтгэн шийддэг шүүх байдаг бөгөөд үүнийг Гэр бүлийн хүчирхийллийн нэгдсэн шүүх (англ.Integrated Domestic Violence Court) гэж нэрлэдэг байна.


2.2.2 Филиппин Улс [43]

Филиппин Улсын Гэр бүлийн шүүх нь насанд хүрээгүй хүмүүст холбогдох эрүүгийн хэрэг, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцаатай холбоотой маргаан, үрчлэлттэй холбоотой маргаан, гэрлэлт цуцлах болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох маргаан зэрэг өргөн хүрээний хэргийг хянан шийдвэрлэдэг онцгой эрхтэй шүүх юм. 

Тус улсын Гэр бүлийн шүүхийн тухай хууль (англи.Family Courts Act of Philippines)-д насанд хүрээгүй хүн, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай холбогдох заалтуудыг тусгаж, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд байлгахыг баталгаажуулж өгсөн буюу ХХША-нд хүүхдийн эрх ашгийг чухалчилж хуульчилсан. Гэр бүлийн шүүхүүд мэдүүлгийн болон шүүхийн бусад хураамжаас олсон орлогынхоо 10 хувийг судалгаа, үйл ажиллагааны зардалд зарцуулахыг зөвшөөрдөг. Ингэснээр Гэр бүлийн шүүхийн үйл ажиллагааг сайжруулж, үр дүнтэй ажиллахад шаардлагатай нөхцөлөөр хангагдах, Гэр бүлийн шүүхгүй бүсүүдэд Нийгмийн хамгаалал, хөгжлийн газраас насанд хүрээгүй хүмүүсийн болон гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэхээр бэлтгэгдсэн нийгмийн ажилтнуудыг томилж ажиллуулдаг. Энэ нь шүүхийн нөөц бололцоо хязгаарлагдмал бүс нутгуудад ч мөн адил хүртээмжтэй байлгахад чиглэгддэг байна.


Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан тохиолдолд Гэр бүлийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг. Тус улсын Гэр бүлийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүх хуралд хүүхэд оролцсон тохиолдолд хүүхдэд зориулсан тусгайлан тохижуулсан өрөө тасалгаа гаргаж, хурлын заалны зохион байгуулалтыг өөрчилж болдог гэдгээрээ онцлог. Гэр бүлийн болоод насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн холбогдолтой шүүх хурал нь хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжилтэн, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч болон бусад оролцогчдоос бүрддэг байна.


2.2.3. Япон Улс

Тус улсад 1949 онд гэр бүлийн холбогдолтой хэрэг болон хүүхдэд хамаарах эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн шүүх(家庭裁判所)байгуулагдсан. Тус шүүх нь хэрэг маргааны суурь шалтгааныг судалж, гэр бүлийн хүрээнд үүссэн олон төрлийн асуудлыг хэрхэн уг үндсээр нь шийдэж, гэмт хэрэгт холбогдсон эсхүл ийм эрсдэлд байгаа хүүхдийг дахин тэрхүү нөхцөл байдалд оруулахгүй байх, хэрэг тус бүрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч, ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргах зорилготой байдаг. Гэр бүлийн шүүх гэр бүлийн хэрэг, маргаан болон 14 наснаас 20 нас хүртэлх настай хүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэдэг. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг ердийн шүүх нь харьяалан шийдвэрлэдэг байна.

 Япон Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх төв (яп. 配偶者暴力相談支援センター) идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хууль[44](яп. 配偶者からの暴力の防止及び被害者の保護等に関する法律)-д зааснаар уг төв нь дараах чиг үүрэгтэй байдаг.

  • Хохирогчид тодорхой асуудлын талаар мэргэжлийн байгууллагыг дамжуулан зөвлөгөө өгөх;

  • Хохирогчдын бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн шаардлагатай эмнэлгийн болон сэтгэл заслын арга хэмжээ авах;

  • Шаардлагатай тохиолдолд хохирогчийг аюулгүй байдлыг хангах, түр хамгаалалтад авах;

  • Хохирогчийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон байраар хангах, шаардлагатай асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.

Хохирогчийн амь нас эрсдэлд байгаа, эсхүл бие махбодын хүчирхийлэлд дахин өртөх эрсдэлтэй, заналхийлэлд өртөх эрсдэлтэй тохиолдолд сэжигтнийг баривчлахаас өмнө хохирогч анхан шатны ердийн шүүхэд хамгаалалтын арга хэмжээ авхуулах тухай хүсэлт гаргаж болдог.[45] Энэ тохиолдолд цагдаагийн албан хаагч эсвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх төвийн зөвлөгөөг авах шаардлагатай.[46] Шүүхээс хохирогчтой утсаар холбогдох, хохирогч болон гэр бүлийн бусад гишүүдтэй уулзах, хамт амьдрах зэргийг 1 жил хүртэлх хугацаагаар хориглох шийдвэр гаргадаг.[47] Түүнчлэн тус улсын шүүх нь Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, үзэл баримтлалд тулгуурлан гэр бүлийн маргааны холбогдогч талууд шүүх хуралдааны танхимд хамт байх нь аль нэг талд түгшүүр үүсгэх, тухгүй мэдрэмж төрүүлэхээр бол цахимаар оролцох боломжоор хангаж өгдөг байна[48].

 Дээрхээс үзэхэд Япон улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдэд сэтгэл зүйн болон эмнэлгийн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллага ажилладаг онцлогтой байна. Түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалахын тулд хохирогчийн хүсэлтээр хамгаалалтын арга хэмжээг шүүх авах боломжтой байдаг байна.


2.2.4. Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)

Солонгос Улсад Гэр бүлийн шүүх нь 1963 онд Сөүл хотод байгуулагдсан бөгөөд гэр бүлийн хэрэг маргаан болон насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг харьяалан тус тус шийдвэрлэдэг байна. Тус улсад хохирогчийн бие махбодод хүнд гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн, хохирогчийн амь насыг хохироосон тохиолдолд прокурор гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийг шилжүүлдэг.[49] Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, яллагдагч, хохирогч нар оролцох бөгөөд үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэл зүйч, шинжээч, нийгмийн ажилтан оролцож дүгнэлт гаргана.

Харин хүчирхийлэл хөнгөн хэлбэрээр үйлдэгдсэн, анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Гэр бүлийн шүүх (сол.가정법원)-д хохирогчийг хамгаалах арга хэмжээ авах хүсэлт гаргадаг байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагыг оролцуулдаг байна. Шүүх гэр бүлийн хүчирхийллийн хамгааллын хэргийг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн ял шийтгэлийн тухай хуулийн дагуу хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгах тусгай субъектийг томилно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад анагаах ухаан, сэтгэл судлал, нийгмийн ухаан гэх мэт бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч хүчирхийлэл үйлдсэн этгээд, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн зан байдал, амьжиргааны төвшин, ажил мэргэжил, хүчирхийлэл үйлдэх сэдэл, шалтгааныг тодорхойлон ажиллана.[50] Эдгээр ажиллагаа хийгдсэний үндсэн дээр шүүгч хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл дараах арга хэмжээг авна.[51] Үүнд:

  • Хохирогчтой уулзахгүй байх;

  • Эцэг, эх байх эрхийг хязгаарлах;

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хохирогчтой цахимаар холбогдохыг хориглох;

  • Сэтгэл заслын эмчилгээ хийлгэх;

  • Нийгэмшүүлэх сургалтад хамрагдуулах гэх мэт арга хэмжээг авна.

Ийм төрлийн шийтгэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оноох бус, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийг давтан гаргахгүй байх, гэр бүлийн харилцааг засах зорилготой хийгддэг. [52]

Тус улсад гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нийгмийн аюулын шинжээс хамааруулан эрүүгийн хэрэг эсвэл гэр бүлийн хамгааллын хэрэг гэж ангилдаг. Эрүүгийн хэрэг гэж үзвэл Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Харин гэр бүлийн хамгааллын хэрэг гэж үзвэл Гэр бүлийн хэргийн шүүх хянан шийдвэрлэдгээрээ онцлог байна.

Япон, Солонгос улсын туршлагаас үзэхэд гэр бүлийн маргааныг шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэхээс илүүтэйгээр Эвлэрүүлэн зуучлал, Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэрэгт гэр бүлийн шүүхийн судлаач, байцаагч, эмч, иргэдийн төлөөлөгчийг оролцуулах замаар талуудыг эвлэрүүлэх олон талт арга хэмжээг авдаг.[53]

Дээрх улсуудын туршлагаас харвал гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон түүний гэр бүлийн бусад гишүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг нэн тэргүүнд авахаас гадна уг ажиллагаанд олон талын мэргэжилтнүүдийг оролцуулдаг байна. Манай улсын хувьд ч шүүхээс хуульд заасан эрх зүйн хариуцлага оногдуулахаас гадна хохирогч болон түүний гэр бүлийн бусад гишүүдийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүй, эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авч хэрэгжүүлэх нь чухал юм.


2.3. ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ШҮҮХ БАЙГУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгарч буй асуудал болон гадаад улсын зарим орны туршлагыг судалсны үндсэн дээр гэр бүл, хүүхдийн шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй гэж үзэв. Үүнд:


Нэгдүгээрт, Гэр бүл, хүүхдийн хэргийн мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг бэлтгэх

Мэргэшүүлэх сургалт, арга зүйгээр хангах – үүнд дагнасан шүүхийн тогтолцоонд ажиллаж буй шүүгч, шүүгчийн туслах, захиргааны алба хаагчдыг тогтмол сургалт, арга зүйгээр хангах хэрэгтэй.

Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар нь хууль хэрэглээний өндөр ур чадвартай байхаас гадна, зөөлөн ур чадвар (soft skills)-ыг эзэмшсэн байх шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллийн онцлог буюу сэтгэл зүйн гэмтэлд суурилсан шүүн таслах, хууль зүйн тусламж зөвлөгөө өгөх арга зүйг нэвтрүүлэх.


Хоёрдугаарт, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэргэжлийн хүмүүсийг оролцуулах

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд ажиллах мэргэшсэн сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг тусгай мэргэжлийн орон тоог бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь чухал. Бусад улс орны туршлагаас харвал, Япон Улсын гэр бүлийн шүүхэд хэргийн цаад шалтгааныг судалдаг судлаач ажилладаг бөгөөд хэргийг үр дүнтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээлэл, саналыг шүүгчид мэдээлдэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн болон эмнэлгийн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллага ажилладаг байна. Харин Солонгос Улсын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээч, нийгмийн ажилтан оролцон дүгнэлт гаргадаг, үүнээс гадна анагаах ухаан, сэтгэл судлал, нийгмийн ухаан гэх мэт бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч хүчирхийлэл үйлдсэн этгээд, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн зан байдал, амьжиргааны төвшин, ажил мэргэжил, хүчирхийлэл үйлдэх сэдэл, шалтгааныг тодорхойлон ажилладгаараа онцлог байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүүхэд хохирсон тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага оролцдог байна. Тиймээс манай улс ч мөн адил хэргийн цаад шалтгааныг судалдаг судлаачийг бэлдэх нь тус шүүхийг байгуулсан зорилгыг хангахад ач холбогдолтой.


Гуравдугаарт, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн дэд бүтэц, дотоод зохион байгуулалт бусад шүүхээс ялгаатай байх шаардлагатай.

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн дотоод зохион байгуулалт бусад шүүхээс ялгаатай байх шаардлагатай. Тухайлбал, хүүхдийн тоглоомын өрөө, сэтгэл зүйч хүүхэдтэй ярилцлага хийх өрөө, насанд хүрээгүй хохирогчийг шүүгдэгчтэй нүүрэлдэхгүй байлгах зэргээр хүүхдэд таатай орчныг бий болгох хэрэгтэй. Шүүн таслах ажиллагаанаас авч болзошгүй сэтгэл зүйн гэмтэл, дарамтаас насанд хүрээгүй хүнийг аль болох хөндийрүүлэх, хүүхдэд ээлтэй процесс ажиллагааг нэвтрүүлэх нь чухал.


Дөрөвдүгээрт, ГБХ-ийн хэргийг шүүн таслах ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх

Дагнасан шүүхийн үйл ажиллагааг тусгай хэрэгцээт нийгмийн бүлэг буюу охид, эмэгтэйчүүд, хөдөө, алслагдсан орон нутгийн хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн болон үндэсний цөөнхийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан, хүн төвтэй, хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй шүүхийн үйлчилгээг үзүүлэх зэрэг болно.

 

Эх сурвалж: supremecourt.mn


Comentarios


bottom of page