20 жилийн түүхтэй ЭШ хүрэх “зам” хүртээмжтэй байх цаг нь болсон
- 18 hours ago
- 3 min read

20 жилийн түүхтэй ЭШ хүрэх “зам” хүртээмжтэй байх цаг нь болсон
Монгол Улс Элсэлтийн шалгалтыг 2006 оноос авч эхэлсэн. ЭШ-ыг зохион байгуулж эхэлснээс хойш 20 жил өнгөрсөн ч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын хүртээмж, шалгалтын тохируулга, их дээд сургуульд элсэх боломж хязгаарлагдмал байна. 2026 онд ч асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаагүй байхад 20 жилийн өмнөх ЭШ ямар байсан бол?
ЭШ-д хүүхдийн мэдлэг, чадварыг ижил шалгуураар үнэлдэг ч гарааны боломж хүн бүрд адил байдаггүй. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд бэлтгэл сургалтаас эхлээд сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээллийн хүртээмж зэрэг олон саад бэрхшээл бий. Тэгш, хүртээмжтэй боловсролын хүрээнд энгийн сургуульд сурдаг тусгай хэрэгцээт хүүхдэд тулгардаг асуудлууд ч их байдаг. Тухайлбал, дохионы хэлмэрч, брайл үсгэн ном, сурах бичиг, лифт зэрэг орно. Тусгай хэрэгцээт хүүхэд тохируулгын хүсэлтээсээ хоцорсон бол энгийн хүүхэдтэй хамт ЭШ-аа өгдөг. Хэдий 20 минутаа нэмж авсан ч бусад хүүхдүүдийн чимээ шуугианаас болоод анхаарал нь бүрэн төвлөрдөггүй байна. Тэгвэл энэ жил 29 дүгээр сургууль дээр тусгайлан төв гаргажээ.

БҮТ-ийн ЭШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Энэ жилийн ЭШ-д 56 тусгай хэрэгцээт шалгуулагч бүртгүүлсэн. Эмчийн дүгнэлтэд үндэслэн хүүхэд бүрд тохирсон тохируулгыг хийж, тусгай төв гарган ажилласан. Шалгалтын дэвтрийг брайл үсгээр хэвлэх, үсгийн хэмжээг томруулах, томруулдаг шил хэрэглэх боломжийг бүрдүүлэхээс гадна үндсэн хугацаа дээр нэмэлт 20 минутыг олгосон. Түүнчлэн дохионы хэлмэрч, туслах багш гаргах зэрэг тохируулгыг хийсэн. Тохируулга хийх бүртгэлийн хугацаанд сургуулиудад танхимаар сургалт явуулдаг. Тухайн сургалтад БҮТ-д өргөдөл болон эмчийн бичгээ өгөх мэдээллийг түгээдэг.”

Эцэг эхийн төлөөлөл Б.Эрдэнэдалай “Манай хүүхэд өмнө нь 2 дугаар сургуульд ЭШ өгөхөд нэмэлт 20 минутыг нь бусад хүүхдийн шалгалт дуусах үед өгсөн. Чимээ шуугиан ихтэй, төвлөрч чадахгүй байсан учир Боловсролын яамд хүсэлт гаргасан. Ингээд энэ жил тусдаа шалгалтын төв гаргаж өгсөн. Энэ нь асран хамгаалагчид хүсэлтээ өгвөл тохируулга хийх боломжтой гэдгийг харуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Элсэлтийн шалгалтын журамд дахин нэмэлт 20 минут авч болохыг тусгасан. Гэвч энэ жилийн шалгалтад орох хүүхэд, эцэг эхчүүдэд нь мэдэгдээгүйгээс болоод нэмэлт 20 минутаа авалгүй гарч ирэх тохиолдол байна. Иймд мэдээллээ сайн түгээх нь чухал. Хүүхдийг тэгш хамруулан сургах зорилгоор энгийн сургуульд явуулж байгаа бол тэдгээрийн ЭШ-ын бэлтгэлийн асуудал бас яригдах ёстой. Дохионы хэлмэрчгүйгээс болоод нэгдсэн давтлагаасаа хоцрох, нэмэлт сургалтад суух гэхээр хүртээмж муу зэрэг олон асуудал бий. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхэд англи хэлний сургалтад сууя гээд очиход дохионы хэлмэрч, брайл үсэгтэй ном, сурах бичиг байдаггүй. Хэдий ЭШ-д тавьж буй нийтлэг оноог хэд гээд баталчихсан ч гэсэн тусгай хэрэгцээт хүүхдэд ихээхэн зөрүү гарч байна. Олон улсад тусгай хэрэгцээт элсэгчдэд зориулан шалгалтын тохируулгыг хийдэг. СӨБ, ЕБС тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан хичээлээ заасан эсэх, тэгш хүртээмжтэй байж, тохируулга хийсэн эсэхэд тулгуурлан их сургуульд элсэх үед нь нэмэлт үнэлгээ хийдэг. Монгол Улсад бол тийм зүйл байхгүй. Жилд 20 орчим тусгай хэрэгцээт хүүхэд шалгалт өгдөг байсан бол энэ жил 56 хүүхэд шалгуулж байна. 49 мянга гаруй хүүхдээс 56 гэдэг бол маш бага тоо юм. Тэгш хамруулах зорилгоор энгийн сургуульд суралцаж тусгай хэрэгцээт хүүхэд БҮТ-д хүсэлтээ өгөн тохируулга хийлгэж болдог. Гэвч мэдэхгүйгээр өнгөрөх, цагтаа амжихгүй байх, босго оноондоо хүрэхгүй тохиолдол байдаг. Мөн БҮТ мэдээллээ хүртээмжтэй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Хотод байгаа бид мэдээллээс хоцорч байхад орон нутагт ямар байгааг таашгүй. Үүнийг зөвхөн яриад өнгөрөх биш боловсролын салбар яаж хүртээмжтэй болох тал дээр анхаарах ёстой. Их дээд сургуульд орох нь хүн болгонд нээлттэй, чөлөөтэй юм шиг боловч энгийн сургуульд суралцаж, нэмэлт сургалтад суусан хүүхэдтэй адил босго оноо тавин, ижил шаардлагыг тавьж буй нь шударга юм шиг боловч манай улс тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нөхцөл байдлыг харгалзаж үздэггүй байна.” гэлээ.

Ээж, аавуудын төлөөлөл А “Манай хүүхэд сонсголын бэрхшээлтэй. ЭШ-ын явцад 20 минутын нэмэгдэл өгдөг. Мөн дохионы хэлмэрч нэр, кодоо хаана бичих үү гэдгийг чиглүүлж өгдөг л гэж сонссон. Шалгалтад бэлдэх явцад сургуулиас нь дохионы орчуулагчтай цуг бэлдүүлсэн зүйл бол байгаагүй. Өөрөө л тууштай суралцсаны хүчинд шалгалт өгөх гэж байна. БҮТ болон сургуулиас ямар нэгэн зааварчилгаа ирээгүй тул Монгол хэл бичгийн шалгалтын тохируулгын хүсэлтээсээ хоцорсон байсан. Гэхдээ хоцорсон ч гэсэн хүсэлтээ өгөөд, шалгалтдаа орж чадсан. Хотод байгаа бид тохируулгын мэдээллээ цагтаа аваагүй байхад орон нутагт бүр хэцүү байдаг байх. Эдгээр зааварчилгаа, мэдээллүүд хүртээмжтэй биш байна.” гэлээ.



Comments