"Охид онцгой эрхтэй биш. Гэвч.."
- child.mn
- Mar 7
- 3 min read

Тун удахгүй болох гэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан салбар бүрийн мэргэжилтнүүдээс охидод тулгамдаж буй асуудлуудыг ажил, мэргэжлийнхээ туршлагад үндэслэн хэрхэн харж, тодорхойлж буйг асуулаа.

БЗД-ийн 14-р сургуулийн нийгмийн ажилтан С.Дүүрэнбаяр "Өсвөр насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн үерхэх, нөхөрлөх, хайрлах, дурлах, шохоорхохтой холбоотой сэтгэлээр унах, хямрах асуудал хамгийн их тулгардаг. Үүнээс болж хичээл сургуульдаа явахгүй дургүй болох, хоол ундаа идэхгүй байх зэргээр ээж аавыгаа шаналгадаг. Ийм төрлийн асуудалд охид эмэгтэй болохоор охин болохоор давуу эрхтэй гэх буруу хандлага гаргах нь бий. Харин миний хувьд нийгмийн ажилтны зүгээс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тэгш эрхтэй гэсэн зарчмаар л асуудлыг шийдвэрлэдэг."

БЗД-ийн ЭМТ-ийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Дашдүзээ "Туранхай, цагаан, царайлаг хүнтэй эелдэг харилцаж, махлаг, бор бол гадуурхдаг тийм хандлага өсвөр насныхны дунд байсаар л байна. Нийгэмд байгаа учраас л хүүхдүүдийн дунд илэрч байгаа юм л даа. Үүнээс болж өсвөр насны зарим охин маш хатуу хоолны дэглэм бариад, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Охид, эмэгтэйчүүдийг "эрүүл бус" гоо сайхны стандартад нийцэхийг шаардахгүй байх хэрэгтэй байна."

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан "Дүүргийн хэмжээнд гардаг судалгаанаас харахад гэмт хэрэг, зөрчлийн хохирогчдын дийлэнх нь охид байна. Зөвхөн 2025 оны хоёрдугаар сарын мэдээллийг аваад үзэхэд 40 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 30 нь эмэгтэй хүүхэд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Иймээс бид илүү охид эмэгтэйчүүд рүүгээ анхаарах, тэдний өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, тэднийг сонсож тэдний дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгцээ шаардлага байна. Үүнийг нэг зорилгоо болгон ажиллаж байгаа."

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг дарга З.Цэрэнмаа "Би хорооны Засаг даргаар дөрвөн жил ажиллаж байна. Хорооны Засаг дарга бол өөрөө тухайн хорооны хамтарсан багийн ахлагч байдаг. Энэ хугацаанд ингээд харахад гэр бүлийн маргааны эцсийн хохирогч хүүхдүүд болдог. Тэр тусмаа охид илүү гэр бүлийн маргаанд их эмзэг буюу үүнээс болж ноцтой эрсдэлд ордог. Улмаар гэрээсээ дайжих, гэмт хэргийн магадгүй золиос болох хүртэл нөхцөлд байдалд ордог. Амгалан тайван гэр бүлээс хүүхэд дайжихгүй шүү дээ."

Хуулийн сэтгэл судлалын "Асхан" холбооны сэтгэлзүйч Ц.Даваадорж "Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд өсвөр насны охид цахим орчинд маш их цагийг зарцуулж байна. Хэдэн лайк, шэйр авах, хэр олон хүн өөрийг нь дагах зэрэг нь амьдралд нь маш чухал өөрийгөө үнэлэх хэмжүүр болчихсон. Гэхдээ яг бодит байдал дээр утасны цаана байгаа танихгүй нэгнээс өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг хүлээх, хайх биш өөрөө өөртөө итгэлтэй байж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг эцэг эхчүүд сайн ойлгуулаасай гэж хүсэж байна."

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал М.Отгонгэрэл "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирж байгаа нийт хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээллийн 60 гаруй хувийг охид, эмэгтэйчүүдийн дуудлага, мэдээлэл эзэлдэг. Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд бол 95% нь охид хохирсон тохиолдол байна.. Мөн боловсролын орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл ялгаварлан гадуурхалтын дуудлага мэдээлэлд бол илүү охид бас өртөж байна. Жишээ нь хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нэг эмэгтэй хүүхэд хандсан. Том биетэй, өндөр, бондгор. Бие галбираар нь гоочилж, доромжилдог гэнэ. Гэтэл ангид нь яаг адилхан бондгор хүү байдаг ч тэр хүүд тэгж ханддаггүй талаар тэр хүүхэд өөрөө мэдээлэл өгч байсан. Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, эрэгтэй, эмэгтэй учраас ийм байх ёстой гэж гомдоох нь байж болохгүй зүйл гэдгийг эцэг, эхчүүд хүүхдэдээ сайн ойлгуулдаг байгаасай. Ер нь ийм асуудлууд оршсоор л байгаа учраас бид өнөөг хүртэл гуравдугаар сарын найманд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр улс орон даяар охидын төлөө дуу хоолой илэрхийлж, тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ."
Comentários