top of page

Н.Билгүүн: Спорт бол хүүхдийг эрсдэлээс хамгаалах, хөгжүүлэх орон зай юм


Хүүхдийг ямар нэг гэмт хэрэг, асуудлын хохирогч болсон хойно нь илрүүлэх биш өмнө сэргийлэх нь асар чухал. Энэ хүрээнд Налайх дүүргийн хувьд хүүхдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, чөлөөт цагаа аюулгүй орчинд эрсдэлээс хол өнгөрүүлэхэд ач холбогдол өгч ажиллах болжээ.


Тиймээс хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn "Бодлого" цувралын дугаарт Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Билгүүнийг урьж ярилцлаа.


Налайх дүүрэгт яагаад заавал спортыг сонгож, спортоор дамжуулан хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах ажлыг хийх болсон бэ?

Манайх уул уурхайг түшиглэж бий болсон суурьшлын бүс. Ээж, аавууд уурхай түшиглэж хөдөлмөр эрхэлж байхад хүүхдүүд өөрсдөө бие даах, даван туулах чадварт суралцаад өсчихсөн. Манай дүүрэг 16,600 гаруй хүүхэд оршин суудаг. Тэдний төлөөлөл болсон хүүхдүүдтэй уулзаж, ярилцахад нийтлэг анзаарагдаж байгаа зүйл нь хүүхдүүд мөрөөдөлгүй, зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлэх хандлагатай байна. Жишээ нь, Хүүхэд өглөө хичээлдээ яваад, тараад найзуудтайгаа хэсэг тоглоно. Тэгээд гэртээ хариад гэрийн ажлаа хийнэ, зав гарахаар нь утсаа үзээд, найзуудтайгаа зурвас бичнэ, бичлэг үзнэ. Орой орондоо ороод зурагт үзээд унтдаг. Нэг иймэрхүү л давтамжтайгаар өдөр, хоногийг ямар нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, зорихгүйгээр өнгөрүүлж байгаа нь харамсалтай санагдсан. Мэдээж бүх хүүхэд ийм биш л дээ.


Ийм байдлаас л хүүхдүүдийг гаргах гэж тэдэнд нэг зорилго, мөрөөдөл бий болгохыг хүссэн юм л даа. Одоо бол спортын зарим төрлөөр дамжуулж хүүхдүүдийг хөгжүүлэх нөөц боломж манай дүүрэгт бий. Ялангуяа багийн болон ганцаарчилсан төрлийн хэд хэдэн спортын дугуйланг тогтмол хичээллүүлэхээр багш нартай, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж эхэлсэн.


Дугуйланд хамрагддаг хүүхдүүдийн хувьд дийлэнх нь спортод сонирхолтой. Үүнд үндэслээд ялангуяа олимпод оролцох боломжтой спортын төрлүүдийг хөгжүүлж болох юм гэж харж байгаа. Дан ганц хүүхэд болон манай байгууллага үүнийг хийж чадахгүй. Спорт яриад байгаа юм шиг боловч нь үүний ард хүүхдэд маш олон эерэг өөрчлөлтүүд гардаг. Жишээ нь, хичээлээс гадуур ямар нэгэн дугуйланд явж байгаа хүүхэд тухайн хугацаанд бусад эрсдэлээс хамгаалагдаад л явж байдаг. Мөн сурсан мэдсэнээ давтах, хөгжүүлэхээр өөрийгөө дайчилж эхэлдэг. Өөрөө өөртөө эерэг өөрчлөлт хийж чадах зан чанар тэдэнд бий болдог.


Манай дүүрэг хотын төвөөс алслагдсан хэдий ч дотроо бол түгжрэлгүй, хүүхдүүд дугуйландаа хурдан очих боломжтой зэрэг давуу тал бас бий.

Налайх дүүрэг дэх "Налуухай" сагсан бөмбөгийн клубийн хүүхдүүд
Налайх дүүрэг дэх "Налуухай" сагсан бөмбөгийн клубийн хүүхдүүд
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн байрны спорт заал
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн байрны спорт заал

Хүүхдүүд ямар төрлийн спортыг илүү сонирхож байна вэ?

Манайд сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар гэх мэт олон төрлийн дугуйлан хичээллэх боломжтой. Дугуйланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн бараг 70 гаруй хувь нь спортын төрлийг түлхүү сонирхдог. Үлдсэн нь урлагийн чиглэлд сонирхолтой байдаг. Бидний хувьд хичээлээс гадуур ямар ч зорилгогүй, эрсдэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг илүү анхаарч, дугуйланд хамрагдаж, зорилготой болоход нь нөлөөлөл үзүүлэхийг чухалчилдаг. Мэдээж үүнд ээж, аавын дэмжлэг маш чухал. Спорт зааланд хүүхдээ цагт нь авчрахаас эхлээд л энгийн зүйлээс л ээж, аавын дэмжлэг хүүхдэд эергээр нөлөөлж байдаг.


Эцэг, эх нь тоохгүй байгаа хүүхдийг жишээ манай нийгмийн ажилтан хөтөлж яваад л дугуйланд хамруулдаг. Хүүхэд эхлээд магадгүй юунд сонирхолтой, сонирхолгүй гэдгээ мэдэхгүй байж болно шүү дээ. Нэг, хоёр удаа яваад юу хүсэж байгаагаа ойлгоод өөрөө тухайн спортод дурлах, эсвэл өөр дугуйланд ч хамрагдаж болно. Бид тэдний төлөө ийм байдлаар ажиллахад хүүхдүүд "Би хөгжиж болох юм байна" гэдгээ мэдэж авах нь чухал. Дугуйланд яваад заавал мэргэжлийн тамирчин, дуучин, бүжигчин болохгүй байсан ч гэсэн наад зах нь бусадтай зөв боловсон харилцаж чаддаг, нэгнээ хүндэлдэг бие хүн болж өснө шүү дээ.


Томчууд хүүхдээ харилцааны зөв хандлагатай, хариуцлагатай, хөдөлмөрч байхыг хүсдэг. Тэгвэл бид тийм сэдлийг спортоор дамжуулж өгье гэж зориод байгаа юм.


Бидний үйл ажиллагааны гол төв нь хүүхэд, гэр бүл учраас тэдний санал, санаачилга л хамгийн үнэ цэнтэй зүйл байх болно. Энэ ярилцлагаараа дамжуулаад дүүргийнхэндээ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээрээ чөлөөтэй орж, гарч санал бодлоо хэлж байгаарай гэж дахин хэлмээр байна.


Зарим төрийн байгууллагын хэлтсүүд түрээсийн оффистой, зай талбай багатай ажилладаг шүү дээ. Харин танай хэлтсийн хувьд өөрийн гэсэн байртай, дотроо олон өрөөг хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад зориулан тохижуулсан нь онцолмоор санагдлаа.

Тийм шүү. Манай байранд нийт 10 гаруй дугуйлан хичээллэдэг. Зөвхөн волейболоор л гэхэд 150 гаруй хүүхэд манай спорт зааланд ирж хичээллэдэг. Мөн хөл бөмбөгөөр 50 орчим хүүхэд хичээллэж байгаа бол  волейболд мөн адил 50 орчим хүүхэд явдаг. Хөгжим, урлагийн дугуйланд бол арай цөөн. Манай байранд мөн "Нарны охид" гээд охидын өөрөө удирдлагын клубийн хүүхдүүдэд зориулсан өрөө бий. Дотроо төгөлдөр хуур, хурал хийх самбар, суудал гээд бүрэн тохижуулсан. Энэ мэт хүүхэд хөгжүүлэх чиглэлийн үйлчилгээнд 500 гаруй хүүхэд хамрагддаг.


Мөн дүүргийн хэмжээнд авч үзэх юм бол спорт цогцолбор, сургуулиудын секц, дугуйлангууд байна. Бидний бас нэгэн зорилго хүүхэд хөгжлийн үйл ажиллагаанаас гадна үлдээд байгаагаа хүүхдүүдээ дэмжихэд чиглэж байгаа юм. Тэднийг яаж хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулж болох вэ гэдэг нөөцөө тодорхойлохоор бэлдэж байна. Энэ хүрээнд дүүргийнхээ хэмжээнд  багш, дасгалжуулагч, урлагийнхныг цуглуулж хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Хэлэлцүүлэгт оролцох төлөөллүүд өөрсдийн туршлага саналаа хэлж нэгдсэн шийдэлд хүрнэ. Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн үйл ажиллагааг багш нарынхаа дэмжлэгээр хамт хийгээд явах хэрэгцээтэй. Ер нь манай дүүрэг яг хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй олон мэргэжлийн хүмүүс бий.


Таны яриандаа хөгжлийн үйлчилгээнээс хоцрогддог хүүхдүүдийг сорчлон дэмжлэг үзүүлэхийг зорьдог талаар хэд хэд дурдлаа. Тэгвэл танай дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх ямар шалтгааны улмаас хамгийн их зөрчигдөж байна вэ? Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд та бүхэн ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Хүүхэд хамгааллын 108 утсанд 10 дуудлага бүртгэгдсэн гэж бодоход  зургаа нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд байдаг. Эцэг, эх нь архины хамааралтай, хүүхдээ хүчирхийлдэг тохиолдол байна.


Манай хэлтсийн нийгмийн ажилтнууд Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтраад 308 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Ингээд ажилгүй байгааг нь ажилд зуучлаад, ажлын байрыг нь олж өгдөг. Манай ажилтнууд ч их хичээдэг. Гэхдээ тэдгээр хүмүүсийн дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэх дургүй, одоо байгаагаараа л амьдрах сонирхол өндөр. Цаана нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зэргийг ч тоодоггүй. Бидний хувьд ийм тохиолдолд тухайн хүнд эергээр нөлөөлөх арга зүй боловсруулан ажилладаг. Зарим нь ч ухаараад үр хүүхдээ, гэр бүлээ гэдэг.


Бүүр архины хамааралтай, хэцүү асуудлууд бас их байдаг. Гол нь ийм орчин хүүхдэд маш их сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийн тусламжийн 108 дугаараас гадна иргэдээс бас манайд гомдол, мэдээлэл ирдэг. Бид мэдээж тэр дагуу нь ажилладаг. Ер нь л хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих ажил нь зөвхөн нэг байгууллагын хариуцах ажил биш юм аа. Бүх нийтэд хамааралтай. Энэ талаар ААНБ, компаниудад ч мэдээлэл түгээж ажилладаг. Мэдээлэлтэй болсон газрууд бол эргээд л бидний ажлыг харамгүй дэмждэг.


Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг хамгийн чухал хүн бол нийгмийн ажилтан. Хэлтсийн зүгээс тэднийг хэрхэн мэргэшүүлдэг вэ?

Нийгмийн ажилтан ур чадвартай, арга зүйтэй байж хүүхэд болон гэр бүлд дэмжлэг үзүүлж ажиллана шүү дээ. Тиймээс бид нийгмийн ажилтнуудаа улирал бүр чадавхжуулах сургалтад хамруулдаг. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг.

Сүүлийн үед гэвэл ялангуяа архины хамааралтай иргэдтэй ажиллах нийгмийн ажилтнууд хэрэгтэй болж байна. Иймээс аддиктологийн нийгмийн ажилтан бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг ийм л нийгмийн ажилтнуудын ур чадвар манай салбарт их дутагдалтай байна. Гол нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа ээж, аавыг зан үйлээ засахад  аддиктологийн нийгмийн ажилтан тусалж, архинд донтох эмгэгтэйгээ тэмцэхэд туслах юм. Бүр болохгүй бол хордлого тайлах эмчилгээнд явуулна, тогтмол сэтгэл зүйчтэй уулзуулна гэх мэт. Энэ маягаар тухайн нийгмийн ажилтнууд тэр гэр бүл хамтдаа энэ донтолтын асуудлыг туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой л ажиллана гэсэн үг. Хэрвээ ингэж чадвал хүүхэд амар тайван гэрт амьдарч, мөрөөдөх, зорилго, тэмүүлэлтэй байх орчин нь бүрдэнэ.


Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа

 

Comments


bottom of page