top of page

Хүүхдийн эрхийн хууль зүй хороо ямар чиг үүргийн дагуу, хэрхэн ажилладаг вэ?

  • 3 days ago
  • 5 min read

Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн сайтаас хүүхдийн эрхтэй холбоотой хуулийн талаарх мэдээллийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль

Нэгдүгээр дэд бүлэг

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг

40 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо

40.1.Аймаг, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн хууль зүйн хороо /цаашид "хууль зүйн хороо" гэх/-г тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулна.

40.2.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн дараах байгууллагын удирдах албан тушаалтнаас бүрдэнэ:

40.2.1.нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын алба;

40.2.2.аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс;

40.2.3.аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэс;

40.2.4.аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв;

40.2.5.аймаг, дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар, хэлтэс;

40.2.6.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба;

40.2.7.Засаг даргын ажлын албаны хуулийн асуудал хариуцсан нэгж;

40.2.8.аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс;

40.2.9.аймаг, нийслэл, дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс;

40.2.10.аймаг, дүүргийн прокурорын газар;

40.2.11.шүүхийн тамгын газар.

40.3.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн этгээд, хуульч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухайн орон нутаг дахь салбар, нэгжийн төлөөллийг оруулж болно.

40.4.Хууль зүйн хороог шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгж, сум буюу сум дундын прокурорын газар болон шүүх ажиллаж байгаа сумдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр сумын Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулна.

40.5.Энэ хуулийн 40.2-т заасан нэгж суманд байхгүй бол тухайн асуудлыг хариуцсан албан хаагчийг хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд оруулна.

40.6.Хууль зүйн хорооны даргын үүргийг Засаг дарга, эсхүл түүний даалгаснаар Засаг даргын орлогч, эсхүл тухайн аймаг, дүүргийн Засаг даргын ажлын албаны хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга тус тус гүйцэтгэнэ.

40.7.Хууль зүйн хорооны гишүүн өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хууль зүйн хороо, түүний ажлын албыг мэдээллээр хангах, хууль зүйн хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг харьяа байгууллагын хэмжээнд хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.

40.8.Хууль зүйн хорооны гишүүн хууль зүйн хороонд хандсан, үйлчилгээ авсан хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн талаарх хүний хувийн болон эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. 

40.9.Хууль зүйн хороо ажлын албатай байх бөгөөд уг ажлын албаны чиг үүргийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, сум дахь хууль зүйн хорооны нарийн бичгийн даргын үүргийг тухайн сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гүйцэтгэнэ.

41 дүгээр зүйл.Хууль зүйн хорооны чиг үүрэг

41.1.Хууль зүйн хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд дараах үйлчилгээг үзүүлэхээр шийдвэр гаргаж, биелэлтийг хангаж ажиллана:

41.1.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

41.1.2.шаардлагатай тохиолдолд бага насны хүүхдийн мэдүүлгийг дуу, дуу-дүрсний бичлэгээр урьдчилан баталгаажуулж авах ажлыг зохион байгуулах;

41.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд эцэг, эх, гэр бүлийн гишүүд болон бусад этгээдийн дарамт, шахалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа, мэдээлэл өгөх, хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах, саналаа хэлэх, хүсэлт гаргах нөхцөлийг хангах;

41.1.4.эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үе тэнгийнхэн, сургууль, хамт олонд зөвлөгөө өгөх, уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцох;

41.1.5.хүүхдийг хорт зуршлаас ангижрах эмчилгээ, зан үйлд нөлөөлөх  сургалтад хамруулах;

41.1.6.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үеэр түүнд учирч болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах, хүүхдэд батлан даагч томилуулахаар санал гаргах;

41.1.7.гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхэд болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас бусад тохиолдолд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдийн байгаа газар, тусгай өрөөнд зохион байгуулах арга хэмжээг авах;

41.1.8.хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд олгох сургалт, хүмүүжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

41.1.9.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг сурч боловсрох эрхээ эдлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах ажлыг зохион байгуулах;

41.1.10.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг хугацаанаас өмнө нь суллуулах асуудлаар хорих байгууллага, прокурорт санал гаргах, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүүхдэд хяналтын хугацаанд үүрэг хүлээлгэсэн тохиолдолд уг  үүргийг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

41.1.11.тогтоолын биелэлтийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

41.1.12.хорих ял, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эцэг, эх, харгалзан дэмжигчгүй хүүхдийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, баривчлах байр, цагдан хорих төвөөс суллагдсан үед хүлээн авч, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулж, зохих байгууллагад шилжүүлэх;

41.1.13.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогч, эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэл хүлээсэн хүүхдийг хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах;

41.1.14.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд, түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах;

41.1.15.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд хууль зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.

41.2.Хууль зүйн хороо үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийг боловсруулж, тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулна.

41.3.Хууль зүйн хорооны шийдвэр, үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх үүргийг ажлын алба хэрэгжүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.

42 дугаар зүйл.Хууль зүйн хорооны хуралдаан, түүнээс гарах шийдвэр

42.1.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна.

42.2.Хууль зүйн хорооны хуралдааныг гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. 

42.3.Хууль зүйн хорооны хуралдааныг энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд дарга, эсхүл хоёр буюу түүнээс дээш гишүүний санаачилгаар хийнэ.

42.4.Ажлын алба хууль зүйн хорооны хуралдаан болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийг гишүүдэд тараасан байна.

42.5.Хууль зүйн хороо хуралдааны дэгийг өөрөө тогтооно.

42.6.Хууль зүйн хороо хэвлэмэл хуудастай байна. Хууль зүйн хорооны шийдвэрт тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын тэмдгийг хэрэглэнэ.

42.7.Хууль зүйн хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, эсхүл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг хууль зүйн хороо эрх бүхий этгээдэд хүргүүлж болно.

43 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар хууль зүйн хороонд мэдэгдэх үүрэг

43.1.Дараах этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг харьяа хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ:

43.1.1.эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өсвөр насны сэжигтэн, яллагдагч, зөрчилд холбогдогч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдийн мэдээллийг тухай бүр;

43.1.2.шүүх шүүхэд шилжүүлсэн өсвөр насны яллагдагч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ял шийтгэгдсэн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхдийн мэдээллийг тухай бүр;

43.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн мэдээллийг ялын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад үндэслэлээр суллагдсан тохиолдолд суллагдсанаас хойш 3 хоногийн дотор.

43.2.Хууль зүйн хорооны ажлын алба энэ хуулийн 43.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авсан, эсхүл өөрөө олж авсан тохиолдолд хууль зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулж, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

43.3.Хууль зүйн хорооны ажлын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг кейс менежментийн үе шатны хүрээнд үзүүлнэ.

43.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, түүний гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний тайланг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бөгөөд эрх бүхий этгээд нөхцөл байдлын үнэлгээний тайланг хэргийн материалд хавсаргаж, нотлох баримтаар үнэлэх эрхтэй.

43.5.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд харьяа хууль зүйн хороо, түүний ажлын албатай тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллана. 

Comments


bottom of page