
Жендэр гэх үгийг сонссон нэг эрэгтэй дарга "Аан муусайн эмэгтэйчүүдийн эрхийг ямар их ярьдаг юм!" гэж ундууцаж байсныг сонсож байсан юм. Жендэр гэж олон жил "нүдсэн" боловч нийтэд танигдсан ойлголт нь жендэр бол эмэгтэйчүүдийн эрх гэх ташаа ойлголт байлаа. Угтаа энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн утгатай биш бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрх эдлэх боломжтой байх тухай ойлголт юм. Гэвч нийгэмд хүйсээс хамаарч хүчирхийллийн хохирогчдын 96, 97 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Мөн дийлэнх эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлийн хувьд эрэгтэйчүүдээс бага цалин хөлс авах, байр, машин гэх мэт хөрөнгөө нэр дээрээ бүртгүүлдэггүй. Энэ нь эргээд эдийн засгийн, бие махбодын, сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлэлд өртөхөд нөлөөлөх шалтаануудын нэг болдог ажээ. Харин нөгөө талд эрэгтэйчүүд өрхийн эдийн засгийг нуруундаа үүрдэг, эрүүл мэнддээ анхаардаггүй, сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаардаггүй зэрэг асуудлаас болж амиа хорлох, хавдраар залуу насандаа хорвоог орхих зэрэг олон асуудлуудтай тэмцэж байгаа юм.
Тиймээс өсвөр насныхан хүйсээс хамаарч, "Чи эмэгтэй юм чинь...", "Охин юм байж..." гэх хандлагаас болж тэдэнд ямар асуудал тулгардаг талаар нь тодрууллаа.

Сурагч А.Оюундарь "Миний бодлоор эмэгтэйчүүд ер нь эрэгтэйчүүдээс эдийн засгийн хувьд хатаар амьдрах гээд байдаг юм шиг санагддаг. Энэ нь яг юунаас шалтгаалдаг вэ? гээд бодоод үзэхээр жишээ нь охид нэг хөөрхөн хүүхэдтэй танилцлаа. Заа тэгээд нэг болзоонд явах боллоо. Энэ үед угаасаа хүмүүсийн ярьдгаар хөвгүүд охидыг "даах" ёстой гэдэг ойлголтоор л явна шүү дээ. Энэ бол ирээдүйд охид хэн нэгнээс санхүүгийн хамааралтай байх эхлэл юм шиг санагддаг. Тиймээс охид, эмэгтэйчүүд өөрсдөө ажил хийгээд, санхүүгийн хувьд хараат бус байдлаа бүрдүүлэх хэрэгтэй байх. Магадгүй энэ нь цаашлаад эрэгтэйчүүдэд ирдэг санхүүгийн дарамтыг ч багасгах байх. Ер нь охид, эмэгтэйчүүд эрэгтэйчүүд буюу эсрэг хүйстнээсээ илүү байхыг хүсээгүй, бас дутуу ч байхгүй хүсэхгүй. Харин яг эн тэнцүү байхыг л хүсдэг" гэж бодож байна.

Сурагч Э.Гэрэлт-Од "Миний бодлоор ер нь охидыг яг зурагтаар гардаг Blackpink-н од эсвэл жүжигчидтэй их харьцуулаад байдаг нь буруу шүү дээ. Охид өөр өөрсдийн гэсэн онцлогтой, ур чадвартай. Бүх охин цагаан арьстай, том давхраатай нүдтэй байх хэрэггүй. Өөрөө л байхыг нь шүүхгүй байх нь л чухал байх" гэлээ.

Сурагч Ц.Хишигсайхан "Миний бодлоор зарим охин хэтэрхий эрт жирэмсэлж, хэцүү байдалд ордог шалтгаануудын нэг нь эцэг эхээсээ хангалттай хайр халамж хүртэж чаддаггүйтэй холбоотой байх. Гэр дотроосоо мэдрэхгүй байгаа тэр хайрыг өөр хүнээс хайдаг. Тэгээд л нэг хүнтэй үерхээд, өөрт нь сайн хандахаар хайр ийм сайхан юм уу гэж бодно. Ингээд л хүний ятгалгаар ч юм уу хэт эрт хүнтэй унтаад, буруу шийдвэр гаргах ч юм уу тэ. Үр дагаварт нь эрүүл мэндээрээ, ирээдүйгээрээ хохирох эрсдэлтэй л санагддаг. Тиймээс охид мэдлэгтэй байх хэрэгтэй. Бас ээж, аавууд хүүхдээ анхаарч, халамжлах хэрэгтэй" гэлээ.

Сурагч Ц.Дөлгөөн "Бид охид болохоор бидний өртөж буй хүчирхийлэл аливаа гэмт хэрэг үргэлж бидний буруу болдог юм шиг санагддаг. Жишээ нь харанхуй гудамжаар яах гэж явсан юм, яах гэж богино юмбка өмссөн юм гээд гэмт хэрэгтнийг биш охидыг түрүүлж буруутгасан хандлага одоо ч нийгэмд байсаар л. Хэрвээ иймэрхүү ташаа хандлагыг таслан зогсоохгүй бол даамжирч, ирээдүйд хүссэн хувцсаа чөлөөтэй өмсөх эрхгүй болох юм шиг санагддаг даа" гэв.

Сурагч А.Анударь "Охин гэхээр л заавал уян налархай, гарын ур дүйтэй байх ёстой юм шиг ханддаг. Спортоор хичээллээд хэрэггүй гэдэг ч юм уу тэ. Жишээ нь би таеквондо, боксоор хичээллэх хүсэлтэй. Гэхдээ ээж, аав шууд бол дэмждэггүй. Асуухаар эргүүлээд "Миний охин гадаад хэл сурах уу?, Бүжгийн сургалтад суух уу?" л гэдэг. Тэр нь жоохон хэцүү санагддаг" гэлээ.

Сурагч Б.Анухишиг "Би охин болохоор л гэдэг шалтгаанаар зарим үед надад сул дорой, хүчгүй мэдрэмж төрдөг. Жишээ нь, автобусанд зарим нэг хүн намайг охин болохоор л зүгээр сууж явсан суудлаас шууд загнаад босгож болно гэсэн хандлагатай байдаг. Шууд л "Хөөе! Охион чи босчих, хөөе! гээд л загнаад байдаг. Харин эрэгтэйчүүдийг, эрэгтэй хүүхдийг бол тэгдэггүй. Урдаас нь үг хэлэх байх, зодолдох байх гэж боддог юм шиг байгаа юм. Ер нь хүмүүс охидыг эмэгтэй учраас дээрэлхэж болно гэдэг өнцгөөр битгий хараасай гэж хүсдэг" гэлээ.

Сурагч Г.Лхагвамаа "Миний бодлоор охидууд биднийг хүмүүс хэтэрхий их төгс байгаасай гэж хүсдэг юм шиг санагддаг. Эмэгтэй юм чинь ухаантай байх хэрэгтэй, сайн сурдаг байх хэрэгтэй, гаднаасаа ч хөөрхөн үзэсгэлэнтэй байх хэрэгтэй. Нэмээд хүмүүстэй ч гоё эелдэг харьцдаг байх хэрэгтэй гэх мэтчилэн бусдын үзэл бодолд тааруулж харьцах, бусдын үзэл бодлоос хэтэрхий их хамааралтай байх гэх мэтчилэн сэтгэл зүйн дарамтыг бидэнд маш их өгдөг. Энэ нь эргээд өөрийгөө голох, бусдын үзэл бодолд тааруулснаас болж өөрийнхөө үзэл бодлыг бусдад илэрхийлэхээс айхад хүргэдэг. Иймэрхүү асуудлууд болж зарим охинд сэтгэл зүйн асуудал хүртэл тулгардаг. Тиймээс би охидыг өөрийнхөө үзэл бодлыг бусдаас айхгүйгээр илэрхийлдэг байгаасай гэж хэлмээр байна" гэв.

Сурагч Ж.Солонго "Биднийг охин болохоор бидний боломжийг маш их хязгаарладаг гэж боддог. Бага байхаас л бид нарт цаанаас маань чиглэл өгөөд байгаа юм шиг гэх үү дээ. Жишээ нь бид нарт бэлэг өгөхдөө л барби өгдөг, ягаан хувцас өмсүүлдэг, бид нарыг эмч болох ёстой, багш болох ёстой гэх мэтчилэн мэдрэмж өгөөд байдаг. Яг үнэндээ бид нарт маш их боломж байгаа. Бид нар эрэгтэй хүний хийж чадах бүх зүйлийг хийж чадна. Охид сансарт нисэж чадна. Охид том машин барьж чадна. Охид дэлхийд бөхөөр ч амжилт гаргах боломжтой. Охиддоо хэлэхэд бид нарт өгч байгаа энэ ташаа хандлагуудыг тоохгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаарай" гэлээ.

Сурагч Б.Алтансор "Би ихэр. нэг удаа ижилхэн хувцас өмсөөд зах дээр явж байлаа Тэгсэн чинь нэг ах эргэж харснаа "Хүүе ээ! Ихрүүд явж байна. Нэг нь хүнтэй суухаар, нөгөө ихэр нь дагалдаад явдаг шүү тэр айлдаа" гэж аймар чанга хашхирч өгсөн. Захаар дүүрэн хүн бид хоёр руу гайхаж хараад л. Үнэхээр эвгүй байдалд орсон. Насанд хүрсэн эрэгтэй хүн тэгж орилж, чарлах нь аймар санагдсан. Тэрнээс хойш ихэртэйгээ ижилхэн хувцас өмсөхөөс айдаг болсон. Хэрвээ эрэгтэй ихрүүд байсан бол тэр хүн тэгж бүдүүлэг авир гаргахгүй л байсан байх" гэв.

Сураг Г.Нарансолонго "Хааяадаа фэйсбүүкээр охид, эмэгтэйчүүд дээрэлхэлт, гэмт хэрэгт өртсөн мэдээлэл нийтлэгдсэн байхыг харах үнэхээр хэцүү байдаг. Яагаад гэхээр сэтгэгдэл хэсгийг нь хараад л тавгүйрхмээр. Дийлэх нь тэр хохирогч охин, эмэгтэйг буруутгасан өнгө аястай зүйл бичсэн байдаг. Үнэхээр муухай" гэжээ.
ОХИД ХАМГААЛУУЛАХ ЁСТОЙ ХОХИРОГЧ БИШ ЭРХИЙГ НЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ХҮН ЮМ!
Comments