Эрхээ мэдэж эрхээ шаардах манлайлагч хүүхдүүдийг бэлтгэжээ
- 49 minutes ago
- 4 min read

Хүүхэд бүрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Форумд оролцогч хүүхдүүд бусадтай харилцахад тулгардаг асуудал болон юу мэдэрдэг тухайгаа хуваалцсан юм. Оролцогч хүүхдүүдийн хөтөлбөрийн явцад найзуудтайгаа нандигнан ярьсан яриа, хүсэл мөрөөдлийнх нь тухай нэмэлт хачиргүйгээр өгүүлсэн “Миний дуу хоолой, Бидний эрх” номыг олон нийтэд танилцууллаа.
Форумд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 70, 116 дугаар сургуулийн сурагчид болон Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд оролцлоо.

“Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийн зөвлөх Я.Мөнхчимэгтэй цөөн хором ярилцлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд ямар өөрчлөлт хамгийн их ажиглагдсан бэ?
Би энэ хөтөлбөрт гурав дахь жилдээ зөвлөхөөр ажиллаж байна. Анхны жилийн хүүхдүүдтэй өнөөдрийн оролцогчдыг харьцуулахад оролцоо, ярьдаг сэдэв, хүсэл мөрөөдөл нь илүү өргөжсөн нь ажиглагдсан. Эхэндээ хүүхдүүд “Том болоод хэн болох вэ?” гэхэд бариач, маникюрчин, эсвэл зүгээр л туслах ажилтан болно гэж ярьдаг байсан. Харин энэ удаад “Элсэлтийн шалгалтдаа бэлдэж байна”, “Багш болно”, “Эмч болно”, “Инженер болно”, “Урлагийн чиглэлээр суралцана” гэх мэтээр илүү том мөрөөдөл, тодорхой зорилготой болсон байна.
“Миний дуу хоолой, Бидний эрх” номыг гаргах санаа хэрхэн төрсөн бэ?
Хичээл дээр хүүхдүүдийн ярилцлагыг сонсох тусам зүгээр нэг сонсоод өнгөрөх биш үүнийг нь эмхэтгэн гаргавал олон нийтэд нөлөөлөл үзүүлэхэд тустай юм байна гэж бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаатай хэрэгцээ, тэдний хүсэл мөрөөдөл, туулж буй саад бэрхшээлийг шийдвэр гаргагчид, боловсролын байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудад ойлгуулахад энэ ном чухал. Ингээд Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой ярилцаж, ном болгон хэвлүүлсэн.
Номын онцлог юу вэ?
Бид номыг эмхэтгэхдээ хүүхдийн үгийг аль болох өөрчлөхгүй, шүүлтүүргүй хүргэхийг зорьсон. Хүүхдийн үг сонголт, найруулгыг засаж янзлах нь өөрөө ёс зүйн хувьд буруу гэж үзсэн учраас тэдний үзэл бодлыг байгаагаар нь нийтэлсэн.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор
"Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг чадавхжуулах, нийгэмшүүлэх, мөн хүний эрхийн мэдлэг олгох чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ жилийн форум нь 3 жилийн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүн, үйл ажиллагааг дүгнэж буйгаараа онцлогтой болж байна.
Энэ хөтөлбөр нь ердөө л хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ярьдаг, хүний эрхийн асуудлыг ярьдаг манлайлагч залуусыг бэлдэх зорилготой юм.
Хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодол, эрхийг дэмжих энэхүү үйл ажиллагаанд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
116, 29, 74 дүгээр сургууль болон Мэргэжлийн боловсрол, сургалтын сургуулийн багш, удирдлагууддаа гүн талархал илэрхийлье. Манай хөтөлбөр эдгээр дөрвөн сургууль дээр хэрэгждэг бөгөөд сургуулийн хамт олны дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд үнэтэй хувь нэмэр болж байна" гэлээ.

Форумын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрээр “Өөрт тулгарч байгаа асуудлаа зоригтой хэлж, үзэл бодлоо идэвхтэй илэрхийлэх нь маш чухал. Бид хамтдаа ажиллаж чадвал олон зүйлийг өөрчилж чадна” хэмээв. Мөн ирэх жил хүүхдүүдийн авьяас чадварыг урлаг, спортоор дамжуулан олон нийтэд таниулах арга хэмжээ зохион байгуулах санал дэвшүүллээ.
Форумд оролцсон хүүхдүүд өдөр тутамд тулгардаг асуудал, нийгмийн хандлагын талаар ч нээлттэй ярьсан юм.

Хөтөлбөрийн оролцогч “Гадуур явахад зарим явган зам тасарчихсан байдаг нь ганцаараа зорчиход хүндрэл учруулдаг. Мөн хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг анх удаа харж байгаа мэт гайхаж хардаг, бас “Яагаад ийм болсон юм бэ?” гэж их асуудаг. Энэ бол хүний эмзэг сэдэв. Заримдаа түлхэж унагах зэрэг дээрэлхэх үйлдэл ч гардаг нь бусадтай харилцахад хэцүү болгодог” хэмээн ярьсан юм. Тэрээр гадаадын орнуудын хүртээмжтэй орчныг жишээ болгон дурдаж, Монголд ч мөн ийм орчин бүрдээсэй гэж хүсэж байгаагаа хэллээ.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, хөтөлбөрийн оролцогч Г.Галбадрах “Бидний дуу хоолойг нэгтгэсэн ном гарсанд баяртай байна. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй гэж хуульд заасан байдаг. Энэ хуулиа бодитоор хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн өмнөх жилийн төгсөгч А.Пүрэвжаргал “Манай форум жил бүр хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлсийг тайлагнаж, дуу хоолойг нь хүргэдэг онцлогтой. Энэ жилийн хувьд өөрсдийн гэсэн номтой болсон нь хамгийн том онцлог байлаа” гэв. Тэрбээр хөтөлбөрөө төгсөөд залуу судлаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Форумд сайн дурын сурагчид ч идэвхтэй оролцсон юм. Тэдний нэг болох 28 дугаар сургуулийн сурагч Э.Марал хэлэхдээ дохионы хэлээр өөрийгөө танилцуулж, хүмүүст тусалж, инээмсэглэл бэлэглэх хамгийн сайхан мэдрэмж байдаг. Дохионы хэл сурах хөгжилтэй мөртлөө багагүй бэрхшээлтэй байсан ч цаашид улам сайн сурна” хэмээн ярьсан юм.

Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Алтмаа “Энэ хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, айж ичихгүйгээр үзэл бодлоо хэлэх чадварт суралцаж байна. Манай сургуулийн суралцагчдын харилцаа, хандлага, нийгэмших чадвар илт сайжирсан” хэмээн онцоллоо.
Мөн өдөрлөгийн үеэр хөтөлбөртэй хамтран ажиллаж буй “Ханжаргалант өргөө” компани бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм.

Тус компанийн захирал Б.Хэрлэн хэлэх дээ “Манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд маш олон сайн дурын ажилд хамтардаг. Энэ жилээс энэ хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Мөн цаашдаа ч хамтран ажиллана. Хүүхдүүдийг харахад үнэхээр хайр хүрдэг. Тэднийг дэмждэг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэлээ.

Мөн форумын үеэр Рома театрын уран бүтээлчид хүүхэлдэйн жүжиг тоглож, хүүхдүүдэд бэлэг барьсан юм.
Оролцооны хөтөлбөрийн гол үр дүн нь хүүхдүүд өөрсдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн клубүүдийг байгуулж, хамтдаа хөгжиж буйд оршиж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Өөдрөг”, сонсголын бэрхшээлтэй сурагчдын “Харагддаг дуу хоолой” зэрэг дөрвөн клуб гурван жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хөтөлбөрт 70 гаруй хүүхэд хамрагдан, нийгэмдээ дуу хоолойгоо хүргэхээр суралцсаар байна. Хөтөлбөрийг Дүфрэснэ Готьерын сан санхүүжүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Child.mn” “Азхур” номын их дэлгүүр, “All for Education Mongolia”, “Ханжаргалант өргөө”, зэрэг байгууллагууд хамтран дэмжин ажиллаа.



Comments