top of page

"Унаач хүүхэд" баримтат нэвтрүүлгийн нээлт боллоо

6 days ago
2 min read

Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээл "Унаач хүүхэд" баримтат нэвтрүүлгийн нээлт өнөөдөр /2026.11.16/ боллоо.

Баримтат нэвтрүүлэгт түшиглэсэн унаач хүүхдийн эрхийн талаар бодлогын хэлэлцүүлэг, өвөл, хавар, зуны цагт болж буй хурдан морины уралдааны үеийн уралдаанч хүүхдийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотойгоор дотоодын болон олон улсын байгууллагуудын байр суурийг танилцуулах хэсэг зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулахад Европын холбоо, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Налайх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Монголын Залуучуудын Эвсэл ТББ болон Noise Art Media зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүллээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Александрина Гигова, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Алайн Перье, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул, Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Улс төр, эдийн засгийн хэлтсийн дарга Агата Обратаньска болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Кристина Ноблийн Хүүхдийн Сан, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ, Монголын Залуучуудын Эвсэл ТББ, “Лантуун дохио” ТББ, “Хөөрхөн Зүрх” ТББ, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, GoGo.mn мэдээллийн агентлаг, “Noise Art Media” зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Баримтат нэвтрүүлэгт 2026 оны буюу энэ зун болсон Улсын наадам, Налайх дүүрэгт болсон хурдан морины уралдаан, Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн хурд-2026, Дундговь, Төв, Булган аймгийн наадам, овооны тахилгад зориулсан хурдан морины уралдааны үеийн хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг баримтжуулсан юм.

Арга хэмжээг нээж Child.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч А.Уянга "Бид баримтат нэвтрүүлгээ бэлтгэх явцдаа 60 гаруй хүүхэдтэй уулзаж, ярилцсан. Хамгийн ноцтой нь зарим хүүхэд ар гэртээ хоол хүнс авахын тулд сарын 500,000 төгрөгийн хөлсөөр морь унаж байна. Гэрээсээ явж, өөр аймагт уяачийнхаа гэрт амьдардаг. Ингээд хичээл сургууль завсардаж, таван жил сургуульд яваагүй хүүхэд хүртэл тааралдсан. Тэгэхээр хүүхдээр морь унуулахдаа хичээл хоцрогдохоос сэргийлэх, ар гэрийнх нь эмзэг байдлаас бол хөлсөөр "боолчлогдохоос" сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгааг олж харсан. Мөн зөвшөөрсөн хугацаанд хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа хүүхдийн байгууллага, эмч, цагдаа, морины комиссын үйл ажиллагаатай холбоотой юуг сайжруулах шаардлагатай системийн суурь зураглалыг энэ бүтээлээр дамжуулан хүргэхийг хичээлээ." гэв.

Улмаар баримтат нэвтрүүлгийн агуулгад түшиглэн уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, ирсэн зочдын зүгээс байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн агуулгыг нийтлэл болгон тун удахгүй хүргэнэ.





Comments


bottom of page