Хөхөөрөө дарсны улмаас нярай эндсэн хэрэг Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Увс аймагт гарчээ

Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Увс аймагт хүүхдээ хөхүүлэхдээ ам, хамрыг нь санамсаргүй дарж, нярай эндсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс Сум дундын анхан шатны шүүхээс 2026 онд шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээллийг хүргэж байна.
2025 оны 11 дүгээр сарын 16-нд Л.М нь Хөвсгөл аймгийн .... сумын ...багийн ...тоотод байх гэртээ унтаж байхдаа өөрийн 18 хоногтой хүүгээ амьсгал бүтэлтэд оруулж, нярай энджээ. 2026 оны 1 дүгээр сарын 16-нд уг Эрүүгийн хэрэгт шийтгэх тогтоол гаргаж, Л.М-д нэг жил тэнсэн харгалзах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар болжээ.
Мөн 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт иргэн Г.У нь ... сум .... багийн .... тоотод байх өөрийн гэртээ унтаж байхдаа 1 сар 24 хоногтой охин болох А... -г амьсгал бүтэлтэд оруулж, нярай энджээ. 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Г.У-д мөн нэг жил тэнсэн харгалзах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар болжээ.
Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 1 сар 21 хоногтой өөрийн төрсөн хүү болох ....-г хөхөөрөө даж, амьсгал бүтэлтэд оруулж, нярай энджээ. Шүүгдэгч *******өгсөн мэдүүлэгтээ “...Өмнөх өдөр нь хүүхэд шөнө уйлагнаад унтаж амарч чадаагүй. Тэгээд найзындаа очоод амрах гээд хүүхдээ хөхүүлж байгаад нам унтчихсан байсан...” хэмээн ярьсан байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс дээрхтэй ижил хэргийг мөн нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г... нь Орхон аймгийн ..... сумын .... багийн .... тоотод байрлах гэртээ 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө өөрийн төрсөн охин 4 сар 5 хоногтой Н-г хөхөөрөө хооллож байх үедээ болгоомжгүй үйлдлээр амьсгалын эрхтнийг хөхөөрөө дарж унтсаны улмаас механик амьсгал бүтэлтэд оруулж, амь насыг нь хохироосон хэмээн тэмдэглэжээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж....-н өгсөн мэдүүлэгт “...2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр цагаан сардаа бэлдээд маргааш нь хот явах байсан учраас оройтож 1 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Эхнэр бид хоёр унтахдаа бага охин ..... -ны хамт унтаж амарсан. Тэгээд би өглөө 09 цагийн үед 00 орох гээд босоход манай охин ..... их эвгүй байрлалтай хэвтэж байхаар нь би эхнэрт хандаж охин нь яасан эвгүй хэвтэж байх юм бэ гэж хэлчхээд 00 орсон. Манай эхнэр наашаа ирээд охиноо хараадах гээд орилсон. Тэгэхээр нь би 00-оос гараад охин.....хацарт нь хүрсэн чинь цэв хүйтэн болчихсон нас барсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг өгчээ.
Мөн он солигдох мөчид нярай хүүхэд дээрх байдлаар эндсэн харамсалтай хэрэг Увс аймагт болсон байна. П.Э нь 2025 оны 12 дугаар сарын 31-нээс 2026 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү 2 сар 18 хоногтой Э.Х-г хөхөөрөө хооллож байх үедээ болгоомжгүй үйлдлээр ам, хамрын хэсгийг хөхөөрөө дарж унтсаны улмаас хүүхэд энджээ. Улмаар 2026 оны 4 дүгээр сарын 9-нд Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс дараах Эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор нэг жил тэнсэж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Shuukh.mn



Comments