Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулахгүй байх тогтоолыг мөрдөхийг даалгажээ

2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн II хуралдаанаар аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газраас хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж улмаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрбаатар албан даалгавар өгчээ. Хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн байна. Үүнд:
Хөвсгөл өймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар, 2025 оны 41 дүгээр тогтоолыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, тогтоолоор хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхэд оролцуулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавин, аймгийн Цагдаагийн газар болон сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар, 2025 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхэд оролцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэн, буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах.
Сумын Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар, 2025 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг оролцуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин, хориглосон хугацаанд хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байх нөхцөлийг бүрэн хангах. Зөрчил илэрсэн тохиолдолд аймгийн Цагдаагийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын газарт нэн даруй мэдэгдэж, хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тус даалгажээ.



Comments