top of page

Хүүхэд хамгааллын хамгийн том асуудал архидалт, цахим орчны эрсдэл гэж үзжээ

  • 23 hours ago
  • 4 min read

Updated: 10 hours ago

“Монгол Улс дахь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах тогтолцоонд шинээр үүсэж буй асуудлууд: Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны чиг хандлага” судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа. Судалгааг Дүфрэснэ Готьерын сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг 18 төрийн бус байгууллага хамтран хийжээ. Нийт 313 өрх хамрагдсан. Үүний цаана 900 гаруй хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг гаргаж ирэхийг зорьсон аж.

Судалгааны хүрээнд хүүхдийн салбарын санхүүжилтийн асуудлыг ч хөнджээ. Монгол Улсын хүүхэд хамгааллын төсөв 2021, 2022 онд тус бүр 8 тэрбум төгрөг байсан. Улмаар 2023 онд 14.3 тэрбум төгрөг болж өссөн ч анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт бодитоор хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байгааг онцлов.

Судалгааны багийн ахлах судлаач Г.Болормаагийн танилцуулсан судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүргэж байна.

Судалгааны эрэлт хэрэгцээг эхлээд тайлбарлая.

ГБХНХЯ-ны 2025 оны судалгаагаар 2019 онд манай улс нийт халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд 2.4 сая хүнээ хамруулсан байдаг. Өөрөөр хэлбэр хүн амынхаа 70.5 хуийг хамруулсан. Ингээд 2020 онд ДНБ-ий хоёр хувь, 2023 онд бүр 3.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг халамжид зарцуулсан. Гэсэн ч сүүлийн 30 жилийн хугацаанд ядуурал дорвитой буураагүй. Үүгээр ч барахгүй Монгол Улсад амьдарч байгаа 1.3 сая хүүхдийн 570 мянга гаруй нь буюу 46.1 хувь нь ядуурлын шугамаас доош амьжиргаатай өрхөд амьдарч байна.

Хүүхэд хамгааллын талаар бодлого, шийдвэрүүд салбар бүрд байгаа ч уялдаа холбоо хангалтгүй, оролцоог жигд төлөвлөөгүй, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж чадахгүй, үйлчилгээний стандарт тодорхойгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хүүхэд хамгааллын тогтолцооны суурь тавигдсан ч нээлттэй, ил тод байдал хангалтгүй, удирдлагын тогтворгүй, хариуцлага сул байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж, халамжийн санхүүжилтийн 99 хувь нь бэлэн мөнгөний хөтөлбөрт зарцуулагдаж байгаа бол зорилтот бүлгийн иргэдэд хүрэх үйлчилгээний зардал нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм.

Үүнээс гадна тогтолцооны асуудлыг хөндөхгүйгээр хүүхэд, гэр бүлд үзүүлж байгаа үйлчилгээ сайжрахгүй. Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж буй өнөөгийн тогтолцоо нь төрөөс бүх үйлчилгээг бие даан үзүүлэх загварт тулгуурласан. Өөрөөр хэлбэл төрөөс хэт хамааралтай байдал нь энэ төрлийн үйлчилгээний чанарт нөлөөлдөг. Учир нь хүүхэд хамгааллын үйлчилгээ маш шуурхай, цаг алдаж болдоггүй, тасралтгүй, мөн тухайн нөхцөлд, хүүхэд гэр бүлийн онцлог хэрэгцээнд суурилсан, уян хатан байх ёстой. Гэтэл Монгол Улсын өнөөгийн тогтолцоо нь захиргааны зардал өндөр, бэлэн мөнгө, эд материал, шууд тусламж үзүүлэх практик давамгайлж байгаа бөгөөд тухайн орон нутаг, иргэний нийгмийн оролцоонд түшиглэн үйлчилгээ үзүүлэх туршлага хангалтгүй. Үүнээс үүдэн орон нутгийн иргэдийг чадавхжуулах, оролцоог хангах байдал алдагдаж, орон нутаг, иргэд асуудлыг бие даан шийдэх, оролцох механизм хөгжихгүй байна гэж харж байна.

Манай өрхийн судалгаанд оролцогчдын тал хувь нь урьдчилан сэргийлэх тогтолцоо сул, 44.4% нь эрсдэлт хүүхдийг илрүүлж чаддаггүй, 42.7% нь үйлчилгээ хангалтгүй гэж үнэлсэн. Энэ нь тогтолцооны гурван үндсэн хэлбэр урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тус бүрд иргэд сэтгэл хангалуун бус, үйлчилгээнд итгэх итгэлгүй байгааг илтгэж байгаа юм.

Судалгаанд оролцогчдын 90 хувь нь 108 тусламжийн утас, 53.2 хувь нь хамтарсан баг, 38.4 хувь нь хүүхдийн эрхийн улсын байцаагчийн талаар мэддэг гэж хариулсан. Анхаарал татаж буй нэг хариулт нь хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны талаар иргэдийн ердөө 27 хувь нь мэдээлэлтэй байсан. Улмаар тэд өөрт тохирсон үйлчилгээ авах, сонголт хийх эрх нь хангагдахгүй байна гэж үзсэн.

Энэ судалгааны хүрээнд дөрвөн аймаг, дөрвөн дүүргийн нийт 39 мэргэжилтэнтэй ярилцсан юм. Ингэхэд үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн арга зүй, хандлага, үйлчилгээний чанар харилцан адилгүй. Зарим тохиолдолд мэргэжлийн бус байх асуудал түгээмэл. Жишээ нь, үйлчлүүлэгчээ шүүхгүйгээр хандах, нийгмийн хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүстэй ажиллаж байгаагаа ухамсарлаж, буруутгахгүйгээр харилцах зарчмууд хангалттай хэрэгжихгүй байна. Кейс дээр ажиллахдаа тухайн хүнээ илт буруутгах хандлага ч гаргадаг. Ядуурал нь тухайн хүний буруу биш, харин системийн асуудал юм. Иймээс тухайн хүний давуу талыг олж харж, хувь хандлагаар шүүмжлэхгүй байх нь өөрөө системийн зөв суурийг бүрдүүлнэ. Гэвч ийм агуулгаар ажиллаж чадахгүй байна.

Мэдээж цахим орчны эрсдэл хамгийн том асуудлын нэг гэж судалгаанаас харагдаж байгаа. Судалгаа авсан хүүхдүүдийн 91 хувь нь цахим орчинд эрсдэлд өртөх магадлал өндөр, 67 хувь нь дэлгэцийн хэт хэрэглээтэй, 66.6 хувь нь насандаа тохироогүй контентод өртөх нь нийтлэг бэрхшээл болдог гэж хариулсан.

Харин нөгөө талд эцэг эх, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цахим хэрэглээ, мэдээллийн нөлөөгөөр хүүхдийн зан төлөв эрс өөрчлөгдөж, тэдэнтэй харилцах, ойлгоход хүндрэлтэй болсон. Иймээс хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ойлгох, хамтран ажиллах арга зүйн дэмжлэгийн хэрэгцээ нэмэгдсэн гэж хариулсан. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэддээ зарцуулах цаг, боломж хомс байна. Сүүлийн 12 сард өрхийн 36.1 хувьд хүүхэд харах хүн олдоогүй гэж хариулсан бөгөөд үүний гол шалтгаан нь ажил эрхлэлт гэж тайлбарласан. Үүнээс шалтгаалан хүүхэд хараа хяналтгүй үлдэх, аюулд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа юм. Судалгаанд оролцогчдын дунд хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдлэг ч бас хангалтгүй байна. Эцэг, эхчүүдийн 91.2 хувь нь хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовдог ч ердөө 29.5 хувь нь хүүхдээ сайн хамгаалж чадна гэж үзсэн. Мөн 62.2 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх ур чадвараа сайжруулах хэрэгцээтэй гэж хариулсан ч сургалтын хүртээмж, хамрагдах боломж бага байна гэж үзсэн.

Эдгээрээс гадна шинээр үүсч буй эрсдэлд хурдан морины уралдаанч хүүхдийн асуудал мөн багтсан. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн хувьд зөвхөн уралдааны үед л аюулгүй байдлыг нь анхаарах нь өрөөсгөл. Уралдааны бус цагт хүүхдийн эрүүл мэнд, амьдралын чанар, боловсролын тасалдал, үе тэнгийнхэнтэйгээ хамт хөгжих боломж зэрэг нь маш том асуудал болсон хэвээр байна. Мөн уул уурхайн бүсэд хүүхдийг хараа хяналтгүй үлдээх асуудал байсаар л байна. Тиймээс эдгээр бүсэд амьдарч буй гэр бүлүүдэд чиглэсэн тусгай бодлого хэрэгтэй байгаа нь судалгаанаас харагдаж байлаа. Үүний зэрэгцээ олон арван жилийн өмнөх асуудлууд ч шийдэгдээгүй хэвээр байна. Архидалт, гэр бүлийн тогтворгүй байдал, өрхийн орлого, эцэг эхийн хараа хяналтын сул байдал хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл дагуулсаар байна.

Нийт хэмжээст оноог тав гэж үзвэл архидалт 3.80, цахим орчны эрсдэл 3.49 оноогоор хүүхэд хамгааллын хамгийн том хоёр эрсдэлд тооцогдож байгаа юм. Мөн хүүхэд хүмүүжүүлэх хандлагын хувьд 59.4 хувь нь хүүхэд буруу зүйл хийсэн үед хааяа гар хүрэх нь зөв гэж үзсэн бол 81.8 хувь нь хүүхдийг байнга хянах хэрэгтэй гэж хариулсан. Энэ нь уламжлалт хүмүүжлийн хандлага хадгалагдаж байгааг харуулж байна.

Иймээс хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөөний хүртээмжийг сайжруулах, эцэг эхчүүдэд суралцах боломжит цаг хугацаа, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм.

Comments


bottom of page