top of page

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Хөх Тэнгэр монтессори цэцэрлэг шинэ байртай боллоо

1 minute ago
2 min read

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Хөх Тэнгэр монтессори цэцэрлэг шинэ байртай боллоо. Ингэснээр жилдээ 120 хүүхдийг үнэ төлбөргүй сургах юм.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал Б.Амаржаргал "Кристина Ноблийн Хүүхдийн Сан Монгол Улсад 1997 оноос хойш хүүхэд, залуус болон тэдний гэр бүлийг боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хөгжил, нийгмийн дэмжлэгийн чиглэлээр дэмжин ажиллаж байна. Сангийн олон жилийн туршлагад тулгуурлан бий болсон “Хөх Тэнгэр” цэцэрлэгийн үйл ажиллагаа нь зөвхөн хүүхдэд боловсрол олгохоор хязгаарлагддаггүй. Хүүхэд цэцэрлэгт тогтмол хамрагдсанаар эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ аюулгүй орчинд үлдээн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болдог. Шаардлагатай тохиолдолд хүүхэд болон гэр бүлийг эрүүл мэнд, сэтгэл зүй, хүүхэд хамгаалал, нийгмийн үйлчилгээ болон гэр бүлийн амьжиргааг дэмжих бусад үйлчилгээнд холбон ажилладаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, гэр бүлийн нөхцөл байдлыг уялдуулан авч үздэг нь манай цэцэрлэгийн үйл ажиллагааны нэг онцлог." гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр "Манай дүүрэгт 50 гаруй цэцэрлэг, 20 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн хүртээмж 95 орчим хувьтай байгаа.Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүртээмж сайн байгаа." гэлээ.

Кристина Ноблийн Хүүхдийн сан нь анх 2000 онд Нархан гэр хотхоны Сонгинохайрхан дүүрэг байгуулж байжээ. Улмаар 26 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, өргөжүүлсээр өнөөдөр шинэ барилгатай болжээ. 2019 оноос хойш цэцэрлэгтээ монтессори арга зүйг нэвтрүүлжээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд тус цэцэрлэг нийт 1,510 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна.

Шинээр ашиглалтад орж буй 450 метр квадрат талбай бүхий байр нь жилд 120 хүртэлх хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хамрагдах хүүхдүүд ямар нэг сургалтын төлбөр төлөхгүй юм.

Шинэ байр, сургалтын орчныг бүрдүүлэхэд Австрали улсын иргэн, хувь хандивлагч Жосс Стиварт, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Каталпа сан болон бусад байгууллага, хувь хүмүүс дэмжлэг үзүүлжээ.

Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газрын төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын газрын төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга Л.Сачийхангай, хандивлагч, түнш байгууллагын төлөөлөл, эцэг эх, багш ажилтнууд болон хүүхдүүд оролцлоо.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь хүүхэд, залуусын боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, хөгжил, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Тус сан Монгол Улсад 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 54 мянга гаруй хүүхэд, тэдний 150 мянга гаруй гэр бүл, асран хамгаалагчдад шууд дэмжлэг үзүүлжээ.



Comments


bottom of page