Хүүхэд хамгааллын түншлэлийн гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэж байна
- 17 minutes ago
- 1 min read

Монгол Улс 2020 оны 4 дүгээр сарын 2-нд Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх цогц үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр бодит ахиц дэвшил гаргалаа.
Тус түншлэлийн гэрээ төгсгөлийн шатанд хүрээд буйтай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалахтай тэмцэх газрын Олон улсын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Марк Форстром, хөтөлбөрийн зөвлөх Ребекка Леснак, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн ажилтан М.Номинцэцэг нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, ололт амжилт, сургамжийн талаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Энэхүү түншлэлийн гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд анхан шатанд ажиллаж буй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байв.
Иймд, уулзалтын үеэр түншлэлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжийг хэлэлцэхийн зэрэгцээ орон нутагт, ялангуяа хил орчмын болон төмөр зам дагуух бүс нутгийн анхан шатны ажилтнуудыг системтэйгээр чадавхжуулах, салбар дундын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлага өндөр байгааг онцлон хэллээ.
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, тархан суурьшсан, нүүдэлчин амьдралын онцлогийг харгалзан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбарын 833 нийгмийн ажилтан бодит хувь нэмэр оруулж байгаагийн 70 гаруй хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна.
Тус хамтын ажиллагаа нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоог илүү хүртээмжтэй, уялдаа холбоотой, хохирогч төвтэй болгоход чухал хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, тогтвортой хөгжүүлэх суурь болж байна.
Эх сурвалж: ХГБХХЕГ



Comments