ХТҮЗ:Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглож, эрсдийн үнэлгээг эрчимжүүлнэ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, зам тээвэр, хог хаягдлын менежмент, саун массаж, үзвэр үйлчилгээ, соёл, спорт, худалдаа үйлчилгээний салбарт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглосон заалтыг салбарын холбогдох актууддаа тусгах, эрсдэл, аюулгүй байдлын үнэлгээг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн салбарын нийт хуулийн этгээд, шалгалтад хамрагдсан объект, илэрсэн болон арилгасан зөрчлийн нэгдсэн тоог гаргаж, зөрчил илрүүлэлтийг тооцох суурь мэдээллийг 2026 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Уг тогтоолын төсөлд тусгагдсан бусад арга хэмжээг бүрэн эхээр нь хүргэж байна:
Нэг. Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай
1.1. Үндэсний хөдөлгөөний I үе шатны хэрэгжилтийг 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн хангаж, II үе шатыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны өдрийн хооронд үр дүнтэй зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг шаардлагатай төсвийн хамт баталж, хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэн сар бүрийн 25-ны өдөр холбогдох байгууллагад ирүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
1.2. Уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, зам тээвэр, хог хаягдлын менежмент, саун массаж, үзвэр үйлчилгээ, соёл, спорт, худалдаа үйлчилгээний салбарт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглосон заалтыг салбарын холбогдох актууддаа тусгах арга хэмжээ авах, эрсдэл, аюулгүй байдлын үнэлгээг эрчимжүүлж, салбарын нийт хуулийн этгээд, шалгалтад хамрагдсан объект, илэрсэн болон арилгасан зөрчлийн нэгдсэн тоог гарган, зөрчил илрүүлэлтийг тооцох суурь мэдээллийг 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
1.3. Үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрсдэлийн хяналтын хороо байгуулах, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэд, олон нийтийг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх, Сайн хөрш санаачилга өрнүүлж, байгууллагын гадна, дотоод орчин, орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний объектод зөрчлийг илрүүлж, арилгах, эрсдэлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг эрчимжүүлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт;
1.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах 2027 оны үр дүнгийн гэрээнд үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүүхэд хамгааллын бодлого, эрсдэлийн хяналтын хорооны шалгуур үзүүлэлтийг тусгахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга (Б.Энхбаяр)-д;
1.5. Үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, үр дүн гаргасан, тайлан мэдээллээ шаардлагын дагуу, тогтоосон хугацаанд ирүүлсэн яам, агентлаг, аймаг, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулах, хангалтгүй ажилласан хуулийн этгээдэд хариуцлага тооцох саналыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж байхыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир)-д үүрэг болголоо.
Хоёр. Эрсдэлийн мэдээллийг бүртгэж, шуурхай шийдвэрлэх цахим тогтолцоог бүрдүүлэх тухай.
2.1. Эрсдэлийн нэгдсэн мэдээллийн санг хариуцан эзэмших байгууллагыг тодорхой болгож, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг хүүхэд хамгааллын байгууллагуудад шилжүүлж шийдвэрлүүлэх журмыг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (Ч.Номин), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга (Б.Энхбаяр) нарт;
2.2. Газрын зурагт суурилсан “Эрсдэлийн зураглал”-ын хөгжүүлэлтийг бүрэн эцэслэж, системийн ашиглалтыг бүх шатанд сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (Ч.Номин), Хууль зүй, дотоод хэргийн сайд (Г.Тэмүүлэн) нарт даалгалаа.
Гурав. Хүүхдийн эрхийг хамгаалах талаарх авах зарим арга хэмжээний тухай.
3.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын салбар нь 2027 оныг “Хүүхдийн бүтээлч хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 2027 оны төсөв, байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний зураглал, чанар, хүртээмжийг сайжруулж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга (Б.Баярсайхан), Боловсролын ерөнхий газар (Х.Тамир) нарт;
3.2. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих төлөвлөгөө (2027-2030)-ний төслийг боловсруулж, 2027 оны хоёрдугаар улиралд багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Эрүүл мэндийн сайд (Э.Батшугар) нарт;
3.3. Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын хэрэгжилтийн сонсох ажиллагааг 2027 оны нэгдүгээр улиралд салбар бүрд зохион байгуулж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Хууль зүй, дотоод хэргийн сайд (Г.Тэмүүлэн), Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт;
3.4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20¹ заалтын хэрэгжилтийг хангаж, аймаг, дүүрэг бүр “Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч” ажиллуулах орон тоог тогтоож, 2027 оны орон нутгийн төлөвлөлтөд төсвийн хамт тусган батлахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт;
3.5. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд илэрсэн эрсдэлийг үндэслэн шаардлагатай баталгаажуулах оношилгоогоор хийж, хүүхдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд (Э.Батшугар)-д, хэрэгжилтийг хангахад дэмжин ажиллахыг Боловсролын сайд (Л.Энх-Амгалан) нарт;
3.6. Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг 2027 оны I улиралд багтаан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд (Э.Батшугар), Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир) нарт;
3.7. Хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд харьяалал харгалзахгүй суралцах эрх зүйн зохицуулалтыг хамран сургах тойргийн аргачлалд тусгаж, 2027-2028 оны хичээлийн жилээс мөрдүүлэхийг Боловсролын сайд (Л.Энх-Амгалан)-д;
3.8. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны илчлэг, шим тэжээлийн агууламж, хүнсний нэр төрөл, порцын хэмжээнд цогц үнэлгээ хийж, үр дүнд үндэслэн суралцагчдын нас, физиологийн хэрэгцээнд нийцүүлэн хоолны цэс, жор, порцын хэмжээг шинэчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд хоол бэлтгэх, түгээх хүртэлх бүх үе шатанд холбогдох стандарт, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангуулах ажлыг Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Эрүүл мэндийн сайд (Э.Батшугар), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (Ц.Идэрбат) нарт;
3.9. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2027 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн ашиглалтад оруулахыг Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), холбогдох аймгийн Засаг дарга нарт;
3.10. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй агаар, орчны бохирдол, хар тугалганы өртөлтийн эх үүсвэр, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, будаг, бусад бүтээгдэхүүний найрлага, чанар, тэдгээрийн хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалж, эрсдэлийг үнэлэх, хар тугалганы өртөлтөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хар тугалга агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, холбогдох стандарт, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр салбар дундын арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд (Э.Батшугар), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд (Ц.Сандаг-Очир), Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд (Г.Дамдинням), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (Ц.Идэрбат), Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд (Э.Бат-Амгалан), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир) нарт;
3.11. Хүүхдийн эрх, хамгааллын үзүүлэлт тооцох аргачлалыг 2 дугаар улиралд, захиргааны статистик мэдээлэл цуглуулах аргачлалыг шинэчлэх ажлыг 2027 оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Үндэсний статистикийн хорооны дарга (Б.Батдаваа) нарт;
3.12. “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллага болон хилийн чанад дахь монгол сургуульд нэвтрүүлэх, сургууль бүрд “Тогтвортой хөгжлийн булан” байгуулах арга хэмжээг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд (Ж.Алдаржавхлан), Гадаад харилцааны сайд (Б.Батцэцэг), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
3.13. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, шалгалт, шийдвэрлэлтийн явц, хохирогч хүүхдэд үзүүлсэн хууль зүйн туслалцаа, хамгааллын үйлчилгээний мэдээллийг нэгтгэх, байгууллага хооронд солилцох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрлэлтийн байдалд хамтарсан дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, хохирогч хүүхдийн эрхийг сэргээх, хүлээлгэсэн хариуцлагын үр нөлөөг үнэлэх, цаашид авах арга хэмжээ тодорхойлох чиглэлээр Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (Ж.Болд), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Б.Баярсайхан) нарт;
3.14. Цахим орчинд хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт татан оруулах арга хэлбэрийг (хуурамч ажлын зар, хаалттай групп, бэлгийн шинжтэй зураг, бичлэгээр сүрдүүлэх) илрүүлэх, хүүхэд, эцэг эх, багш нарт чиглэсэн урьдчилан сэргийлэх мэдээллийг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан түгээх, цахим платформд байршуулсан хүүхдийн эсрэг хууль бус агуулгыг устгуулах ажлыг тогтмолжуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Г.Тэмүүлэн), Боловсролын сайд (Л.Энх-Амгалан), Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (Ч.Номин) нарт;
3.15. Усны осол, томоохон гол мөрөн, нуурын эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах самбар, хяналтын камер байршуулах, эргүүл ажиллуулах төлөвлөгөөг 2027 оны дөрөвдүгээр сарын нэгний, хэрэгжилтийг 2027 оны тавдугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн хангахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга (Г.Ариунбуян), Цагдаагийн ерөнхий газрын дарга (Ц.Болд), бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Дөрөв. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг дүгнэх тухай.
4.1. Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд улирал тутам хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг үргэлжлүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (П.Батбаатар)-т;
4.2. Үндэсний хөдөлгөөний хэрэгжилт сул байгаа яам, аймаг, дүүрэгт дэд зөвлөлийн гишүүдийн төлөөллийг ажиллуулж, дүн шинжилгээ хийж, санал гаргахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлийн дарга нарт;
4.3. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2027 оны нэгдүгээр сарын 25-ны дотор дэд зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (Т.Аубакир), Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга (Б.Баярсайхан) нарт тус тус үүрэг болголоо.



Comments