top of page

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн байгууллагаас УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

3 minutes ago
6 min read

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн байгууллагаас хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын дарга С.Бямбацогтод шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:

Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10-р сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хаврын морин уралдааныг хуульчлан зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бий болгохыг зорьж байгааг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байна.   

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд байгаа “Хаврын морин уралдаан”-ыг сэргээн зохион байгуулах агуулга нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхэд шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй бөгөөд Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үндэсний болон олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй. Хуулийн төсөлд хаврын морин уралдаанд 14 болон түүнээс дээш насны хүнийг морь унуулахаар тусгасан нь хүүхдийн эрхийг хамгаалах бодит шийдэл бус, харин хүүхдийг улирлын эрсдэлтэй нөхцөлд морь унах, уралдаанд оролцох боломжийг хуульчлан нээж байгаараа хүүхдийн эрхийг шууд зөрчиж буй үйлдэл юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн төрийн үндсэн үүргээ мартсан хэрэг болно.   

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл энэ 7 хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр товлогдсон энэ үед УИХ-ын дарга Та парламентын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бүрэн эрх, улс төрийн манлайллаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлэх шаардлагатай байна.   

НЭГ. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ УЛАМЖЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ СОНИРХЛООС ДЭЭГҮҮР ТАВИХ ЁСТОЙ.   

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүүхэд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн баталгаажуулсан. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх, 19 дүгээр зүйлд хүүхдийг хүчирхийлэл, гэмтэл, зүй бус харьцаанаас хамгаалах, 28 дугаар зүйлд сурч боловсрох эрхийг, 32 дугаар зүйлд хүүхдийг эрүүл мэнд, боловсролд нь саад учруулах, бие бялдар, оюун санааны хөгжилд нь хохирол учруулах аливаа хөдөлмөрөөс хамгаалах үүргийг тус тус тодорхойлсон. Гэтэл хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхэд учирч буй бодит эрсдэлийг арилгах бус, харин уг эрсдэлийг хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээнд шилжүүлэх үр дагавартай.   

2018 онд Хууль зүйн доктор Б.Гүнбилэгийн ахлан хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаагаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан. Монголчууд 20-р зууны төгсгөлөөр өвлийг өнгөрөөж хаврын угтаж, урт уяа сойлго хийж, холхон зайд морь уралдуулах, заншил арга барилд шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд 1995 оны дундуураас олныг хамарсан байдлаар зохион байгуулагдаж, 2004 оноос албан ёсны болгож Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах болсон. Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндэслэл байхгүйг нотолсон байдаг.   

Үндэсний өв соёл, уламжлалыг хадгалах нь чухал боловч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролын эрхийг хохироох замаар уламжлалаа хадгалах ёсгүй. Уламжлал нь хүний эрх, хүүхдийн эрхийн суурь зарчимд нийцсэн байх учиртай.   

ГУРАВ. ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ БАЙДЛЫГ ҮЛ ХАЙХАРЧ БАЙНА.   

Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 63 дугаар тогтоол нь “Дүнжингарав уралдааныг зохион байгуулахтай холбоотой нэгдүгээр заалтыг хууль бус байсан болохыг тогтоосон” шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь хүүхдийн эрх, хууль дээдлэх зарчмыг үл харгалзан төрийн байгууллагаас гаргасан шийдвэрээр хаврын морин уралдааныг зохион байгуулах боломжгүйг тодорхой харуулсан эрх зүйн чухал баримт дэвшил юм.   

Түүнчлэн Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 57 дугаар тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолд 2025 оны 41 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл дээрх хуулийн төсөл нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр өмнө нь авч хэрэгжүүлсэн төрийн бодлого, шийдвэрийн үндэслэл, зорилгыг дахин нягтлан үнэлэхгүйгээр хаврын уралдааныг сэргээх эрх зүйн үндэс бий болгохоор байна. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өмнөх шүүхийн шийдвэр, төрийн бодлого, хүний эрхийн олон улсын үүрэг амлалтыг харгалзан үзэх үүрэгтэй.   

Хуулийн зохицуулалтыг өөрчлөх замаар хүүхдийн эрхийн хамгаалалтыг ухраахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.   

ДӨРӨВ. ХҮҮХДИЙН НАС, ХАМГААЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ НЬ УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮНДЭСЛЭЛ БИШ.   

Хуулийн төсөлд 14 болон түүнээс дээш насны хүнээр морь унуулах, хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсүүлэх, даатгалд хамруулах, эмнэлгийн тусламжийн хэсэг ажиллуулах, уяач болон унаачийн хооронд гэрээ байгуулах зэрэг зохицуулалт тусгасан байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь хаврын морин уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролын эрхэд үзүүлэх үндсэн эрсдэлийг арилгаж чадахгүй. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар 02 дугаар сарын 01/1414 дугаар тоот албан бичигт 2017-2024 оны 8 жилийн хугацаанд нийт зохион байгуулагдсан 2234 хурдан морины уралдаанд 3070 хүүхэд мориноос унаж, бэртэл гэмтэл авсан, үүнээс 25 хүүхэд нас барж, 8 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Монгол Улс хүн ам цөөнтэй орны хувьд хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь төрийн нэн тэргүүний үүрэг байх ёстой. Гэвч хууль ёсоор зөвшөөрөгдсөн хурдан морины уралдааны үеэр ч бмд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Ийм нөхцөлд хаврын уралдааныг сэргээх нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн үүрэг, хариуцлагатай хэрхэн нийцэх вэ?   

Хамгаалалтын хувцас, даатгал, эмнэлгийн тусламж нь осол, гэмтэл гарсан тохиолдолд учрах хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болохоос хүүхдийг эрсдэлтэй хөдөлмөр, үйл ажиллагаанд оролцуулахыг зөвтгөх үндэслэл биш юм. Мөн 14 нас хүрсэн гэдэг нь хүүхдийн эрх зүйн хамгаалалт дуусгавар болсон гэсэн үг биш. Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу 18 нас хүрээгүй хүн бүр хүүхэд бөгөөд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг төрд хэвээр хадгалагдана.   

Хүүхдийг эрсдэлд оруулсны дараа хамгаалах бус, урьдчилан сэргийлэх, түүнийг үүсгэж буй нөхцөлийг таслан зогсоох нь төрийн хамгааллын бодлогын үндсэн зарчим байх ёстой.   

ТАВ. ХУУЛЬ ТОГТООГЧИД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ.   

Монгол Улсын Их Хурал бол хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хамгаалах, хууль тогтоомжийг Үндсэн хууль болон олон улсын гэрээнд нийцүүлэх үндсэн үүрэгтэй төрийн байгууллага юм. Хүүхдийн эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн төсөл санаачлагчдын үндэслэл тайлбар, эдийн засгийн болон уламжлалын үндэслэлийг бус, хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөлөл, бодит судалгаа, эрсдэлийн үнэлгээ, холбогдох байгууллагуудын дүгнэлтийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай. Хаврын морин уралдааныг сэргээх асуудал нь зөвхөн морин спорт, үндэсний баяр наадмын зохион байгуулалтын асуудал биш. Энэ бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрх, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байх эрхийн асуудал юм.   

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг үр дагаврыг харгалзан дараах шаардлагыг хүргүүлж байна.   

  1. Хаврын морин уралдааныг сэргээн зохион байгуулах агуулга бүхий Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж, УИХ-ын даргын хувьд уг төслийг дэмжихгүй байгаагаа албан ёсоор илэрхийлж, байр сууриа олон нийтэд мэдэгдэх.   

  2. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааны хүрээнд нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга нартай уг асуудлаар зарчмын байр суурь солилцож, хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийн үндсэн зарчмыг хууль тогтоох үйл ажиллагаанд хангах чиглэлээр улс төрийн зөвшилцөл, манлайлал үзүүлэх.   

  3. Хуулийн төслийг санаачилсан болон дэмжиж буй Улсын Их Хурлын гишүүдэд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхэд учрах бодит эрсдэл, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, өмнөх шүүхийн шийдвэр, төрийн бодлогыг үндэслэн тайлбарлаж, уг хуулийн төслийг дэмжихгүй байх, хүүхдийн эрхийг улс төр, эдийн засаг болон бусад ашиг сонирхлоос дээгүүр тавихыг уриалах.   

  4. УИХ-ын нэгдсэн хуралдааныг даргалах, зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төслийн хэлэлцүүлгийг яаруу, нэг талыг барьсан байдлаар явуулахгүй байх, хуулийн төслийн хүний эрх, жендэрийн нөлөөллийг үнэлж үздэг жишиг тогтоох шаардлагатай бөгөөд хүүхдийн эрхийн талаарх бодит баримт, судалгаа, хууль зүйн үндэслэлийг гишүүдэд бүрэн танилцуулах, гишүүн бүрд зарчмын байр сууриа илэрхийлэх боломжийг хангаж ажиллах.   

  5. Хуулийн төслийг хэлэлцэх, батлах асуудлаар санал өгөхдөө Улсын Их Хурлын гишүүн бүр Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, гаргаж буй шийдвэрийнхээ үр дагаварт улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээх ёстойг парламентын түвшинд онцлон анхааруулж, энэ зарчмыг гишүүдэд мөрдүүлэх чиглэлээр манлайлал үзүүлэх.   

  6. Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн хүүхэд хамгааллын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг биш. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд Улсын Их Хурал, түүний удирдлага, гишүүдийн хүлээх үндсэн үүрэг мөн. Хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлтэй зохицуулалтыг хуульчилснаар учрах хохирлыг нөхөн барагдуулах боломжгүй. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг хамгаалахад төр ялангуяа хууль тогтоогчид хариуцлагатай шийдвэр гаргах үүрэгтэй.   

  7. Хүүхдийн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. Хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлийг хуульчлахыг бид эсэргүүцэж байна гэжээ.

Comments


bottom of page