top of page

ХГБХХЕГ: Хүүхдийг уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулаарай

  • Apr 15
  • 1 min read

Жил бүрийн 11-р сарын нэгнээс дараа оны тав дугаар сарын нэгний өдөр хүртэл 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаа, морьны ажилд оролцуулахыг хориглосон. Тэгвэл ердөө хагас сарын дараа Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бэлдэх, үсэргээ, сунгаа, морины ажилд хүүхэд оролцуулж эхлэхтэй холбоотойгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас дараах мэдээллийг гаргажээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11-т уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байхыг заасан. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.7-д “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах” талаар ч тусгасан. Үүнээс гадна Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын 3.5.1-т “хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах” талаар мөн тусгасан байна. Тиймээс эдгээр заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрөл”-ийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон билээ. Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас санууллаа.


Comments


bottom of page