top of page

Х.Буянбат:Дагнасан шүүхэд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг хамаарна гэж ойлгож болно

  • 2 days ago
  • 3 min read

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй холбоотой асуудлаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын ахлах судлаач Х.Буянбаттай ярилцлаа.

Өнөөдөр Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхтэй холбоотой асуудлаар тал талаас нь мэдээлэл өгч байна. Ер нь яг ямар агуулга, процессоор үйл ажиллагаа явуулж, хүүхдэд ээлтэй шүүх бий болох вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч.

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах асуудал одоо процессын хуулиа хүлээсэн байдалтай байгаа. Бид шүүх байгуулах тухай ярьж байгаа ч энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвхөн нэг л үе шат. Бидний хүлээж байгаа энэхүү хууль бол хүүхдийн үйлдсэн хэргийг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэсэн бүхэл бүтэн процесс юм. Тиймээс зөвхөн шүүх хуралдаан биш, цагдаа, прокурорын байгууллага хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэдэг үе шат болгонд анхаарч, хуулийн өөрчлөлтийг оруулж байна. Өмнө нь хүүхдийн хэргийг насанд хүрэгчидтэй ижил тогтолцоогоор шийдвэрлэж байсан бол одоо бие даасан шүүх, бие даасан процесс руу шилжиж байгаа нь манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоонд гарч буй томоохон өөрчлөлт юм.

Дагнасан шүүх дээр хүүхэдтэй холбоотой бүх хэргийг авч хэлэлцэх үү? Яг ямар төрлийн хэргийг шийдвэрлэх вэ?

Одоо бол "хүүхдийн үйлдсэн хэрэг" гэж ойлгож болно. Харин хүүхэд хохирсон бусад төрлийн хэргийг ердийн шүүхүүд хянан шийдвэрлээд явах боломжтой. Гэхдээ хүүхэд хохирсон хэргийг шийдвэрлэхэд хүүхдийн оролцоо, хүүхэдтэй хэрхэн харьцах асуудал маш чухал. Цагдаа, прокурор хэрхэн хяналт тавих, мөн шүүх хуралдаанд хүүхэд гэрчээр оролцох тохиолдолд сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн оролцоо ямар байх, асуулт тавихад ямар шаардлага тавих зэргийг бид нэлээд нарийвчлан зохицуулахыг зорьж байна.

Та сая бусад улс орнуудын жишээг дурдлаа. Олон улсын туршлагаас харахад ямар төрлийн зохицуулалт байвал хамгийн сайн жишиг болох вэ?

Гэр бүлийн маргаан дээр хүүхдийн асрамж хамгаалалтыг тогтоох эсвэл гэр бүл цуцлалтын асуудалд хүүхэд оролцож л байгаа бол тусдаа мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай. Хүүхэд бол эрх зүйн чадамжтай насанд хүрэгчдээс онцлогтой. Шүүхээс мөрдөн шалгах зарчим хэрэгжүүлэх нь оновчтой гэж бодож байна. Жишээлбэл, хүүхэд аав дээрээ байх уу, ээж дээрээ байх уу гэдгийг шийдэхэд иргэний шүүхийн "талуудын тэгш оролцоо"-ны зарчим асуудалтай болдог. Тиймээс шүүх өөрөө хүүхдийн нөхцөл байдлыг тогтоох мэргэжилтнүүдийг ажиллуулж, тэдний гаргасан дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Шүүх гэх институтийг байгуулж байгаа бол түүнийг дагасан бүх мэргэжилтнүүдийг бэлтгэж, найдвартай байдлыг хангах хэрэгтэй.

Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал маш их гарч байна. Энэ төрлийн хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хүлээлгэх хариуцлага болон хохирсон хүүхдийг хамгаалах эрх зүйн орчны талаар юу хэлэх вэ?

Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх насны шалгуур бий. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг бид шалтгаан нөхцөл, үр дагавартай нь холбож нухацтай авч үздэг. Гэхдээ хохирсон хүүхдийн хамгаалалтын асуудалд илүү нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй байна. Саяхан гарсан 16 настай хүүхдүүдийн хэрэг дээр нийгмийн анхаарал их байна. БНСУ-ын жишээг харахад хохирогчдыг эргээд сургуулийн орчинд нь ороход анхаардаг. Бид гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн хувь заяанд анхаарч байгаа ч хохирогч хүүхэд сургуульдаа эргээд очиход түүний эрхийг бүрэн сэргээж чадаж байна уу, мэдээллийн нууцлал ямар байна вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай байна.

Бусад орнуудад дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн их сургуульд элсэх эрхийг нь хасах зэрэг хязгаарлалт тавьдаг юм байна. Манайд яг ямар арга хэмжээ авбал энэ төрлийн гэмт хэргийг бууруулна гэж та харж байна вэ?

Тухайн гэмт хэрэгт ямар ял шийтгэл тохиромжтойг шийдэхийн тулд зөвхөн тухайн улсын орчин нөхцөлийн судалгаа шаардлагатай. Манай нийгэм, боловсролын салбарын онцлог юу вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Бусад улсын жишээг шууд хуулах нь шийдэл биш. Бид нэн түрүүнд энэ төрлийн гэмт хэрэг яагаад үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийн дүгнэлт шинжилгээг сайн хийж, түүндээ тохирсон арга хэмжээг авах ёстой.

Comments


bottom of page