top of page

Уралдаанч хүүхдийн хувцасны шинэчлэгдсэн стандартыг хүргэж байна

  • Jul 3
  • 2 min read

Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлд тавигдах стандартыг  2026 оны 3-р сарын 12-ны өдөр MNS 6264:2026 болгон шинэчлэгдсэн.

Шинэчилсэн стандартад малгай, хамгаалалтын хантааз, юүдэн, нүдний шил, өвдгөвч, тохойвч, шилбэ болон шууны хамгаалалт, гутал, бээлий зэрэг хамгаалах хэрэгслүүдэд мөрдөх шаардлагыг нарийвчлан тусгасан байна.

Стандартад зааснаар малгай нь морин спортын зориулалттай, хүүхдийн толгойн хэлбэрт таарсан, доргилтоос хамгаалах бат бөх материалтай байна. Хүүхэд мориноос унасан тохиолдолд 30 секундын дотор тайлагдах боломжтой буюу тохируулга, түгжээг сайтар шалгаж, авна. Түүнчлэн хундган эрүүвчтэй малгай эрүү гэмтээх магадлал өндөр учир өмсөхийг хориглоно. Мөн морин спортын хамгаалалтын малгай гэх үйлдвэрийн бичигтэй байна.

Хамгаалалтын хантааз нь мөрний хамгаалалттай, цээж, нурууг бүхэлд нь хамгаалсан, хүүхдийн биеийн онцлогт тохирсон байх шаардлагатай. Мөн эгэм, хүзүү, мөрийг бүрэн халхалж, арын хэсэг нь эмээлийн бүүрэгт хүрэхгүй байхаар хийцтэй байна.

Өвдгөвч, тохойвч, шилбэ болон шууны хамгаалалт нь дотор талаараа зөөлөн, гадна талаараа доргилтын хүчийг сааруулах материалаар хийгдсэн, үенд яг таарч, хөдөлгөөнд саад болохгүйгээр бэхлэгдэх ёстой. Харин нүдний шил нь уян хатан материалтай, нүд болон чамархайг бүрэн хамгаалсан, цантахаас сэргийлэх агааржуулалтын жижиг нүхтэй байх шаардлагатай.

Нүдний шил нь хүүхдийн нүдийг хамгаалах үүднээс нүдний шил зүүнэ. Уян хатан материалтай, нүүрнээс хөндийрөхгүй, нүдний аяга, чамархайг далдалсан байх ёстой. Хүүхдийн толгойн хэмжээнд тохируулж болохуйц, мөн цантахаас сэргийлсэн агаар орох жижиг нүхтэй байна. 

Гутал нь хэмжээ нь таарсан байх ёсттой бөгөөд шилбэ бүрхсэн түрийтэй байна. Гутлын ул зөөлөн, уян хатан материалтай, янз бүрийн үдээс, олом, арлаар тоноглохгүй. Шагай, шилбэ ил гарсан, хэмжээ таараагүй гутал өмсөх нь хүүхдийг эрсдэлд оруулахыг анхаарна уу. Мөн гутлын өсгий 20мм-ээс ихгүй байх ба өсгийгүй гутал өмсөхийг хориглоно. 

Бээлий нь гарын арьс зүсэгдэх, зулгарахаас сэргийлсэн, гадны үйлчлэлээс болон халтирахаас хамгаалах ёстой. 

Юүдэн нь салхи, жавар нэвтрүүлэхгүй, бүч, товчгүй, сунадаг материалаар хийгдсэн байна.  Мөн эмээл нь өндөр бүүрэггүй, хүүхдийн биед холгохгүй материалаар хийгдсэн байх бол дөрөө нь хүүхдийн жин, хүчний ачааллыг даах бат бөх хийцтэй, гутлын хэмжээтэй зохицсон, халтиргаагүй байх ёстой.

Хазаар нь бат бөх сур болон хүүхдийн гарыг холгохгүй материалаар хийгдсэн байх бөгөөд жолооны уртыг морины наснаас хамааран тогтоожээ. Тухайлбал, азарга, их нас, соёолонгийн жолоо 2–2.5 метр, хязаалан, шүдлэнгийнх 1.5–2 метр, дааганы жолоо 1.5 метрээс ихгүй байна.

Ташуурын мод нь 2–2.5см голчтой, 20–25 см урт байх бөгөөд сур нь 35см, сагалдарга нь 30см-ээс ихгүй, сураар хийгдсэн байх шаардлагатай.

Мөн хамгаалалтын хувцас, хэрэгслийг худалдан борлуулагч нь бүтээгдэхүүний борлуулсан огноо болон холбогдох мэдээллийг баталгаажуулсан байхыг заажээ.

 


Comments


bottom of page