Танилц:Child.mn сайтын редакцын бодлого
- child.mn
- May 20
- 5 min read

Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn сайтаас редакцын бодлогоо танилцуулж байна.
НЭГ. НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО
Эрхэм зорилго ба үзэл баримтлал
Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn сайтын редакцын үнэт зүйл нь Монгол хүүхдийн дээд эрх ашиг юм. Үүнд хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг бүхэлд нь хамруулан ойлгоно.
Бид сэтгүүл зүйн хүчээр:
Хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх
Хүүхдэд тулгамдаж буй асуудлын суурь шалтгаан, шийдлийг тодорхойлж, бодлого боловсруулагчдад нөлөөлөх баттай эх сурвалж, баримт нотолгоотой мэдээлэл хүргэх,
Хүүхдийн дуу хоолойг нийгэмд хүргэж, оролцоог нь нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоороо тодорхойлов.
Нийтлэлийн бодлого
2.1 Ерөнхий бодлого
2.1.1 Child.mn сайт нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр аливаа сэтгүүл зүйн бүтээл туурвихдаа аль нэг улс төрийн нам, хүчин, бизнесийн байгууллага, төрийн байгууллагаас хараат бусаар хүүхдийн эрхийг үнэт зүйл, бодлогынхоо төв болгон ажиллана.
2.1.2 Үргэлж хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, мэдээллийг тэнцвэртэй, төвийг сахисан байр сууринаас бэлтгэнэ.
2.2 Мэдээллийн агуулга
2.2.1 Сэтгүүл зүйн бүтээлийн агуулгын хувьд улс төр, эдийн засаг, нийгэм, соёл гэх мэт бүхий л салбарт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаарх цаг үеийн нөхцөл байдал, болон алдаа оноо, асуудал, ололт амжилтуудыг мэдээ, сурвалжилга, ярилцлага, нийтлэл, нэвтрүүлэг хэлбэрээр бэлтгэнэ. Ингэхдээ хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлд олон улсын чиг хандлага, сайн туршлага, сургамжийг мөн тусгайлан сурвалжлан хүргэж байна.
2.2.3 Мэдээллээ боловсруулахдаа сэтгүүлч, редакцын ажлыг хөнгөвчлөх, ухаалаг хэрэгслүүдийг ашиглах, сэтгүүл зүйн салбарын шинэ трендүүдийг цаг тухай бүрд нэвтрүүлэх тал дээр анхаарна.
2.3 Залруулга гаргах
3.1 Сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой алдаа гарсан нь редакцын хурлаар тогтоогдвол нэн даруй залруулга гаргана.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ
Зөвшөөрөл авах
1.1 Эцэг эх, асран хамгаалагчаас аман эсвэл бичгээр зөвшөөрөл авна. Тухайн зөвшөөрлийг авахдаа хүүхдийн дуу, дүрс, бичлэгийг ямар агуулгатай сэтгүүл зүйн бүтээлд, ямар өнцөг агуулгаар оруулах, ямар сувгаар түгээх талаар бүрэн ойлголт заавал өгнө.
1.2 Эцэг эх, асран хамгаалагч нь байхгүй тохиолдолд 14-өөс дээш насны хүүхдээс насанд нь тохирсон байдлаар мэдээллийг ойлгуулан зөвшөөрөл авна. /Эерэг агуулгатай сэтгүүл зүйн бүтээлд/
Хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг авах
2.1 Хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг авахдаа тухайн үйл явдлын сэдвээс хамаарч хүүхдийн эмзэг байдлыг тодотгохгүй, оршин суугаа газрын хаяг, байршил зэргийг харуулахгүй байна.
2.2 Эрэн сурвалжлах эсвэл хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэлд эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан хэдий ч хүүхдийн ирээдүйг бодолцон заавал шаардлагатай л биш бол хүүхдийн царай төрх, байнга өмсдөг хувцас, хувийн мэдээллийг нууцална.
2.3 Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхдээс зайлшгүй шаардлагаар ярилцлага, дүрс бичлэг авах тохиолдолд эрэгтэй сэтгүүлч, зураглаач ажиллахыг хориглоно. Хохирогч хүүхэд эрэгтэй, гэмт хэрэгтэн нь мөн эмэгтэй тохиолдолд эсрэгээрээ эмэгтэй сэтгүүлч, зураглаач ажиллахыг хориглоно.
2.4 Хүүхдээс эерэг, сөрөг ямар ч агуулгаар ярилцлага авахдаа насанд нь тохирсон хугацаанд ярилцана. Ингэхдээ бага насны хүүхэд бол 20-30 хүртэлх минут, өсвөр насны хүүхэд бол 40 хүртэлх минут гэх мэтээр байгууллагын сэтгүүлчдэд зориулсан гарын авлагад энэ талаар дэлгэрэнгүй тусгасан байна.
2.5 Гэмт хэрэг, аюулт үзэгдлийн дараа хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй сөргөөр нөлөөлж болзошгүй үед хүүхдийг эх сурвалж болгон ярилцлага авахаас татгалзана.
Хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг ашиглах
2.1 Хүүхдэд сөрөг нөлөөгүй сэдвээр бэлтгэж буй мэдээ, сурвалжилга, нийтлэл, нэвтрүүлэгт хүүхдийн сургууль, анги, гэрийн хаягийг ашиглахгүй.
2.2 Хүчирхийлэл, байгалийн гамшиг, гэмт хэрэг зэрэг хүүхдийн нэр хүнд, эмзэг байдлыг харуулж буй сэдвийн хүрээнд хүүхдийн нэр, зураг, дүрс, гэр, сургууль, тухайн цаг мөчид байгаа байршил зэргийг харуулах, үзүүлэх, хэлэхгүй. Ийм тохиолдолд хүүхдийн аюулгүй байдал, нэр төрийг тэргүүнд тавина.
2.3 Шаардлагатай тохиолдолд хүүхдийн нүүр царайг харуулахгүйгээр дуу хоолой, нэр, хувийн мэдээллийг өөрчлөн эх сурвалж болгон сэтгүүл зүйн бүтээлд ашиглана. Ингэхдээ мөн эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.
2.4 Хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг ашиглахдаа ёс бус байдлаар дүрслэн харуулах, сексийн агуулгаар ашиглахаас ямагт сэргийлнэ.
2.5 Редакцад хамааралтай сэтгүүлзүйн бүтээл туурвих явцад цуглуулсан хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг гадагш гуравдагч этгээдэд дамжуулахыг хатуу хориглоно.Үүнд эх сурвалжийн утас, нэр бүхий жагсаалт хамаарна.
Хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг хадгалах ба устгах
3.1 Редакцын ажлын хүрээнд цугласан хүүхэдтэй холбоотой дуу, зураг, дүрс бичлэг нь Child.mn сайтын өмч учир тусгайлан архив үүсгэн хадгална.
3.2 Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотойгоор хүүхдийн дуу, зураг, дүрс бичлэгийг архив болон нийтэлсэн сайт, түгээсэн сувгаас устгах шаардлагатай тохиолдолд редакцын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.3 Архивд хадгалж буй хүүхдийн дуу, зураг, дүрсийг гуравдагч этгээдэд редактор, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр дамжуулахыг хориглоно.
Цахим орчин дахь эх сурвалж
5..1 Хүүхэдтэй холбоотой нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг ашиглахдаа дараах зүйлсийг заавал анхаарна.
Зураг, бичлэгийг бодитой эсэх, ямар зорилгоор түгээж байгаа зэргийг нягтлан шалгаж баталгаажуулна.
Хүүхдийн хувийн мэдээллийг цааш давтан тараахгүй.
Тухайн мэдээллийг ашиглахаар бол хүүхдийн царай болон хувийн мэдээллийг нууцална.
Цахим орчин дахь хүүхэд алга болсонтой холбоотой мэдээллийг түгээхдээ зургийг нууцлахгүй ашиглах ба хүүхэд олдсон тохиолдолд өмнө нь түгээсэн мэдээллийн зургийг “олдсон” гэх зургаар орлуулна.
Цахим орчноос иш татан ашиглахаар бол зөвхөн public буюу олон нийтэд хандан нийтэлсэн мэдээллийг ашиглана. Бусад тохиолдолд нийтэлсэн эзэнтэй холбогдон зөвшөөрөл авна.
ГУРАВ. СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ
Хүүхэд төвтэй сэтгүүл зүйн ёс зүйн зарчим
1.1 Хүүхдийг мэдээллийн гол баатар, эх сурвалж болгоно.
1.2 Мэдээллийг хүүхэд төвтэй буюу хүүхдийн эрхийг суурь болгон боловсруулна.
1.3 Сэтгүүл зүйн бүтээл туурвиж эхлэхээс дуусах хүртэл хугацаанд хүүхдийг бие хүн гэж үзэн, дээд эрх ашгийг нь хүндэтгэнэ.
1.4 Мэдээллийг хүүхдийн нэр төр, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр боловсруулан, түгээнэ.
1.5 Хүүхдийн амьдралыг өрөвдүүлэх бус ойлгуулах, асуудлын суурь шалтгааныг харуулахын төлөө мэдээ, сурвалжилга, нэвтрүүлгээ бэлтгэнэ.
1.6 Сэтгүүл зүйн бүтээл туурвих зорилгоор хүүхэдтэй холбоо тогтоохдоо асуудлыг нь шийдвэрлэх хоосон амлалт, худал найдвар төрүүлэхгүй.
1.7 Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагч ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, ямар зорилго, агуулгаар мэдээлэл өгч байгаагаа бүрэн ухамсарласан байна.
1.8 Хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагч мэдээлэл өгөхөөс татгалзвал хүсэлтийг нь хүндэтгэнэ.
1.9 Чайлд Лайф Медиа ХХК-д ажиллаж буй хүн бүр Child.mn редакцад хамааралтай сэтгүүлзүйн бүтээл хийхтэй холбоотой үйл ажиллагаанд:
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс боловсруулан гаргасан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц болон Монгол Улсын Хүүхэд Хамгааллын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг мөрдлөг болгон ажиллана.
ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ
Хууль дүрмийг чандлан сахина
1.1 Чайлд лайф медиа ХХК-ийн www.Child.mn веб сайт болон түүний албан ёсны цахим сувгуудад нийтэлж, түгээж буй мэдээллүүд нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана. Ингэхдээ хэвлэл нийтлэх эрх чөлөөг хумьсан хууль, дүрэм, журмыг өөрчлөхийг эрмэлзэнэ.
Хуулийн хариуцлага хүлээх тухай
2.1 Child.mn сайт нийтэлж буй мэдээ бүрд хариуцлага хүлээх үүрэггүй.
2.2 Child.mn сайт болон цахим хуудсаар түгээсэн мэдээ, мэдээлэлтэй холбоотой иргэн, ААНБ-аас ирсэн санал, гомдлыг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд дотоод хурлаар хэлэлцэн, зохих хариултыг илгээнэ.
Эх сурвалжаа нууцлах тухай
3.1 Child.mn сайт мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
3.2 Эх сурвалжийн өгсөн баримт, материал, дуу, зураг, дүрс бичлэгийн эх хувийг архив үүсгэн хадгална. Шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
ТАВ. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА
Харуут бус байдал
1.1 Редакцын хараат бус байдлыг чандлан сахина.
1.2 Хандивлагч, хамтрагч байгууллагын зүгээс редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрхгүй бөгөөд хамтран ажиллах гэрээнд энэ талаар заавал тусгана.
Хамтын ажиллагаа
2.1 Гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон эсвэл ёс зүйн хувьд хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц хувь хүн болон хүүхдийн эрхэд шууд болон дам байдлаар сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай хамтран ажиллахгүй.
2.2 Хүүхэдтэй холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг сурталчлах, олон нийтэд түгээх ажилд нээлттэй хамтран ажиллана.
2.3 Хамтын ажиллагааны хүрээнд зар сурталчилгаа түгээсэн тохиолдолд тухайн мэдээллийн үнэн зөвийг тухайн түгээлгэж буй хувь хүн, ААНБ бүрэн хариуцна.
Хандив ба дэмжлэг
3.1 Child.mn сайтын үйл ажиллагааг дэмжих зорилготой “Хандив” цэсээр дамжуулан мөнгөн болон бусад хэлбэрийн дэмжлэгийг хүлээн авна.
3.2 Хандив болон дэмжлэг хэлбэрээр авч буй мөнгөний эх сурвалжийг заавал тодорхой бичсэн байхыг шаардана.
3.3 Сонсогч, уншигч, үзэгчээс ирсэн хандивын зарцуулалтын талаарх тайланг жилд нэг удаа нээлттэй www.child.mn сайтад байршуулна.
Comments