top of page

Монголын 11 настай төгөлдөр хуурч Г.Бадмаараг Карнеги Холлд тоглож, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ

  • 17 hours ago
  • 2 min read

Залуу төгөлдөр хуурч Ганбатын Бадмаараг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Карнеги Холлын Weill Recital Hall танхимд зохион байгуулагдсан шилдэг хөгжимчдийн тоглолтод уригдан оролцож, олон улсын хөгжмийн шүүмжлэгчдийн анхаарлыг татжээ.

Италийн Сицили аралд жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй Ibla Grand Prize олон улсын хөгжмийн уралдааны 2025 оны шилдэг оролцогчдын тоглолт өнгөрсөн сарын 6-нд Карнеги Холлд болсон бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн олон орны шилдэг хөгжимчид оролцсон байна. Монгол Улсыг төлөөлөн оролцсон хамгийн залуу хөгжимчин нь 11 настай төгөлдөр хуурч Г.Бадмаараг байв.

Олон улсын хөгжмийн шүүмжлэгч, International Composer болон SoundWordSight сэтгүүлүүдийн эрхлэгч Жеффри Жеймс тоглолтын талаар бичсэн нийтлэлдээ Г.Бадмаарагийн ур чадварыг өндрөөр үнэлжээ. Тэрбээр “Оройн хамгийн залуу оролцогч болох Монголын 11 настай Бадмаараг хөгжмийн мэдрэмж, бүтээлийн хэлбэрийг ойлгон илэрхийлэх чадвараараа онцгой сэтгэгдэл төрүүллээ. Листийн бүтээлийг тоглохдоо хөгжмийн шугам, өрнөл хөдөлгөөнийг маш сайн мэдэрч байсан нь анзаарагдсан” хэмээн онцолсон байна.

Г.Бадмаараг тоглолтын үеэр Франц Листийн бүтээлүүдээс гадна Монголын нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлийг толилуулжээ. Энэхүү бүтээл нь түүний хөгжмийн илэрхийлэл, өнгө аясыг нарийн мэдэрч байгааг харуулсан гэж шүүмжлэгч дүгнэсэн байна.

Тэрээр тоглолтоо Н.А.Римский-Корсаковын алдарт “Зөгий нисэлт” бүтээлээр өндөрлөсөн бөгөөд уг бүтээлийн талаар Жеффри Жеймс “Хэт хурд, хяналтгүй тоглолт руу амархан хэлбийж болдог энэхүү бүтээлийг маш нягт, хяналттай, наснаасаа хавьгүй илүү төлөвшсөн байдлаар тоглосон” хэмээн үнэлжээ.

Тоглолтын үеэр үзэгчид түүний ур чадварыг халуун дотноор хүлээн авч, хүчтэй алга ташилтаар шагнасан байна. Дэлхийн сонгодог хөгжмийн хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг болох Карнеги Холлд тоглож, олон улсын хөгжмийн шүүмжлэгчийн өндөр үнэлгээ хүртсэн нь Монголын залуу авьяастны төдийгүй Монголын төгөлдөр хуурын урлагийн олон улсын нэр хүндийг өсгөсөн онцлох амжилт болж буй юм.

Ташрамд дурдахад, Ганбатын Бадмаараг 2025 онд Барток–Кабалевскийн нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Мөн Ibla Grand Prize олон улсын хөгжмийн уралдаанд оролцсон нийт хөгжимчдөөс шалгарч, тус уралдааны хамгийн өндөр шагнал болох “Top Winner” шагналын эзэн болсон юм.

Эдгээр амжилтын үр дүнд тэрээр Карнеги Холлд болсон шилдгүүдийн тоглолтод уригдан оролцож, олон улсын тайзнаа Монголын төгөлдөр хуурын урлагийг амжилттай төлөөлөн тогложээ.


Нийтлэлийн эх сурвалж: Жеффри Жеймс, International Composer / SoundWordSight, 2026 оны 5 дугаар сар

Comments


bottom of page