Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар Дэлхийн Шударга Ёсны Төсөлтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
- 2 days ago
- 1 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар Дэлхийн Шударга Ёсны Төсөл(WJP)-тэй хамтран 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо (GANHRI)-ны ээлжит хурлын хүрээнд “Хүний эрхийн үр дүнг хэмжих нь: Эрэмбэ тогтоох, үр нөлөөг нэмэгдүүлэхэд өгөгдлийг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хүний эрхийн үндэсний байгууллагууд, олон улсын байгууллагууд болон мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, хүний эрхийн үр дүнг хэмжих, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хариуцлагыг бэхжүүлэхэд өгөгдөл, нотолгоог хэрхэн ашиглах талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, GANHRI-ийн нарийн бичгийн дарга, Умард Ирландын Хүний эрхийн Комиссын дарга Алисон Килпатрик нар нээлээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Австралийн Хүний эрхийн Комиссын дарга Хью де Кретсер, Тайландын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Порнпрапай Ганжанаринтр, Дэлхийн Шударга Ёсны Төслийн тэргүүн захирал Др. Шрирак Плипат, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далай хариуцсан дарга Рори Мунговен нар илтгэгчээр оролцов.
Арга хэмжээний үеэр ХЭҮК-ын санаачилга Хүний эрхийн индекс боловсруулах аргачлалын талаар танилцуулж хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд үр дүнд чиглэсэн, практик арга хэрэгслийн ач холбогдлыг онцоллоо.
Эх сурвалж: ХЭҮК



Comments