top of page

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ-Д ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ

  • Mar 30
  • 2 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлээ 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн УИХ-ын тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг юм. 25 дахь илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулж, 6 бүлгийн хүрээнд 65 саналыг танилцуулж байна.

Үүнд:

- Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт;

- Шүүх шинжилгээ ба хүний эрх;

- Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал;

- Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт;

- Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал;

- Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал гэсэн бүлгүүд багтжээ.

Үүнд тавдугаар бүлэгт багтсан агуулгаас товчоор хүргэвэл:

Тавдугаар бүлэг. Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал

Монгол Улс хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээ, бүтэц, санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий зарим бүтэц, нэгжийн үйл ажиллагаа хэлбэр төдий явагдаж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн хангалтгүй байна. Комисс ээлжит 25 дахь илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог шинжээч, хууль ёсны төлөөлөгч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон дүгнэлт, санал, зөвлөмжийг багтаажээ.


Эх сурвалж: ХЭҮК


Comments


bottom of page