Малчны хүүхдийг зайнаас сургах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байна
- 2 minutes ago
- 3 min read

Малчны нэг, хоёрдугаар ангийн хүүхдийг зайнаас сургах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж, уг төслийг эсэргүүцэж буй байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлэхдээ,
"Өнөөдөр УИХ-ын чуулганаар малчны хүүхдийг зайнаас сургах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх гэж байна. Нэр бүхий гишүүдийн санаачилсан уг төсөл байнгын хорооны дэмжлэгтэйгээр орж иржээ.
Ковидын үеийн сургамжийг бид мартаагүй байх гэж найдаж байна. Тэр үеийн сургалтын хоцрогдол, сөрөг үр дагаврыг өнөөдөр ч бүрэн арилгаж чадаагүй байна. Эцэг эхчүүд хүүхдээ гэрээр сургах ямар хүндрэлтэй байсныг сайн мэднэ. Тиймээс малчин өрхийн гэр бүлийн бүтэн байдлыг хадгалах нэрийн дор бага насны хүүхдийг зайнаас сургах шийдвэрийг дэмжихгүй байна.
Малчин өрхийн тусдаа амьдрах, гэр бүл салалтын асуудал нь өнгөрсөн 30 жилийн бодлогын алдааны үр дагавар. Харин төр энэ гүнзгий асуудлыг зайнаас сургалт гэх түр зуурын арга хэмжээгээр шийдэх гэж байгаа нь дэд бүтцээ сайжруулахаас зайлсхийсэн бодлого юм. Үүний оронд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх цогц бодлого шаардлагатай.
Зарим улс төрчид гадаадын гэрээр сургах тогтолцоог жишээ татдаг. Гэвч тэнд ийм хэлбэрийг өндөр хяналттай, тодорхой хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд ихэвчлэн боловсрол, орлого өндөр, хүүхэддээ цаг гаргах боломжтой эцэг эхийн хүүхдүүд амжилттай суралцдаг болохыг судалгаанууд харуулдаг. Харин малчдын амьдрал өдөр шөнөгүй хөдөлмөрлөхийг шаарддаг тул хүүхдийн боловсролын хариуцлагыг эцэг эхэд, тэр дундаа малчин эмэгтэйчүүдэд үүрүүлэх нь төр үүргээсээ татгалзаж буй хэрэг юм.
Харин дотуур байрны тогтолцоог сайжруулах асуудлыг илүү анхаарах шаардлагатай. Энэ нь Монголын боловсролын салбарт олон жилийн судалгаанд тулгуурлан бүрэлдсэн, хүүхдийг сургуульд ойртуулах хамгийн үр дүнтэй шийдэл байсаар ирсэн. Харин шинэ төсөл нь хүүхдийг сургууль, багш, анги хамт олон, нийгэмшлээс нь холдуулах эрсдэлтэй тул бид эрс эсэргүүцэж байна" гэв.
Харин Бүх нийт боловсролын төлөө! эвслийн ерөнхий зохицуулагч Б.Тунгалаг: "Боловсролын суурь шат буюу уншиж, бичиж, бодож сурах нь хамгийн чухал үе шат юм. Энэ үед нь гэрээр сургана гэдэг боломжгүй. Мөн жилийн дөрвөн улирал айлаар явж хичээл заах багш нарын аюулгүй байдлыг хэн хангах вэ? Багшийн орон тоо дутмаг энэ үед хөдөө орон нутагт ажиллах багш нар бүр ч цөөрнө гэж харж байна.
Монгол улс малчдын хүүхдийг дотуур байраар ханган боловсролд хамруулсан туршлагаараа дэлхийд алдартай. Гэтэл дотуур байрны орчныг сайжруулахын оронд хариуцлагыг малчин ээжүүдэд шилжүүлж, асрагч, нийгмийн ажилтан зэрэг шаардлагатай хүний нөөцөд төсөв зарцуулахаас зайлсхийж байна. Энэ нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зарчимд нийцэхгүй.
2023 онд батлагдсан Боловсролын хуулиар эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ долоон настайд нь сургуульд элсүүлэх сонголтыг зохицуулаад өгчихсөн. Ийм сонголт байсаар байтал дотуур байрны орчныг сайжруулахын оронд хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн ийм арга хэрэглэж болохгүй. Энэ шийдвэр хэрэгжвэл малчны хотноос инженер төрөх, хүүхдүүд гадаадын их, дээд сургуульд суралцах суурь боломж хаагдана. Үүнийг би зөв шийдэл гэж үзэхгүй байна.
Сургууль бол зөвхөн уншиж, бичиж сурах биш, хүүхдийн нийгэмших, харилцаа, сэтгэл хөдлөлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүй цогцоор хөгжих үндсэн орчин юм. Тиймээс хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод заасан "Хүүхдийн эрхийн нөлөөллийн үнэлгээ"-г хийж, хүүхдийн бүх эрхийг цогцоор нь харгалзан үзэх ёстой.
Өмнө нь дотуур байрны хоолны төлбөрийг нэмэгдүүлсэн бодлогын улмаас жилд 30 мянга орчим хүүхэд сургуулиас завсардаж байсан түүх бий. Төрийн ганцхан буруу шийдвэрийн үр дагавар олон арван жил үргэлжилдэг учраас энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүд маш хариуцлагатай хэлэлцэн шийдвэрлэхийг иргэний нийгмийн байгууллагуудын нэрийн өмнөөс уриалж байна" гэв.
Мөн иргэдийн төлөөлөл Н.Энхчимэг,
"Монгол Улсын өнцөг булан бүрд, хаана төрж өссөнөөсөө үл хамааран хүүхэд бүр сурч боловсрох, хөгжих тэгш эрхтэй байх ёстой. Үүнийг сонголттой болгож байна гэх нэрийн дор 6–7 настай хүүхдүүдийн дотуур байрны асуудлыг шийдэх бодит гаргалгаа хайхын оронд, эсрэгээрээ тэдний сурах эрхэд шууд халдаж байна.
Төр хүүхдийн эрхийг хамгийн сайнаар хамгаалах үүрэгтэй. Бид нүүдэлчин ард түмэн учраас энэхүү дотуур байрны систем бол Монгол Улсад л байдаг, дэлхийд ганц жишиг тогтолцоо юм. Тэгэхээр төр үүнийг улам хөгжүүлэх тал дээр ажиллах ёстой болохоос биш, нураах чиглэлд бодлогоо барьж огт болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.



Comments