Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хүүхдүүд мөөгөнцөртэй цэцэрлэгт хамрагдаж байна
- child.mn

- Sep 11
- 2 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Тосонцэнгэл сум нийт зургаан цэцэрлэгтэй бөгөөд хоёрдугаар цэцэрлэг нь 1975 онд байгуулагдсан. Тус цэцэрлэг зориулалтын бус гурван тусдаа байранд Хайрхан багийн 96 хүүхдийг дөрвөн бүлэгт хамруулж, нийт 19 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Хяналт шалгалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцөлд тулгамдаж буй асуудлуудыг онцлон эдгээрийг шийдвэрлэх нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах эрхийг хангахын зэрэгцээ багш, ажилтнуудын хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар дурдлаа. Үүнд:
Цэцэрлэг гурван тусдаа байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь анх аж ахуйн зориулалтаар баригдсан барилга. Уг барилгыг 2019 онд хувийн компаниас худалдан авч, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж ирсэн нь анхаарал татаж байна.
Зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж буй тул сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт, шаардлагыг хангахгүй нөхцөл байдалтай. Тухайлбал, бүлгийн өрөөнүүдийн тааз намхан, гэрэлтүүлэг хангалтгүй, дулааны дутагдалтай, зориулалтын бус халаалтын хэрэгсэлтэй, ус алдаж мөөгөнцөр үүссэн, утаа сорогч бүрэн ажилладаггүй аж.

Мөн зарим бүлэгт ариун цэврийн өрөө байхгүй учир гадна ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь хүүхэд, багш ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна.
Түүнчлэн, хоол үйлдвэрлэлийн хэсэг жижиг давчуу, агааржуулалтгүй, уур сорогчгүй өрөөнд байрлаж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тогооч нар ажиллан хүүхдүүдийн хоолыг бэлтгэж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч болон хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдалд хяналт тавих хоол зүйчийн орон тоо байхгүй байгаа нь шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг юм.
Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого боловсруулан баталж мөрдүүлэх нь хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогын түвшний чухал алхам болохыг сануулсан байна.
Эх сурвалж: ХЭҮК



Comments