top of page

Дархан-Уул аймаг дахь байнгын асаргаа шаардлагатай 200 хүүхдийн сурах эрх хангагдахгүй байна

  • May 5
  • 2 min read

Дархан-Уул аймагт байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны албан 200 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр үүхдүүд бие эрхтэний согог болон нийгмийн саад бэрхшээлийн улмаас сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцож чадахгүй гэртээ байна. Энэ асуудлыг хөндөж байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, Бүх нийтийн боловсролын сайн сайханы төлөө эвсэлийн Дархан салбар хамтран "Байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт" сэдвийн хүрээнд "Хүүхдийн эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл, хүний эрхийн хуульч, Дархан-Уул аймгийн Аутизмын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дархан сумын ЗДТГ, Боловсролын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбар комисс, ХХҮГ гээд нийт 26  төлөөллийг оролцуулжээ.

Эцэг, эх, асран хамгаалагч нарын зүгээс байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдүүдэд зориулсан асрахуйн хөгжлийн төв байхгүй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд өдөр хоногийг гэртээ өнгөрүүлж, нийгмийн хөгжлийн гадна орхигдож, хүнд хэцүү сорилт бэрхшээл байсаар байгааг онцолжээ.

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоон мэдээлэл зөрүүтэй, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг онцолж байв.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос  жил бүр Дархан-Уул аймаг дахь Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх тойм мэдээллийг хүргүүлдэг. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1164 дугаар "Дархан-Уул аймаг дахь Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх тойм мэдээлэл" албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн нарийвчилсан бодлого, хөтөлбөрийг тусгах, хэрэгжүүлэх, эрхийг нь хангах үйл ажиллагаанд санхүүжилтийг нэмэгдүүлэх, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж эдлүүлэх төрийн үүргийг хэрэгжүүлэхийг дурдсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймагт байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдийн хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. 


Эх сурвалж: ХЭҮК

Comments


bottom of page