top of page

Азийн хөгжлийн банкны төслөөр гурван аймгийн дотуур байрыг иж бүрэн засна

ree

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийн урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай аймгийн зургаан суманд сургуулийн дотуур байрыг иж бүрэн засварлах, багш, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, хамтарсан багтай ажиллах, бодлогын түвшин, хууль эрх зүйн орчны нөлөөллийн ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд ХЭҮК, АХБ-ын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул "Технологийн хөгжил, жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх сувгуудыг бий болгож, шинэ тутам үүсэж байгаа цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн төрөл, хэлбэрийг хууль тогтоомжид нэмж тусган боловсронгуй болгох шаардлага тулгамдаж байна. Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвийг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт шийдвэр гаргуулахаар УИХ хүргүүлсэн бөгөөд үүний мөрөөр энэ оны 7-р сарын наймны өдөр тогтоол баталгаажсан" гэв.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа "Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөн судалж байгаа энэ удаагийн төслийн онцлог нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах арга хэмжээг бүхий л шатанд авч хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуучууд болон хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний эрхийн боловсрол олгох, мэдээлэл түгээх, нөлөөллийн ажлын цар хүрээг өргөжүүлэхэд оршиж байна" хэмээн онцоллоо.

Төслийг сонгогдсон суурьшлын бүсэд, төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ түр хамгаалах байр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэний сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх сургалтад чиглэсэн хөтөлбөр зэрэг цогц үйлчилгээг цаашид бусад бүс нутагт хэрэгжүүлж, төрийн байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлэхэд жишиг суурь болгохоор урьдчилсан байдлаар төлөвлөсөн байна.

Comments


bottom of page