top of page

Child.mn/Хүүхэд.мн сайтын Гүйцэтгэх захирал А.Уянга Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд ажиллана

  • Jun 11
  • 1 min read

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг батлагдлаа. Шинэчилсэн бүрэлдэхүүнд Монгол Улс дахь цор ганц хүүхдийн эрхээр дагнан ажиллаж буй Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга багтан, ажиллахаар боллоо.


Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт "Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл нь хүүхдийн эрхийг хангахад нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх үүрэгтэй" гэж заасан. 

Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн ажлын албаны үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага чиг үүргийн дагуу гүйцэтгэдэг. Энэ зөвлөл нь Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, бодлого зохицуулалтыг уялдуулах, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар санал, санаачилга гаргаж, шийдвэрлүүлэх, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах талаар санал боловсруулж хэлэлцүүлэх үүрэгтэй юм.

Анх Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 48 дугаар захирамжаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг бүх яамдын дэд сайд, ТНБД, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баталж байсан. Улмаар Ерөнхий сайдын 2022 оны 23 дугаар захирамж, Засгийн газрын 2022 оны "Үндэсний хороо, Комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 350 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолын хавсралтаар тус тус бүтцэд оруулсан. Үүнээс хойш Засгийн газрын 2025 оны "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" 216 дугаар тогтоолоор шинэчлэн 49 гишүүний бүрэлдэхүүнтэй болсон. Энэ бүрэлдэхүүнд Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 53 болгон нэмэгдүүллээ.


Comments


bottom of page