Сайн дурын ажилтан, сайн дурын үйл ажиллагаа гэхээр танд юу хамгийн түрүүнд бодогдож байна вэ? Аль нэг газарт үнэгүй, хөлсгүй ажиллах, эсвэл сайн үйлсийн аянаар бэлэг тараах уу? Ингэж бодогдож байвал та сайн дурын ажлын цөм рүү орж мэдрээгүй байх магадлалтай юм. Учир нь сайн дурын ажил нь зөвхөн өгөхийн нэр биш. Харин бусдад туслах явцдаа өөр хаанаас ч, хэдэн төгрөг ч төлсөн авах боломжгүй туршлагыг, амьдралыг харах, ойлгох өнцөг, хүнлэг чанарыг олж авдаг ажил юм.

Тиймээс энэ удаагийн ярилцлагын буланд "Because I am a Girl" Охидын оролцооны чуулганы зохион байгуулагч Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч, нийгмийн ажлын багш, судлаач Б.Цэвэлмаатай ярилцлаа. Уг чуулганыг жил бүр зохион байгуулагдаг бөгөөд энэ жилийн хувьд 1000 охиныг хамруулахаар төлөвлөжээ.
Юун түрүүнд танай байгууллагын баримтлан ажилладаг бодлого, стратегийг сонирхмоор байна. Энэ жилийн хувьд үйл ажиллагааны чиглэл, стратегиа шинэчилсэн гэсэн. Ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?
Манай байгууллагын хувьд 2007 оноос өнөөг хүртэл иргэний нийгмийн суурь үндэс болох сайн дурын үйл ажиллагааны үзэл санаа, үнэ цэнийг сурталчлан үндэсний сайн дурынхны манлайллыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн Төрийн бус байгууллага юм. Бидний алсын хараа бол сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан хүчирхэг иргэдтэй, хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүтээх. Хүн төвтэй, хүн нь өөрөө энэрэнгүй, ухаалаг, бие даан шийдвэр гаргах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах чадамжтай байх нь л бидний гол зориуд буй цэг юм. Тиймдээ ч бид үйл ажиллагааны үндсэн чиглэлээ дөрөв болгон хумьсан. Үүнд:
Чадавхи бэхжүүлэх хөтөлбөр
Сайн дурынхны оролцоот загвар төсөл, хөтөлбөрүүд
Сайн дурынхны өдөрлөг, арга хэмжээ
PRO-BONO мэргэжлийн зөвлөх үйлчилгээг багтаасан.

Энэ бодлогын хүрээнд танайх ямар төслүүдийг голлон хэрэгжүүлдэг вэ?
Бид нарт яг одоо загвар дөрвөн том төсөл бий. Голлоод яривал "Анд" гээд хөтөлбөрөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд дасан зохицоход нь дэмждэг. Манай сайн дурын хүүхдүүд гэрт нь очоод, тоглож, ярилцаж, цагийг хамт өнгөрүүлдэг юм. Мөн "Edu-Volunteer" хөтөлбөрийн хүрээнд бол сайн дурын хүүхдүүд онлайнаар тухайн хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдэд хичээл, даалгаврыг нь зааж өгч, хоцрогдлыг нь нөхөхөд тусалдаг. Заа мөн 10 гаруй жил зохион байгуулж байгаа Олон Улсын Сайн Дурынхны Өдрийн арга хэмжээ байна. Одоо бараг манай хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг өдөрлөгүүдийн нэг болчихсон. Энэ мэтчилэн сайн дураар ажиллаж байгаа хүүхдэд үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломжийг олгосон өөр олон хөтөлбөрүүд бий.
Үүнээс гадна манайх ТББ учир орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх ёстой. Энэ хүрээнд жишээ арга хэмжээнүүд өөрсдийн сайн дурынхны оролцооны стратегид суурилсан байдлаар зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр ажилладаг.

Сайн дурынхны төвийн гол цөм нь сайн дураар ажиллах гээд, оролцох гээд ирдэг хүүхдүүд. Тэгэхээр тэднийг хэрхэн яаж сонгож авдаг вэ? Мөн яаж хөгжүүлдэг вэ?
Мэдээж хэн ч сайн дураар ажиллах боломжтой. Манай байгууллагын хувьд нийт сайн дурын гишүүдээ харах юм бол хүүхэд, залуучууд дийлэнх хувийг нь эзэлдэг.
Нэг хөтөлбөрт сайн дурын 40 хүнийг хамруулдаг, оролцуулдаг. Тэгээд гурван сарын хугацаанд тухайн сайн дурын гишүүдийн хэрхэн ажиллах, суралцах шаардлагатай ур чадваруудыг заадаг. Багт хуваагдаад ажиллахаар хүүхдүүд бие биеэсээ бас их зүйл сурдаг. Мөн нэг хөтөлбөр дээр ажиллах, гишүүдийн сургалт хариуцаж заах ажил хуваарилагдвал тухайн ажилд бэлдэж буй тэр цаг хугацааг нь хүртэл сайн дураар ажилласан цагт нь нэмж бичээд, тооцдог. Цагийн хувьд тухайн хүн өөрийнхөө цагийн хуваарьтаа тохируулахаар уян хатан байдлаар зохицуулалт хийгээд явдаг.
Мэдээж наад захын унаа, хоолны зардал олгон. Үүнээс гадна тэд сайн дурын үйл ажиллагаанд ямар зүйлсийг хийх, юуг хийхгүй гэдгийг ч маш нарийн тодорхой ажиллуулдаг. Ингээд зааглаад өгчихөөр хүүхэд, залуучууд хөлсгүй бусдын ямар нэг ажлыг хийхгүй гэсэн үг юм.
Хүүхдүүдийн сайн дурын ажлыг тэмдэглээд сертификат олгодог. 200 гаруй хүүхдээс шалгаруулж байж сая сайн дураар ажиллах эрхтэй болдог. Тэгэхээр үнэ цэнийн хувьд их. Мөн яг эцсийн дүндээ сертификатаас илүүтэйгээр хүүхдүүд өнөөдрийн энэ нийгэмд ямар асуудал байдаг юм, тэрийг бид хамтаар яаж шийдэж болдог юм зэрэг бодит асуудлуудыг нүдээр үзэж, ойлгож авдаг. Ингээд иргэний оролцоо ямар чухал гэдгийг хүүхэд байхаасаа, залуу наснаасаа ойлгосон хүмүүс хүмүүнлэг иргэн болох нь гарцаагүй шүү дээ.

Танай ТББ-ыг ямар үнэт зүйлтэй, хүний нөөцийн ямар хүчин чадалтай байгууллага вэ гэдгийг уншигчид ойлгосон байх гэж бодож байна. Үргэлжлүүлээд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа "Because I am a girl" охидын оролцооны чуулганы талаар ярилцъя. Монгол хурал цуглааны орон боллоо гэж зарим хүн шүүмжилдэг шүү дээ. Яагаад заавал охидын оролцооны чуулганыг зохион байгуулж эхэлсэн юм бэ?
Энэ чуулганыг манайх гурав дахь жилдээ хийх гэж байгаа юм. "Би охин болохоор..." буюу хүйсээс хамаарсан, шалтгаантай, асуудлуудтай охид, эмэгтэйчүүд өдөр тутамдаа тулгардаг. Хичнээн яриад, яриад нэг удаа өөрөө оролцож үзээд, ойлгох, сэтгэлдээ тусгаж авахыг бол гүйцэхгүй.
Хамгийн анх манай байгууллага Баянзүрх дүүрэг Хүүхэд хамгааллын компакт төсөл дээр ажилласан юм. Тухайн үед бэлгийн хүчирхийллээс гадна бусад бүх төрлийн охид, эмэгтэйчүүд хамгийн их өртдөг. Эдгээр асуудал нь зөвхөн тэр эмэгтэй болохоор, охин болохоор л тохиолдсон асуудлууд буюу суурь шалтгаан нь хүйсээс хамааралтайгаар ялгаж үздэг тэр хандлага байсан. Тэгээд л бид энэ үйл ажиллагааг маш их ач холбогдол өгч зохион байгуулж эхэлсэн. Гол санаа нь бид охидыг, хүүхдүүдийг хамгаалахаас илүүтэй тэд бас өөрсдийгөө хамгаалдаг мэдлэгтэй, чадвартай байх нь чухал учраас оролцооны чуулган гэж тусгайлан хийж эхэлсэн.
Энэ жилийн хувьд "Охидын эрх - Нийгмийн асуудлууд", "Охидын эрх - Эдийн засгийн эрх чөлөө" "Мастеркласс" гэсэн гурван хэсэгтэйгээр зохион байгуулна. Эдийн засгийн эрх чөлөө, бие даасан байдлыг бас нэлээн онцолж оруулж ирсэн.

Энэ жилийн сэдвийн хувьд сонирхолтой санагдаж байна. Яагаад эдгээр сэдвийг сонгосон юм бэ?
Өмнөх чуулганд бид хүүхэд хамгаалал гэсэн өнцгийг голлосон. Харин энэ өдөө хүүхдүүд, охид өөрсдөө хүчирхэг, мэдлэгтэй байх ёстой буюу хүүхэд төвтэй өнцгөөс бүх сэдвээ тодорхойлсон. Эдийн засаг бол ярих ёстой сэдэв гэж бодоод байгаа. Учир нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувьд дийлэнх нь эдийн засгийн хувьд нөхрөөсөө хараат, эрх мэдэлгүй байдаг. Жишээ нь байр машин нь өөрийнх нь нэр дээр биш. Хамтран эзэмшигчээр ч бүртгэлгүй байдаг. Энэ мэт эдийн засгийн эрх мэдэлгүй байдал нь хохирогч болох нөхцөл байдал руу л түлхээд байгаа юм. Үүнийг багаас нь охидод ойлгуулж, мэдлэгтэй болгох хэрэгтэй. Мөн өсвөр насны хүүхдүүд бага цагаар бас ажиллах боломжтой тэ. Гэвч манайд ажлын нөхцөл, ажлаа тараад ядаж л аюулгүй харих гэрэлтүүлэгтэй гудамж талбай цөөн зэрэг гээд ажил хийх боломжгүй болгох маш олон зүйлс байна. Ингээд өсвөр насны хүүхдүүд биеэ үнэлэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн золиос болох ч тохиолдол байна. Энэ мэтчилэн эдийн засагтай холбоотой тоо томшгүй ярих зүйл бий. За бүүр энгийн жишээ нь мөнгөний талаар, хувийн санхүүгээ хэрхэн төлөвлөх, зарцуулах талаар хүүхдүүд мэдлэгтэй болох хэрэгтэй юм аа.

Чуулганд олон сонирхолтой илтгэгчид ирнэ гэсэн. Онцлоод нэг илтгэгчийн сэдвийг "задалбал"?
Гоо сайхны стандарт охидод ямар их дарамт болдог талаар зочин илтгэгч маань танилцуулна. Охин бүр заавал бусдын хөөрхөн гэдэг шошгод багтаж амьдрах албагүй шүү дээ. Өөрийнхөөрөө байх, өөртөө итгэх нь л чухал. Цагаан арьстай, царайлаг биш болохоор муухай харилцдаг, гадуурхдаг. Эсвэл хэтэрхий хөөрхөн учраас бас муулдаг, доромжилдог, гүтгэдэг гэдэг ч юм уу. Ямар тохиолдолд охидод асуудал тулгарсаар байгаа юм. Тиймээс дотоод гоо сайхан, өөрийнхөө гоо сайхныг хүлээх зөвшөөрөх нь эргээд охид өөрсдөө хүчирхэг, сэтгэлийн тэнхээтэй, хаттай болох тэр эхлэл гэж харж байгаа юм.
Чуулганд хэн оролцох боломжтой вэ?
Энэ удаагийн чуулганд 1000 охиныг оролцуулахаар төлөвлөсөн. Тиймээс бүртгүүлээд хүссэн хүн бүр оролцох боломжтой. Эрэгтэй хүүхдүүд, ээж, аавууд оролцож болно. Охидод тулгамдаж буй асуудал нь зөвхөн тэдэнтэй холбоотой биш. Бүгдэд хамааралтай, хамтаараа шийдэх, оролцож байж шийдэгдэх, нөхцөл байдал дээрдэх тийм зүйлс байдаг.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Komentar