11 настай М.Хулан: Хэт их цахим хэрэглээг сөрж “Тэрслүү хөтөч” номын пэйжээ эхлүүлсэн
Номын амт, үгийн яруу тансагт нэгэнт дурлаж, түүнийгээ бусадтай хуваалцах том зорилго тээн “Тэрслүү хөтөч” хэмээх фэйсбүүк хуудсыг ажиллуулж, ном унших эрдэмд бусдыг үлгэрлэн хөтөлж буй Мөнхбаярын Хулантай ярилцлаа. 11 настай сурагч М.Хулан “Манай сургуулийн коридороор явж байгаа бүх хүүхдүүд утасныхаа дэлгэцийг ширтээд, нэгэнтэйгээ огт юм ярихгүй байх нь элбэг. Тийм учраас хамгийн их хэрэглэдэг цахим сүлжээгээр нь дамжуулаад үе тэнгийн найзуудаа ном унших дадалд уриалахыг хүссэн” гэж ярьсан юм.
Анх яагаад номын талаар ярьдаг фэйсбүүк хуудас ажиллуулахаар шийдсэн бэ?
“Тэрслүү хөтөч” хуудсаа 2024 оны арваннэгдүгээр сард нээсэн. Орчин үед хүүхдүүдийн цахим хэрэглээ их болсон. Тийм учраас хамгийн их хэрэглэдэг зүйлээр нь дамжуулаад ном уншихыг уриалахыг хүссэн. Цахим хэрэглээ илт давамгайлсан энэ үеийг сөрж буй учир “тэрслүү”, ном уншихад уриалж , бусдыг хөтөлж, дуудах зорилготой болохоор “хөтөч” гэж нэрлэсэн. Найзуудтайгаа ном уншиж, номын тухай ярилцъя гэсэн нэг ч хүүхэд байгаагүй. Тийм болохоор ном уншихыг уриалах хэрэгтэй юм шиг санагдсан даа.
Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ? Номд дурлах болсон шалтгаан нь юу вэ?
Намайг бага байхад эмээ маань Орос ардын үлгэр, өвөө маань Монгол ардын үлгэр, аав, ээж маань гадаад зохиолуудаас уншиж өгдөг байсан юм. Тэгээд л заримдаа эмээ үлгэр уншиж байгаад унтаад өгнө. Тэгэхээр нь би өөрөө цээжээрээ мэддэг болохоор яриад л дуусгадаг байсан. Ер нь явсаар байгаад долоон настайгаасаа өөрөө бие дааж ном уншиж эхэлсэн юм байна. Харри Поттер миний хувьд уншсан хамгийн анхны ном. Тэр үед үнэхээр ийм ид шидийн сургууль, ертөнц байдаг бол очих юмсан гэж бодоод догдлоод л уншдаг байсан. Энэ бас миний хамгийн олон удаа давтаж уншсан ном.
Номын тэмдэглэлээ хэзээнээс хөтөлж эхэлсэн бэ?
Найман настайдаа номын тэмдэглэл бичиж эхэлсэн. Уншсан номынхоо гол үйл явдал, дүр, онцлох хэсэг, эшлэлийг тэмдэглэдэг. Жирийн хичээлийн дэвтэр дээр өнгөрсөн жил бичсэн. Энэ жилээс номын тэмдэглэл хөтөлдөг дэвтэртэй болсон. Ном уншиж эхэлснээсээ хойш би 100 гаруй ном уншсан байх. Сардаа ойролцоогоор хоёроос гурван ном уншдаг.
Ном уншиж эхэлснээс хойш чамд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?
Би нэг удаа “Хэрсүү охины өдрийн тэмдэглэл” гээд номын гол дүр нь каратэгээр хичээллээд ямар санагдсан талаараа сэтгэгдлээ өдрийн тэмдэглэлдээ бичсэнийг уншсан юм. Тэгээд би ч гэсэн энэ охинтой адил тулааны урлагаар хичээллэж үзье гэж бодогдсон. Азаар манай гэртэй ойролцоо каратэ клуб байсан. Анх хичээллэж эхлэхэд багш минь гурваас дөрвөн сарын дараа үндсэн техникээ сурна шүү гэж хэлсэн. Тэр үеэ бодвол одоо би шар бүстэй болчихсон.
Номын талаар бэлтгэсэн мэдээллүүдээ бусдад хэрхэн яаж хүргэж байгаа вэ?
Санаачилсан зүйлээ илүү олон хүнд хүрэх зорилгоор өөрийнхөө насны хүүхдүүдийг зочноор уриад, хамт уншсан номынхоо талаар ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж байгаа. Эхний дугаарт нь манай ангийн найз маань оролцсон. Бид хоёр Анна Франкийн өдрийн тэмдэглэлийг уншаад, ярилцсан. Цаашдаа фэйсбүүкээс илүүтэй ном уншдаг клуб болно гэж бодож байгаа. Тэгээд англи хэл дээрх нимгэн номуудаас орчуулж уншсанаа бусадтай хуваалцаад, ярилцдаг болно гэж бодож байна.
Баярлалаа.