top of page

А.Болормаа: 2-3 настай хүүхдэд халбагыг нь зөв бариулж сургах нь олон зөв дадлын эхлэл болдог



Багш, эцэг эхчүүд хүүхэд бүрийнхээ насны онцлогт тохируулан харилцах нь чухал хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл бид энэ удаад гурван настай хүүхдийн насны онцлог ямар байдаг талаарх мэдээлцлийг бэлтгэлээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бүжинхэн цэцэрлэгийн багш А.Болормаа зөвлөхдөө “Би гурван настай хүүхдүүдийн дунд бүлэгт багшилдаг. Энэ насны хүүхдүүдийн суралцахуйн онцлог нь тархины хөгжлийнхөө хамгийн уян үе дээрээ явж байдаг. Хэрэв эцэг эхчүүд эерэг хандлагатай байж чадвал хүүхдүүд таны заасан бүгдийг тогтоож, хүлээж авч чадна л гэсэн үг. Жишээлбэл, эерэг агуулгатай үгсийг олон давтамжтайгаар хүүхдэд зааж өгөхөд маш амархан тогтоож, тархинд нь сууж эхэлдэг. Товчхондоо, тархины хөгжил нь зохион байгуулалтад орж эхэлдэг үе нь юм.

Гурван настай хүүхдийг аливаа зүйлийг сурах, хүлээж авахын тулд хүчтэй, зоригтой ажиллаж чаддаг. “Яагаад, яагаад, би, би” гэсэн асуултыг байнга тавьж эхэлдэг. Тийм учраас хүүхдийг 2-3 насанд нь амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах хэрэгтэй. Тухайлбал, хүүхэд 2-3 насандаа хоолны халбагаа зөв бариад сурчихвал цаашлаад, үзгээ зөв барьж чаддаг болно. Энэ мэтчилэн гурван настай хүүхэдтэйгээ илүү ойр ажиллаж, жижиг дадлуудыг багаас нь сайтар суулгаж өгөөрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөе.

bottom of page