top of page

Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын 25 жилийн ой тохиож байна

Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Комиссын анхны гурван гишүүд тангараг өргөн томилогдсоноор үй ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. 


Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдснаас хойш өдгөө 25 жил улирч, Монгол Улсын эрх зүйн тогтолцоог, Засгийн газрын үйл ажиллагааг илүү хүнлэг, хүний эрхийн зарчимд улам нийцсэн болгох, чиглүүлэх луужин болж, “үл анзаарсныг, үл биелүүлснийг сануулах дохио” болж, “тогтолцооны  онош” тавих үүргээ биелүүлж хүний эрхийн хонх мэт ажиллаж ирлээ.


2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2021 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар Комиссын тухай хуулийн 7 дугаар  зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

Комисс 25 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, зөрчигдсөн асуудлаар нийт 13,431 гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж, 2,105 хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хүний эрхийн асуудлаар 162 судалгаа, дүн шинжилгээ хийж, 354 хууль, тогтоомжийн төсөлд 2255 санал хүргүүлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийг холбогдох санал, зөвлөмжийн хамт УИХ-д өргөн барьж УИХ-аас тогтоол гаргуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.


Энэ хугацаанд ХЭҮК-ын гишүүнээс байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулахаар 659 зөвлөмж, 509 шаардлага хүргүүлж, 2002 оноос хойш төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг гаргуулахаар нийт 4,8 тэрбум төгрөгийг нэхэмжилснээс  557 сая гаруй төгрөгийг, 33 нэхэмжлэлд  иргэдэд учирсан сэтгэл санааны хохиролд  3,3 тэрбум төгрөг нэхэмжилснээс  247 сая гаруй төгрөгийг тус тус шүүхээс  олгохоор шийдвэрлэсэн. Мөн хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр 269,401 хүнийг хамруулан 4,848  удаагийн хүний эрхийн сургалт зохион байгуулсан бөгөөд 1236 хүнийг хүний эрхийн сургагч багш бэлтгэх 46 удаагийн сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгосон. 


Олон талт хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2002 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ы 10 дахь гишүүнээр, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны “А” статус бүхий бүрэн эрхт гишүүнээр 2003 онд элссэн бөгөөд 2005, 2015 онд АНДЧ-ны ээлжит хурал зохион байгуулж, 2005-2008, 2015-2018 онд АНДЧ-ны даргаар, 2022-2024 онд орлогч даргаар тус тус ажилласан.


Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Комисс нь хүний эрхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой бүлгийн эрхийг хамгаалах, олон улсын хүний эрхийн механизмуудад Монгол Улсын оролцоог хангах, үндэсний хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн билээ.


Хүндэтгэлийн хуралд УИХ, Засгийн  газрын гишүүд, хамтран ажиллагч төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгч 300 гаруй хүн оролцож Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны эхлэл, ололт, сорилт, тулгамдаж буй асуудал,  Хүний эрхийг хамгаалах тогтолцоонд Комиссын эзлэх байр суурь, хүний эрхийг хангах төрийн үүрэг ба хараат бус хяналт зэрэг асуудлаар илтгэл мэдээлэл танилцуулж санал солилцох юм.


Хүний эрхийн Үндэсний Комисс нь цаашид хүний эрхийн хамгааллын үндэсний тогтолцоог улам бэхжүүлэх, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг бодитоор хангах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэх болно.


Эх сурвалж: ХЭҮК

Comments


bottom of page