top of page

Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Sep 3
1 min read

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг өнөөдөр буюу есдүгээр сарын гуравнаас улсын хэмжээнд эхлүүллээ. Энэ жилийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ Монгол Улсад томуугийн дэгдэлт ихэвчлэн аравдугаар сараас эхэлж, нэгдүгээр болон хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж байна гэлээ.

Өнгөрсөн онд Засгийн газар 300 мянган хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан байна. Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулахаар төлөвлөжээ.

Томуугийн вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй хийх юм.

Энэ жилийн вакцин нь ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакцин бөгөөд Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ.

Мөн судалгаагаар нэгээс таван насны хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулснаар, томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Дархлаажуулалтын ажлыг улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн байгууллагын 1300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн зохион байгуулах юм.

Comments


bottom of page