Өнөөдрийн онцлох үйл явдлын мэдээг товчоор
- child.mn

- Nov 13
- 2 min read
Child.mn/Хүүхэд.мн сайтаас өнөөдөр өрнөсөн хүүхэд, гэр бүл, хүний эрхтэй холбоотой салбарт өрнөсөн үйл явдлын мэдээллийг товчоор хүргэж байна.
Хоёр ээлжээр хичээллэх сургуулийн тоо нэгээр нэмэгдэв

Сонгинохайрхан дүүрэг дэх 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Сургуулийн ээлжийн ачаалал буурч хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрджээ.
365 анхаарч хаярлая! аян эхлэв
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25
байгууллагатай хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлжээ. Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас үүдэлтэй байдаг нь энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсныг
Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт хяналт, шалгалт хийжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн төрийн байгууллагын дарга, төрийн захиргааны албан хаагчдад "Хүний эрхийн үндэсний индекс тооцох аргачлал"-ыг танилцуулж, санал солилцов. Түүнчлэн, ажлын хэсэг Төв аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газрын хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.
Алхаад явж байсан хүүхдүүд хамгийн их зам тээврийн осолд өртжээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын нэгний өдрийн байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртжээ.
Хүүхдийг үл хайхарсан, хүчирхийлсэн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчил, хэрэг хамгийн их бүртгэгджээ

Прокурорын байгууллагаас 2025 оны эхний 10 сарын байдлаар “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж үзэхэд дээрх хугацаанд нийт 6507 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс Нийслэлд 4369, орон нутагт 2138 бүртгэгджээ. Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 96.5 хувь буюу 6285 бүртгэгдсэн нь хамгийн их байна.
"Захиа ирлээ" буланд түүхээ илгээгээд Цөмөөхэй үзэх тасалбар аваарай

Child.mn/Хүүхэд.мн сайт хүүхдүүдэд өөрийн дуу хоолойгоо аюулгүй байдлаар илэрхийлэх боломжийг олгосон "Захиа ирлээ" буланг ажиллуулж эхэллээ. Тус буланг идэвхжүүлэх үүднээс 11-р сард ирсэн захиан дундаас өөрийгөө хамгийн сайн илэрхийлж түүхээ илгээсэн хүүхдэд 11-р сарын 29, 30-нд тоглогдох Цөмөөхэй балетыг найзтайгаа үзэх тасалбар бэлэглэхээр боллоо. Тиймээс манай фэйсбүүк, инстаграм хуудас эсвэл news@child.mn хаягаар өөрийнхөө амьдралд тулгамдаж буй асуудлыг эсвэл тухайн асуудлаа даван туулсан түүхээ бичээд илгээгээрэй.
Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх "Шар дарцаг" аян эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
250 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулжээ

Дорнод аймагт хүүхэд хамгааллын "Асуудал, шийдэл" аян өрнөж байна. Аяны хүрээнд Дорнод аймгийн 13 сум, Хэрлэн сумын 11 багийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх зорилгоор эргэн хяналтын ажлыг зохион байгуулж байна. Мөн хүүхэд болон гэр бүлд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, эрсдэлт нөхцөлд өртөх магадлалтай 250 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.



Comments