Энэ хичээлийн жилд сурагчид 4 улирлаар хичээллэнэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдэж, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд шинэ бүтэц мөрдөгдөхөөр болжээ.
Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна. Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилж, өвлийн амралт хэт урт буюу зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг байсан. Харин шинэ бүтцээр хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн сурагчид өвлийн улиралд 12-р сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна. Ингэхдээ ханиад, томууны тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе болон сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзсэн аж.
Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн байна.
Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байх аж.
Бага ангийн сурагчдын зуны амралт 5-р сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6-р сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхлэх юм.



Comments