top of page

Энэ сард ихэнх нутгаар аадар бороо орж, салхи ширүүснэ

  • 59 minutes ago
  • 1 min read

Долоодугаар сарын сүүлээр нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. 

Төвийн аймгуудад агаарын температур олон жилийн дунджийн орчим байна. Сарын сүүлд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Мөн Сэлэнгэ болон Төв аймгийн зүүн, зүүн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орно.

Баруун аймгуудын хувьд Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр агаарын температур олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй. Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт хур тунадас дундаж орчим байх бол бусад нутгаар бага орно. Сарын сүүлээр нутгийн зарим хэсэгт аадар бороо орохыг мэргэжилтнүүд хэллээ.

Зүүн аймгуудад энэ сард хамгийн сэрүүн байх төлөв ажиглагдаж байна. Хэнтийн баруун хэсгээс бусад нутгаар агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн байна. Мөн Дорнодын өмнөд хэсгээс бусад нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй. Сарын эхээр агаарын температур дунджаас гурваас таван хэмээр доошилж, долоодугаар сарын туршид хэд хэдэн удаа аадар бороо орох, салхи ширүүсэх төлөвтэй байна. 

Харин говийн аймгуудад олон жилийн дунджаас дулаан байна. Сарын сүүлээр Өмнөговь аймгийн баруун хэсгээс бусад нутагт дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, аадар бороо, аянга цахилгаан, үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Comments


bottom of page