Энэ онд сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон 12 иргэн гэмт хэрэг үйлджээ

Энэ оны 9-р сарын байдлаар цагдаагийн байгууллагад сэтгэцийн эмгэгтэй иргэнтэй холбоотой 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй байж болох иргэдийн хувьд бусдын бие эрх чөлөөнд халдах, хэл амаар доромжлох зэрэг тохиолдол үүсдэг. Цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд тухайн асуудлуудыг холбогдох журмын дагуу шалгаж, дараах арга хэмжээ авч ажилладаг байна.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Баярбилэг:
"Эрүүгийн хуулийн 6.3 дахь хэсэгт хэрэг хариуцах чадварын талаар хуульчилж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргадаг.
Тодруулбал, сэтгэцийн эмгэг болон оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн аюултай чанарыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон иргэнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцдог зохицуулалттай.
Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэгтэй байсан нь тогтоогдвол ял оногдуулахгүйгээр шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авдаг. Нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болсон тохиолдолд эхлээд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, эдгэрснийх нь дараа ял оногдуулдаг хуулийн зохицуулалт үйлчилж байна."



Comments