Электрон тамхи нь хар тамхинд донтох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг
- child.mn

- 3 days ago
- 2 min read

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт. Тамхины улмаас 6 секунд тутамд нэг хүн, насанд хүрэгчдийн 10 хүний нэгийг, жилдээ 5 сая хүнийг үхэлд хүргэж байна. Тамхидалт нь 20-р зуунд 100 сая хүнийг үхэлд хүргэсэн бол 21-р зуунд 1 тэрбум хүний аминд хүрэх тооцоо гарчээ. Жил бүр тамхидалтаас болж нас барж байгаа хүний тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 8 саяд хүрч магадгүй байна. Дэлхийн 1 тэрбум тамхи татдаг хүмүүсийн 80 гаруй хувь нь ядуу буурай болон хөгжиж буй орнуудад амьдардаг.
Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болжээ. Уушгины хорт хавдрын 90-95 хувь, уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь, зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхитай холбоотой. Монгол Улсад тамхины хэрэглээ жил бүр ойролцоогоор 4,300 хүний амь насыг авч, нийт нас баралтын 17 хувийг бүрдүүлж байна. 2024 оны статистик тоо мэдээгээр хорт хавдрын 8169 шинэ өвчлөл оношлогдсоны 6.7%- ийг уушги, гуурсан хоолойн хавдар, 20.7%-ийг улаан хооойн, ходоодны хавдар эзэлж байсан байна.
2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт орсон. Судалгаанаас үзэхэд, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт 4 дахин нэмэгдсэн. Тамхи татаж эхэлсэн нас нь дунджаар 18.9, тамхи татах нас 3 насаар залуужсан байна. Цаг бусын нас баралт, чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх 20 эрсдэлт хүчин зүйлийн 3 дугаарт тамхидалт оржээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад тамхи, ялангуяа шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсөж, импорт нэмэгдэж байгаа бөгөөд хяналтгүй зарагдаж байна. Үүнтэй холбоотой өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Электрон тамхи нь донтолт үүсгэдэг никотин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хром, никель, хар тугалга гэх мэт хүнд металлууд, хавдар үүсгэгч формальдегид, ацетальдегид, акролеин зэрэг хортой бодисуудыг агуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд "Электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай" гэж тусгасан бөгөөд цахилгаан тамхи татах нь янжуур тамхинд орох магадлалыг 7 дахин, хар тамхи хэрэглэх магадлалыг 2 дахин нэмэгдүүлж, донтох эмгэг үүсгэдэг байна.



Comments