“Шүүхийн суваг” маргааш албан ёсоор эфирээ нээнэ

Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Шүүхийн суваг” 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 18 цагаас албан ёсоор эфирээ нээнэ.
Тус суваг есдүгээр сарын 22-ны өдрөөс Юнивишн IPTV-ийн 50-р сувгаар туршилтын цацалтаа эхлүүлсэн байна.
Шүүхийн суваг нь хуульд заасан шаардлага, журмын дагуу нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулахаас гадна шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах ярилцлага, хэлэлцүүлэг, тайлбар болон эрх зүйн боловсрол олгох нэвтрүүлэг, контент бэлтгэн хүргэх юм.
Тус сувгийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах зарчим, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй аж.



Comments