top of page

Шинэ хичээлийн жилд оюутнуудыг голч дүнгээр нь эрэмбэлэн тэтгэлэг олгоно

Aug 27
2 min read

Боловсролын яамнаас шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнуудад олгодог тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт, шинэчлэгдсэн журмын талаар мэдээлэл хийлээ.

Боловсролын зээлийн сангийн захирал П.Зохихсүрэнгийн мэдээлсэнээр 2026 оны 1–6-р сарын хугацаанд батлагдсан хяналтын тоо буюу квотод багтаж чадаагүй байсан 2,700 суралцагчийг нэмж багтааж, нийт 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Үүнд, Багш, ажилтны хүүхдүүд: Квотод багтаагүй байсан 506 суралцагчийн 1.45 тэрбум төгрөг, Орон нутгийн суралцагчид: Орон нутагт суралцаж буй, тэргүүлэх эрэлттэй болон багш мэргэжлийн 1,692 суралцагчийн 3.5 тэрбум төгрөг, Төгсөгчид: 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн 0.9 тэрбум төгрөгийг тус тус олгохоор болсон байна.

Боловсролын сайдын чиглэлийн дагуу, эдгээр суралцагчдаас намар хичээл сонголт хийхэд нь төлбөр шаардахгүй байх, хичээл сонголтыг нь хязгаарлахгүй байхыг их, дээд сургуулиудад даалгасан байна. Мөн БЗС-аас санхүүжилт авах оюутнуудаас сургуулиуд давхардуулан төлбөр авч болохгүй бөгөөд өмнө нь авсан төлбөрийг буцаан олгох ёстойг санууллаа.

Түүнчлэн энэ намрын хувьд багш мэргэжлийн тэтгэлгийг зогсоогоогүй бөгөөд зөвхөн нэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглүүлэн шинэчилжээ. Нэн шаардлагатай мэргэжил гэдэгт 2030 он хүртэл хамгийн их дутагдалтай болох математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, Монгол хэл, уран зохиол, зураг зүй, технологи, орос хэл, түүх, гадаад хэлний багш зэрэг мэргэжилд квотыг голчлон чиглүүлж байгаа аж.

Мөн оюутнуудыг суралцсан голч дүнгээр нь эрэмбэлэн тэтгэлэг олгоно. Ингэхдээ 3.0 – 3.31 голчтой суралцагчид 70 хувийн тэтгэлэг, 3.31-ээс дээш голчтой суралцагчид 100 хувийн тэтгэлэг авах юм.

Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, политехник коллежид 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны 1 хүүхдийг тэтгэлэгт хамруулдаг. Хуулийн энэ заалтын дагуу их, дээд сургууль болон хувийн сургуулийн багш нар энд хамрагдах боломжгүй юм.

Хэрэв багш, ажилтан 14 дэх жилдээ ажиллаж байхад хүүхэд нь 1-р курст элссэн бол дараа жил нь буюу 15 жил ажиллах болзол хангагдмагц 2-р курсээс нь хүсэлтээ гаргаж, тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Шинээр болон үргэлжлүүлэн суралцаж буй оюутнууд БЗС-ийн тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлт, материалаа харьяа сургуулийнхаа сургалтын албанд гаргана. Сургуулийн сургалтын алба шаардлага хангасан өргөдлийг нэгтгэн БЗС-д ирүүлснээр санхүүжилт хянагдаж олгогддог байна. Мөн суралцагч шалгуур хангахгүй эсвэл батлагдсан квотод багтаагүй тохиолдолд сургалтын төлбөрөө өөрөө хариуцах шаардлага үүсэхийг анхаарууллаа.

 

Comments


bottom of page