top of page

Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ

  • 2 hours ago
  • 2 min read

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл сонслоо.

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 5 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөлтэй хамтран зарим өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжид үнэлгээ хийжээ.

Х.Баасанжаргал дарга танилцуулгадаа Өвөрхангай аймаг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэлэг санаачилгыг орон нутагтаа анхлан хэрэгжүүлсэн туршлагатайг онцолсон юм. Тухайлбал, 2001 онд сум, хороодод хүүхдийн ажилтантай болох тогтолцоог эхлүүлж, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг анх нэвтрүүлэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны загварыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Мөн өвөл, хаврын хурдан морины уралдааныг 2017 онд хориглосон нь хүүхдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр болсон талаар дурдав.

Орон нутагт болсон хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх” илтгэлд дурдсан хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулахын ач холбогдлыг онцолсон байна. Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, өөрсдийн эрх, тулгамдсан асуудлын талаар санал хэлжээ. Тэд гэрээс сургууль хүрэх замын гэрэлтүүлэг муу, аюулгүй байдал хангалтгүй, согтуу хүмүүстэй таарах эрсдэлтэй байдаг. Мөн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин дутмаг, золбин нохдын асуудал тулгамдаж буйг хэлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн дэд хорооны гишүүд хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрт хүүхдийн санал, оролцоог бүх түвшинд хангах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, уралдаан тэмцээний ялгавартай шалгаруулалт, насанд хүрэгчдийн архидан согтууралт хүүхдүүдэд эрсдэл учруулж буй талаар хэлэлцсэн байна.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д ирүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-тэй холбоотой санал, дүгнэлт боловсруулснаа танилцууллаа. Үүнд хүүхдийн аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд орон нутгийн байгууллагын хариуцлагыг тодорхой болгох, хүүхдийн оролцоог бодитоор хангах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тусгажээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн тогтвортой байдал, сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулах, орон нутгийн удирдлагын үр дүнгийн шалгуурт хүүхдийн эрх, хамгааллын үзүүлэлт тусгах, “Хүүхдэд ээлтэй байдлын индекс”-ийг тогтмол тооцож, төсөв төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал онцоллоо.

 

Comments


bottom of page